| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 135/2016/01404/И |
| Дугаар | 001/ХТ2020/00306 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2020/00306
М.Цгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 309 дүгээр шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 54 дүгээр магадлалтай,
М.Цгийн нэхэмжлэлтэй,
Н.Б-д холбогдох,
74 043 452 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
22 539 484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгож, эд хөрөнгөд учруулсан хохирол 882 680 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батмөнх, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Н.Б, түүний төрсөн дүү Н.Түвшинбат нарын хамт миний бие Хятад улс руу фитнессийн тоног төхөөрөмж сонирхох, худалдаж авах зорилгоор явсан.
Хятад улсын Шандун мужийн Дэжу хотын Тианжин Фитнессийн тоног төхөөрөмж ХХК-аас 118 368 юаний 33 нэр төрлийн тоног төхөөрөмж худалдаж авахаар Худалдааны гэрээ байгуулсан. Гэрээний дагуу худалдан авсан тоног төхөөрөмжөөс гадна Монгол улсад ирсний дараа худалдаж авсан тоног төхөөрөмжийн эд материалын үнэ 5 157 890 төгрөг болсон. Гэрээний дагуу худалдаж авсан тоног төхөөрөмжийг Монгол улс руу оруулж ирэхэд гаргасан гааль, тээвэр, замын зардал, Дарханд авч ирсний дараа гаргасан түрээсийн ажлын байрнуудын барьцааны төлбөр, түрээсийн төлбөр, “Транскапитал” ББСБ-аас авсан зээлийн хүү нийт 59 335 928 төгрөг болсон. Миний бие энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулж үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байж байхад ажлын байрнаас минь хөөн гаргаж фитнессийн тоног төхөөрөмж, эд материалыг минь булаан авч өөрийн эд хөрөнгө мэт ашиглаж үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаа өнгөрөөд байна.
Иймд иргэн Н.Боос Хятад улсаас Худалдааны гэрээний дагуу бүх төлбөрийг нь төлж Монгол Улсад оруулж ирсэн 33 нэр төрлийн фитнесс тоног төхөөрөмжөөс шүүхээс томилогдсон хөрөнгө үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн захирал үнэлгээчин Я.Батбаярын үнэлж тогтоосон 29 нэр төрлийн тоног төхөөрөмжийн үнэ болох 63 685 562 төгрөг, гэрээнээс гадна худалдан авсан тоног төхөөрөмж эд материалын үнэ 5 157 890 төгрөг, түрээсийн ажлын байрны барьцааны төлбөр 1 000 000 төгрөг, ажлын байрны түрээсийн 2 000 000 төгрөг, “Транскапитал” ББСБ-аас авсан зээлийн хүү 2 000 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 200 000 төгрөг, нийт 74 043 452 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би худалдааны гэрээний дагуу тоног төхөөрөмжийн урьдчилгаа 31 060 юанийг, мөн 50 000 юанийг тус тус төлсөн. Гааль болон бусад зардлыг би төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би өөрийн фитнесс клубт ашиглагдаж байсан хуучин тоног төхөөрөмжөө шинэчлэх зорилгоор анх Голомт банкнаас 40 сая төгрөгийн зээл авах гэтэл М.Ц нь хамтран зээлдэгчээс татгалзаж, уг зээлээ авч чадаагүй. Дахин ХААН банкинд судлуулж, зээлийн гэрээ байгуулан Бодибилдингийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 37 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлийг авахдаа зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг дахь ТЗ-ын 15 дугаар байрны 2 өрөө орон сууц, өөрийн эзэмшлийн хүнд даацын авто кран, бодибилдингийн хуучин тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгөө барьцаалан миний аав Н.Ножоо хамтран зээлдэгчээр гэрээ байгуулж зээл авсан.
Тэр үед нэгэнт өвөл болсон, нөгөө талаар аавын минь бие гэнэт муудаж 2-3 удаа хагалгаанд орж хүндэтгэн үзэх шалтгаан гарсан, мөн хэлмэрч, газарчин болох дүү Н.Түвшинбат Шанхайд суралцаад ирэх боломжгүй байсан учраас Хятад улс руу явж бодибилдингийн шинэ тоног төхөөрөмж захиалах ажил хойшлогдсон. Дараа нь Голомт банкнаас 11 250 000 төгрөгийн зээл авч, нэмж тоног төхөөрөмж авах зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл нэмж авсан. Миний бие Найман шарга нэртэй валют арилжааны газарт очиж 24 сая төгрөгөө юань болгон солиулахад 80 000 юань болсон. Хятадад очоод 46 ширхэг нэр төрлийн бодибилдинг дасгалын тоног төхөөрөмж үзэж өөрт хэрэгтэй гэсэн тоног төхөөрөмжийг авахаар захиалж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа үнэ болох 30 хувь 31 060 юань бэлнээр өгсөн, тоног төхөөрөмжөө үйлдвэрлээд бэлэн болсны дараа үлдэгдэл 70 хувийг төлөхөөр тохиролцон миний ажиллуулдаг байсан Макс фитнес клубын нэр дээр гэрээ хийсэн.
Миний бие 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төгсбуян орших аавынхаа өгсөн нэрээр 5 гишүүнтэй төрийн бус байгууллага байгуулан үйл ажиллагаа явуулж байтал надтай урьд нь хамтран ажилладаг байсан М.Ц нь данс тооцоо барьдаг байсан. Гэтэл миний ХААН банкны төлөлт хийгээгүйгээс болж хэрүүл, маргаан эхэлсэн. М.Ц нь над руу дайрч давшлан, хэл амаар доромжлон намайг орлого бизнесгүй болгох, найз нөхөд, үйлчлүүлэгчгүй болгохын тулд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж ажлын нэр хүнд, нэр төрд минь халдаж эхэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр М.Ц нь миний үйл ажиллагаагаа явуулж байсан фитнес төвд ирж 3 ширхэг зам, хянах самбар, зөөлөвчтэй 2 ширхэг буйдан сандал зэргийг хутгаар урж эвдэж цаашид ашиглах боломжгүй болгосон. Фитнесийн үйл ажиллагааг хэрхэн явуулдаг туршлагыг надаас суралцаж цаашид бие дааж үйл ажиллагаа явуулах боломжтой гэж М.Ц үзсэнээр тусдаа үйл ажиллагаа явуулах болсон юм.
Энэ талаар Цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 16 тоот тогтоолоор хамтран амьдарч байсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. М.Ц нь миний 24 сая буюу 80 000 юаньд худалдан авсан тоног төхөөрөмжүүдийг өөрийн мөнгөөр авсан гэж худал бичиж надаас миний өмчийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Харин ч миний хувьд дээрх тоног төхөөрөмжүүдийг өөрийн өмч гэдгийг тогтоолгохоор өмчлөл тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. Үндэслэл нь би 80 000 юань худалдаж авсан. Үүнээс дасгалын тоног төхөөрөмжийн урьдчилгаа 30 хувь буюу 9 721 780 төгрөгийг би төлж үлдэгдэл мөнгөнөөсөө хоол, унаа, замын зардалд зарцуулсан бусад мөнгийг буцааж авч ирж хадгалж байгаад, найз нөхөд, эгчээс мөнгө нэмж үлдэгдэл 70 хувь буюу 50 000 юанийг гэрээний дагуу Хятадын компани руу шилжүүлсэн.
Харин Хятад руу М.Ц хамт явъя гэж гуйгаад Бээжингээс гутал, цүнх авч ирэх шаардлагатай байна хэл ам мэддэг хүнтэй явж байгаа юм чинь гэсэн. Миний дүү Н.Түвшинбат хэлмэрчээр явсан. Тухайн үед М.Ц үйлдвэр дээр нь очсон үедээ ийм сайхан төхөөрөмж захиалгаар хийдэг үйлдвэр байдаг юм уу би нэгэнт ирсэн дээрээ TZ-7009 маркийн спиннинг дугуй 15 ширхэг нийт 6 887 062 төгрөгийн, TZ-8004 маркийн гантель, туухай 72 кг нийт 191 160 төгрөгийн, бүгд 7 078 222 төгрөгийн төхөөрөмж захиалсан. Мөн иогийн хувцас хэрэглэл нийт 3 757 416 төгрөгийн хувцас эд зүйлс барааг худалдахаар худалдан авсан. Үлдэгдэл мөнгөндөө гутал, цүнх худалдан авч Дархан их дэлгүүрийн 5 давхарт байрлах өөрийн лангуундаа тавьж худалдагчаараа заруулж байсан. Энэ болгоныг хамт явсан дүү минь гэрчилнэ. Би гүйлтийн зам 2 ширхгийг Улаанбаатар хот руу Кiber sport shop дэлгүүрээс нэг бүрийг нь 1 600 000 төгрөгөөр, улаан бүрээс 50 000 төгрөгөөр, бүгд 3 250 000 төгрөгөөр худалдаж авсан.
М.Ц нь өөрийнхөө шилжүүлсэн болон авч явсан мөнгийг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан эд зүйл худалдан авсан байтлаа миний худалдан авсан дасгалын тоног төхөөрөмжийг өөрийн мөнгөөр авсан мэтээр хүмүүсийг төөрөгдөлд оруулж худал үнэмшилгүй зүйл бичиж байгаад харамсаж байна. М.Ц нь миний худалдан авсан тоног төхөөрөмжүүдээс аль үнэ шингэсэн одоо хүний хэрэгцээнд чухлаар хэрэглэгдэж байгаа төхөөрөмжүүдийг авах гэсэн оролдлого хийж байна. Сөрөг нэхэмжлэлд түүний надтай маргаан үүсгэсэн тоног төхөөрөмжүүдийн талаар өмчлөл тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Тиймээс миний бие дараах бодибилдингийн тоног төхөөрөмжүүдийг Н.Бын өмч мөн гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: TZ-6001 маркийн суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг 1 193 757 төгрөг, TZ-6002 маркийн суугаа гуяны сунгалтын төхөөрөмж 1 ширхэг 1 193 757, TZ-6013 маркийн гарын 2 толгойн булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1 193 757 төгрөг, TZ-6017маркийн суултын төхөөрөмж 1 ширхэг 1 696 812 төгрөг, TZ-6023 маркийн цээж шахалтын вандан 1 ширхэг 479 100 төгрөг, TZ-6042маркийн тэмээ төхөөрөмж 5 үйлдэлтэй 1 ширхэг 4 192 125 төгрөг, TZ-6044 маркийн хэвтээ хөл 2 хөлний болон толгойн төхөөрөмж 1 ширхэг 1 193 757 төгрөг, TZ-6047 маркийн цээжний эрвээхэй төхөөрөмж 1 ширхэг 1 253 645 төгрөг, TZ-6050 маркийн 3 толгойн гарын булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1 193 757 төгрөг, TZ-6063 маркийн дээрээс нуруу татах төхөөрөмж 1 ширхэг 994 132 төгрөг, TZ-8012 маркийн тэгш гар штанг 20 кг, 25 кг, 30 кг, 35 кг, 40 кг нийт 5 ширхэг 583 903 төгрөг, TZ-6060 маркийн цээж шахах төхөөрөмж 1 ширхэг 994 132 төгрөг, 100569 маркийн өргөлтийн штангийн диск 2, 5, 10, 15, 20 кг жинтэй 4 иж бүрдэл төхөөрөмж 1 676 850 төгрөг, гүйлтийн зам 2 ширхэг 3 200 000 төгрөг, хөгжим, микрофон, диско гэрэл нь иж бүрдэл бүгд 1 500 000 төгрөг зэрэг 22 539 484 төгрөгийн нэр бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмж болон зарим эд хөрөнгийг миний өмч гэдгийг тогтоож өгнө үү.
Мөн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр М.Ц нь миний ажлын байранд орж ирэн зарим тоног төхөөрөмж, эд зүйлсийг эвдэж сүйтгэн намайг эд хөрөнгөөр минь хохироосон энэ талаар тухайн үед цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч бие биенээ таних хамтын амьдралтай гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. М.Цгийн гаргаж байсан үйлдэл нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 тоот Прокурорын байгууллагаас өгсөн мэдэгдэх хуудас, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн газарт гаргасан өргөдөл тодорхойлолт зэргээс тогтоогдсон болно. Миний өмч болох 4 ширхэг гүйлтийн замын хянах самбар, буйдангийн бүрээс, фитнессийн 3 ширхэг тоног төхөөрөмжийн сандлын бүрээсийг хайчаар урж тастсан зэргийн мэргэжлийн үнэлгээний газраас гаргасан эд хөрөнгөд учирсан хохирлын төлбөр 882 680 төгрөгийг М.Цгоос гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч М.Ц сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Б ХААН банкнаас 37 сая төгрөг зээлж, 24 сая төгрөгөөр нь 80 000 юань худалдан авч, маргаж байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан гэжээ. Энэ нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. Н.Б 37 сая төгрөгний зээл авахаасаа өмнө ХААН банкинд 10 гаруй сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд энэ үлдэгдлээ төлж дахин зээл авахын тулд Б.Бат-Эрдэнээс 4 сая төгрөг, С.Мөнхболдоос 2 сая төгрөг, н.Дулмаа, н.Мягмарсүрэнгээс 5 сая төгрөг, Д.Дарханбаатараас 2 сая төгрөг гэх мэт 13 сая төгрөг зээлэн авч 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр банкны зээлийн үлдэгдэл 10 713 792 төгрөгийг төлж хааснаар 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкнаас 37 сая төгрөгийн зээлийг авсан юм. Ингээд зээлж авсан 37 сая төгрөгөөсөө 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эдгээр хүмүүст буцаан төлсөн. Энэ нь Н.Бын дипозит хуулганаас харагдана.
Мөн энэ зээлээсээ 2015 оны 09 дүгээр сард урагшаа Хятад улс руу явах хүртэлх хугацаанд буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 9 сарын хугацаанд зээлийн төлөлт 9 122 400 төгрөгийг төлсөн байна. Мөн энэ хугацаанд аавынх нь биеийн байдал муу байсан учир удаа дараа эрчимтэй эмчилгээ хийлгүүлж байсан. Эмчилгээний зардал нь өндөр байдаг байсан. Зөвхөн 1 уураг хийлгэхэд 1 сая төгрөг болдог байсан. Миний бие Дархан хотноо 2000 оноос эхлэн идэвхтэй хөдөлгөөн фитнесс аэробекийн чиглэлээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн, олон үйлчлүүлэгч гишүүдтэй учир Улаанбаатар хотод шинээр нээгдэж байгаа клубууд шиг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй тохилог, хүмүүсийн сонирхоод байгаа төрөл, иог, спиннинг гэх мэтчилэн олон дасгал хөдөлгөөний сонголттой цоо шинэ фитнесс клуб Дархан хотдоо байгуулах тухайгаа байнга ярьж судалж тооцоо гаргаж байсан.
М.Ц миний бие 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Н.Б болон түүний дүү Н.Түвшинбаттай хамт Хятад улс руу тоног төхөөрөмж судлахаар явахад би Худалдаа хөгжлийн банкны 403140853 тоот данснаас 15 сая төгрөгийг 48 000 юань, харин Н.Б дансандаа байсан 12 сая төгрөгийг 38 400 юань болгон солиулж авч явсан. Би бүх зардлыг даасан. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Тианжин” ХХК-тай худалдах-худалдан авах TZWTZYL2015020 тоот гэрээ байгуулж гэрээний урьдчилгаа 30% болох 31 060 юань буюу 9 721 780 төгрөгийг миний бие М.Ц төлсөн учир мөнгө төлсөн хүний зүгээс М.Ц нь гарын үсэг зурж нөгөө тал тамга тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Н.Б тайлбартаа Макс фитнес нэртэй миний ажиллуулдаг ТББ-ын нэр дээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж бичжээ. “Тианьжин” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Буян-Орших нь ямар ч ТББ байгуулаагүй албан ёсны тамга тэмдэг үгүй байсан.
Н.Б авч явсан мөнгөнөөсөө дүүдээ 600 юань өгч, дүү нь Бээжинд үлдсэн бөгөөд өөрөө үлдэгдэл 37 800 юаньтайгаа буцаж ирсэн. Н.Б нь намайг дагуулж явж газар үзүүлж, лангуунд бараа авсан гэж бичжээ. Дархан их дэлгүүрийн лангуу нь АНУ-аас ирсэн гутал цүнх зардаг зориулалттай. АНУ-аас миний төрсөн дүү М.Цогзолмаа, охин Мөнхгэрэл нар бараагаар хангадаг. Тэгээд ч миний орлого олж байгаа үндсэн ажил минь фитнесс аэробик бөгөөд үүнийгээ өргөжүүлэх зорилгоор Хятад улс руу явсан. Энэ том зорилгоосоо ухарч лангуу мэтийн жижиг зүйл рүү мөнгө үрэхгүй нь ойлгомжтой. 2 дахь удаагийн явалт буюу төлөлт хийхэд М.Ц би 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Мөнгөн гүүр-ээр 70 хувийн төлөлт болох 87 308 юанийг шилжүүлэхэд Н.Б өөрт байсан 37,800 юанийг нэмэрлэсэн. Мөнгөн гүүрээр нэг хүн өдөрт 50 000 юаниас дээш мөнгө гуйвуулга хийх боломжгүй гэхэд 3 хэсгээр буюу 50 000 юань, 21 253 юань, 16 253 юань болгож гуйвуулахдаа М.Ц би бүх баримтыг өөрийн гараар үйлдэж, 50 000 юань дээр Н.Бын гарын үсгийг зуруулсан юм. М.Ц миний бие тоног төхөөрөмж авахад Хятад улсаас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 31 060 юань 9 721 780 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 70 хувь төлөхөд 49 508 юань буюу 15 592 544.6 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Трансматор 150 юань, 47 250 төгрөг, камер 350 юань буюу 119 700 төгрөг, диско гэрэл 450 юань буюу 147 750 төгрөг, микрофон 480 юань буюу 151 200 төгрөг, Монгол улсаас 2015 оны 11 дүгээр сары 04-ний өдөр гүйлтийн зам 3 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр LG брэндийн систем хөгжим 999 990 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хаяг хийлгэсэн үнэ 300 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр толины хүрээ 100 000 төгрөг, цагаан хуулга 48 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр лед гэрэл 100 000 төгрөг, өдрийн гэрэл 120 000 төгрөг, супер цоож 30 000 төгрөг, Гааль тээврийн зардал 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Тээврийн гэрээ /Дэжоу-Эрээн/ 6 800 юань буюу 2 142 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн зардал /Эрээнээс Замын-Үүд/ 3 800 юань буюу 1 193 200 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн хяналтын бүсийн төлбөр 5 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн бүрдүүлэлт 94 000 төгрөг, орчуулга 6 000 төгрөг, Гаалийн татвар 989 430 төгрөг, Гаалийн төлбөр 993 030 төгрөг, Түрээсийн байрны барьцаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3 давхарын барьцаа 1 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4 давхарын барьцаа 500 000 төгрөг, Байрны түрээсийн төлбөр 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3 давхарын түрээсийн төлбөр 2 000 000 төгрөг, “Транскапитал” ББСБ-ын зээлийн төлбөрийг тус тус төлсөн болох нь нотлох баримтаар нотлогддог.
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М.Ц миний бие 2 ширхэг гүйлийн зам худалдан авахад урамшуулалд нь 2 ширхэг гүйлтийн замны хянах самбар өгсөн. Н.Бын клубдээ хэрэглэж байсан 2 гүйлтийн замны хянах самбар эвдэрсэн учир М.Ц би урамшуулалд нь авсан хянах самбараа өгч солиулсан. Энэ солиулсан самбараа буцаан авсан. Н.Бын клубдээ хэрэглэж байсан налуу хэвтээ шахалтын бандан сандал, цээж урдаас шахалтын бандан сандал, цээж дээрээс шахалтын бандан сандал, хэвлийн шахалтын бандан сандал, суугаа шахалтын бандан сандлууд нийт 5 ширхэг анх хар өнгийн бүрээстэй байсан. Үүнийг М.Ц миний бие улаан өнгийн Солонгос ледрин 5 метрийг 30 000 төгрөгөөр худалдан авч “Боос савхи” ХХК-ийн оёдолчин С.Отгонбаяраар эсгүүр хийлгэж оёулж шинэчилсэн. Ажлын хөлс 180 000 төгрөгөнд нь 3 сар үнэгүй спиннинг, аэробект явуулсан. Ингэж солихдоо хар өнгийн бүрээсийг хуулж авсан. Н.Бын нэхэмжилж байгаа бандан сандлуудад ямар нэгэн эвдрэл гэмтэл хохирол учраагүй хар өнгийн бүрээстэйгээ үлдсэн одоо хэвийн ашиглагдаж байгаа. Н.Бын клубдээ тавьж байсан буйдангийн бүрээс хуучирч муудсан, сэмэрсэн, цоорсон, хиртсэн, үзэмжгүй байсан тул М.Ц би бор өнгийн ледрин, парлон, шруп, хадаас, кноп зэргийг 54 000 төгрөгөөр худалдан авч, Ray салоны оёдолчин С.Туяагаар цоо шинэ буйдан болгон оёулсан. Ажлын хөлсөнд 180 000 төгрөгт 3 сар үнэгүй спиннинг, аэробект явуулсан. Одоо буйданг Н.Б хэрэглэж байгаа гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 101 дүгээр зүйлийн 101.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч 22 530 195.7 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Цд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 51 513 256.3 төгрөгт холбогдох хэсгийг, 22 539 484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 882 680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603 780 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 274 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Боос 270 601 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Цд олгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 54 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн 309 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Н.Боос 26 877 324 төгрөг гаргаж, нэхэмжлэгч М.Цд олгож, нэхэмжлэлээс 47 166 128 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагч Н.Бын М.Цд холбогдуулан 22 539 484 төгрөгийн үнэ бүхий 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учирсан хохирол 882 680 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт, тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “270 601” гэснийг “292 336” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415 520 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгож, хариуцагчаас төлсөн 238 919 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 309 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 54 дүгээр магадлалыг тус тус нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч, дараах ундэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэг. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар анхан шатны шүүх “Н.Б, М.Ц нар нь хамтран амьдрах хугацаандаа Хятад Улсаас болон Монгол Улсаас дээрх фитнесийн тоног төхөөрөмж болон бусад эд зүйлсийг худалдан авсан нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д заасны дагуу М.Ц нь өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. Зохигчид худалдан авсан тоног төхөөрөмж, эд зүйлсийн хувьд маргаагүй, харин талууд тухайн тоног төхөөрөмжийг худалдан авахад хэн хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаар маргасан болно гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд гэрээгээр хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төрөл болон зорилгоо тодорхойлох үүрэгтэй. Талууд хамтын ажиллагаанд хэрхэн оролцох талаар харилцан тохиролцоонд хүрч чадаагүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ гэж Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.3-т заасан тул гишүүний оролцооны хэлбэрийг тодорхойлох асуудал нь энэхүү гэрээний гол нөхцөл болдог учиртай. Нэхэмжлэгч М.Ц тайлбартаа маргалдах хүртэл бидний данс тооцоо тус тусдаа байсан гэж дурдсанаас үзвэл хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.
Энэ талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т буцаан шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй” гэж үзсэн.
Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан 2 төрлийн аль нь болохыг тодорхойлж, улмаар үр дагаврыг зөв тооцоолоогүй. Тодруулбал хамтран дундаа өмчлөх, эсхүл өөрт ногдох хэсгийг өмчлөх эрхийн аль нь болохоос хамаарч үр дагавар нь харилцан адилгүй байдаг.
Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль зүйн үндэслэлийг хэрхэн дүгнэж байгаа талаар тайлбарлаагүй атлаа Иргэний хуулийн 476, 478 /Хамтран ажиллах/ дугаар зүйл болон 492 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ дүгээр зүйлийг тус тус удирдлага болгосон. Зохигчид тус тусдаа данс тооцоотой байсан нь Иргэний хуулийн 476, 478 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллаагүй, тэр талаар гэрээ байгуулагдаагүй гэж үзэх нь өрөөсгөл юм. Нэгэнт нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас фитнесийн тоног төхөөрөмж худалдаж аваад өмчлөгч болсон байтал өмчлөх эрхтэй холбоотойгоор бус хуулийн 492 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж байгаа нь магадлал хууль ёсны болоогүйг харуулж байна.
Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаа болсон гэж үзэж байна.
Хоёр: Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:
Анхан шатны шүүх “Зохигч талууд Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороо, 41 дүгээр байрны оффис үйлчилгээний төвийн 2, 3 дугаар давхрын талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан ба уг түрээсийн барьцаанд нэхэмжлэгч 1 000 000 төгрөг төлсөн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг ба харин түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөг, “Транскапитап” ББСБ-аас авсан зээлийн төлбөрт 2 000 000 төгрөг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх “Байрны түрээсийн төлбөр болон түрээсийн барьцааны төлбөрт төлсөн 1 000 000 төгрөг + 2 000 000 төгрөг нэхэмжилснийг хангах боломжгүй. Зохигчид нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан байр талбайн түрээсийн гэрээний түрээслэгч ба уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ байх тул гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийг хариуцагч хариуцахгүй, “Транскапитал” ББСБ-аас авсан зээлийг нэхэмжлэгч захиран зарцуулж ашигласан учир мөн хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй” гэж үзсэн.
Гэтэл нэхэмжлэгч нь түрээсийн барьцаа төлбөр төлсөн баримт /3-р хх-198/, түрээсийн төлбөр төлсөн баримт /3-р хх-199-200/, “Транскапитал” ББСБ-д зээл төлсөн баримт /1-р хх-33- 42, 213-216, 3-р хх-184-190/ зэргийг нотлох баримт баримтаар гаргаж өгсөн боловч шүүх хэргийн материалд оруулалгүй тусгаарласан. Дээрх баримтыг шүүхэд гаргаж өгсөн нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1374 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл /3-р хх-68/-д бүрэн тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүх талуудын гаргаж өгсөн баримтуудыг хавтаст хэрэгт бүрэн оруулах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар үндэслэх хэсэгт дээрх нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах ёстой. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж дээрх баримтуудыг үнэлээгүй.
Харин давж заалдах шатны шүүх ямар хууль зүйн үндэслэлээр дээрх төлбөрийг хариуцагч төлөх ёсгүй гэдгийг огт дурдаагүй. Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 12-н өдрийн “Байр талбайн түрээсийн гэрээ”-ний дагуу барьцааны төлбөрт 1 000 000 төгрөг, түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөгийг, мөн фитнесийн тоног төхөөрөмж худалдан авахдаа “Транскапитал” ББСБ-аас зээлсэн мөнгийг одоо хүртэл хувиасаа төлсөн байтал анхан болон давж заалдах шатны шүүх огт анхаарч үзээгүй байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь дээрх гэрээ байгуулагдсаны дараа нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо муудалцсаны улмаас хариуцагч, түүний хамаатан нар нэхэмжлэгчийг доромжилж, хүч хэрэглэн тус газраас хөөж гаргасан. Улмаар хариуцагч өөрийн дүүгийн хамт 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дахин түрээсийн гэрээ байгуулан дангаараа үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл дээрх нөхцөл байдлыг шүүх огт тодруулаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн анхан шатны шүүх “Тианжин фитнесийн тоног төхөөрөмж” ХХК-аас авсан төхөөрөмжийн үнэ 118 368 юанийн урьдчилгаа 31 060 юаныг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр М.Ц, үлдэгдэл 87 308 юанийг 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр “Мөнгөн гүүр” ББСБ-аар дамжуулан М.Ц 21 055 юань, 16 253 юань, хариуцагч Н.Б 50 000 юань тус тус төлсөн болох нь хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж үзсэн.
Давж заалдах шатны шүүх “Тоног төхөөрөмжийн нийт үнэ 118 368 юань буюу 37 219 434 төгрөгийн 68 368 юань буюу 21 467 552 төгрөгийг М.Ц, 50 000 юань буюу 15 700 000 төгрөгийг Н.Б төлсөн болох нь “Мөнгөн гүүр” ББСБ-ын мөнгөн гуйвуулгын баримт болон худалдагч талын мөнгө хүлээн авсан баримтаар, Монголоос :худалдан авсан тоног төхөөрөмж эд зүйлсийн үнэ 5 157 890 төгрөгийг М.Ц төлсөн болох нь М.Цгийн гарын үсэг бүхий баримтаар тус тус тогтоогдсон тул М.Цгоос гарсан мөнгөний хэмжээгээр Н.Быг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ” гэж дүгнэсэн.
Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Н.Бийн төлсөн төлбөрийг 50 000 юань гэж үзэхдээ “Мөнгөн гүүр” ББСБ-ын мөнгөн гуйвуулгын баримт, гэрч Галт-Эрдэнийн мэдүүлгийг тус тус үнэлсэн. Харин хэргийн материалд байгаа “Мөнгөн гүүр” ББСБ-ын нийтэд мэдэгдсэн анхааруулга /2-р хх-94/, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 56 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-44/ зэрэг нотлох баримтыг харьцуулан дүгнэж, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Мөн гэрч Галт-Эрдэнийн мэдүүлэгт дурдсан 10 000 000 төгрөг нь хэрхэвч 50 000 юань хүрэхгүй бөгөөд нэхэмжлэгч М.Цгийн тайлбарт дурдсан 37 800 юань байж болохоор байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Н.Б 50 000 юанийг төлсөн гэх төлбөрийн эх үүсвэрийг бүрэн нотолж чадаагүй.
Давж заалдах шатны шүүх фитнесийн тоног төхөөрөмжийн үнийг төлсөн нь “Мөнгөн гүүр” ББСБ-ын мөнгөн гуйвуулгын баримт болон худалдагч талын мөнгө хүлээн авсан ямар баримтаар нотлогдож байгааг огт дурдаагүй. Учир нь худалдагч буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компаниас тоног төхөөрөмж худалдан авсан талаар нэхэмжлэгч, хариуцагч нар өөр өөр баримт гаргаж өгсөн, “Мөнгөн гүүр” ББСБ-ын аль баримтаар дээрх мөнгө төлсөн нь нотлогдсон нь тодорхойгүй байна. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчээс төлсөн зардал тээвэр, гааль, татвар, орчуулга, хаяг, хоол гэх мэт болох 5 723 846 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс хэрхэн дүгнэж, хангахгүй орхиж байгаа талаар магадлалд огт байхгүй байна.
Мөн анхан шатны шүүх “Талуудын хооронд тухайн тоног төхөөрөмжийг худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүсээгүй, мөн тухайн тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулсан бодит зардлыг өнөөгийн зах зээлийн ханшаар тооцон гаргах хууль зүйн үндэслэл байхгүй болно ” гэж үзсэн.
Давж заалдах шатны шүүх “Маргааны зүйл болох тоног төхөөрөмжийг худалдан авахад талууд харилцан мөнгө төлсөн болох нь тогтоогдсон байхад “Капитал зууч " ХХК- ийн хөрөнгийн үнэлгээний хэмжээгээр болон 3 жилийн хугацаанд ашиг олсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй байна” гэж үзсэн.
Тухайн тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсад оруулж ирэхэд гааль, тээвэр, хоол унд, буудал, зам зэрэгт тодорхой хэмжээний зардал гарсан. Дээрх зардлыг нэхэмжлэгч М.Ц төлсөн. Харин тоног төхөөрөмжүүдийг 3 жил гаран хариуцагч Н.Б ашиглаж ашиг олсон. Хэрэв дээрх тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч М.Ц худалдан аваагүй байсан бол энэ бүх төлбөр, зардлыг гаргах ямар ч шаардлага байхгүй. Ямар ч хөрөнгө гаднаас Монгол Улсад орж ирсний дараа нэмүү өртөг шингэдэг. Фитнесийн тоног төхөөрөмж нь хадгалах, ашиглах хугацаа удаан тул үнэлгээ өндөр байдаг. Тиймээс нэхэмжлэгч үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээч томилсон. Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Н.Бийн эзэмшил, ашиглалтад байгаа тоног төхөөрөмжийн үнэ 63 685 562 төгрөг болсон. Энэ бол одоо байгаа зах зээлийн үнэ бөгөөд нэхэмжлэгч М.Ц нь энэхүү үнэлгээгээр өөрт ногдох хэсгийн үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг хувийн хэвшлийн “Капитал зууч” ХХК-ийн дүгнэлт мэтээр үзэж анхаарч үзээгүй нь дутагдалтай.
Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримт бөгөөд 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсны үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой байтал хэт ерөнхий дүгнэлт өгсөн.
Эцэст нь хэлэхэд энэхүү хэрэг маргаан 3 жил гаран үргэлжлэх хугацаанд анхан шатны шүүх 3 удаа, давж заалдах шатны шүүх 3 удаа тус тус шийдвэр гаргасан байдаг. Шүүх хуралдааны явцад анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү хэргээс залхсан, хурдан шийдвэрлэхийг хүссэн дүр зураг ажиглагдаж байсан. Учир нь шүүх хуралдаан эхлэнгүүт зохигчид хоорондоо бус шүүгч нартай мэтгэлцэж, няцаалт өгсөөр дууссан. Угтаа бол анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг нотлох баримтын хүрээнд, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь зохигч, түүний өмгөөлөгчийн мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй байтал өөрсдөө нэг талыг баримталж гаргаж буй шийдвэрээ талуудад тулгах мэт хандаж байгаа нь хараат бус, хөндлөнгийн байх зарчмаа алдагдуулж байна гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй тул Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 309 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 54 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: М.Цгийн нэхэмжлэлтэй Н.Бод холбогдох иргэний хэрэгт дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч М.Ц нь 2015 оны 9, 10 дугаар сард хоёр удаагийн явалтаар Хятад Улсаас өөрийн ажиллуулдаг Дархан Их дэлгүүрийн лангуундаа гутал, цүнх, түрийвч зэрэг брендийн бараа авч ирсэн. Түүнийг хамт явсан Н.Түвшинбат гэрчилдэг. Анхан шатны шүүх хурал дээр миний бие М.Цгийн ажиллуулдаг лангууны түрээс, бараа хүлээн авах хүлээлгэн өгдөг орлогын хар дэвтрийг гаргуулан судлан шилжүүлэхээр хүсэлт гаргасан. Гэтэл Лхагвасүрэн шүүгч хэрэгт холбогдолгүй гээд хүсэлтийг минь хангаагүй. М.Ц нь 30 хувь төлсөн гэх баримтыг сүүлд авчруулсан. Хятад Улсын том компанийн явуулсан гэх баримт үг үсгийн алдаатай, мөн М.Ц үйлдвэрийн тамгын дор сүүлд өөр балаар өөрийн гарын үсгээ зурж өөрийн нэртэй дардасаа дарсан байдаг.
Уг хуурамч баримтыг манай өмгөөлөгч болон би шилжүүлэхээр хүсэлт гаргасан боловч мөн л хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хүсэлтийг хүлээн аваагүй мөртлөө анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа урьдчилгаа 30 хувийг М.Ц төлсөн болно гэж гарсан.
Үүнийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна. 2016 оноос хойш олон шүүх хуралд орсон гэтэл шүүхээр гэм буруутайн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүгч Батчимэг, Оюундарь нар надтай зандрангуй захирангуй харьцаж үгийг минь тасалдуулж илт нэг талыг барин нэхэмжлэгч талын гаргасан хүсэлт бүрийг хангаж, манай талын хүсэлт шүүх бүрэлдэхүүнээс хүртэл татгалзсан өмгөөлөгч болон миний хүсэлтийг удаа дараа хүлээж аваагүйд итгэл минь алдарч эхэлсэн.
М.Ц хэрэг хянан хэлэлцэж байх хугацаанд анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах ажилтан нарт иогийн суртал явуулж байсан байдаг. Үүгээр ч зогсоохгүй бэлтгэлийн хувцас иогийн гудасаа үүрэн ирж, давж заалдах шатны шүүхийн туслахаар дамжуулан шүүгч Нарангэрэл, Оюунцэцэг нарт Иогийн хичээл ордог байсныг үүдний жижүүр танил цагдаагаас сонссон. М.Ц нь хичээл заах нэрээр шүүгч нартай танилцан уг хэрэгт шууд болон шууд бусаар нөлөөлсөн. Бусдын хөрөнгөд шунан үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаатай байгаад харамсаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт үнэхээр гомдолтой байгаа тул гомдлыг минь хянан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 309 дугаартай шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэг. Нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн талаар:
Энэ хэрэгт “Бид TZWTZYL201520 тоот гэрээний үндсэн дээр 31 060 юаний урьдчилгаа хүлээн авсан болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх утгатай “Мөнгө хүлээн авсан баримт” хятад хэл дээр бичигдсэн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн баримтыг хүлээн авах үед М.Ц гэсэн гарын үсэг, нэрийн дардсаа дарсан эсэх дээр талууд дараах байдлаар маргадаг. Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Энэ үедээ би 31 000 юань буюу монгол төгрөгөнд хөрвүүлбэл 9 672 000 төгрөгийн урьдчилгааг өгсөн. Энэ мөнгийг авч явахын тулд би өөрийн эзэмшлийн 2 өрөө байрыг ХААН банкны салбарт хөрөнгө оруулалтын зээлийн барьцаанд тавьж, нийт 27 сая төгрөгийн зээл авсан бөгөөд түүнийгээ Хятад Улс руу явах гэж байгаа тул 81 000 юань болгон солиулан бэлнээр авч явсан юм. Гэтэл энэ мөнгийг Цогзолбоо өөрөө гаргасан мэтээр шүүхийн байгууллагыг хуурч мэхлэн нэхэмжлэл гаргасан байна”, сөрөг нэхэмжлэлдээ “...би 80 000 юань худалдаж авсан...үүнээс дасгалын тоног төхөөрөмжийн урьдчилгаа 30% буюу 9 721 780 төгрөгийг би төлсөн...” /ХХ-164-166/ гэсэн тайлбар өгдөг ба түүний тайлбар нь Н.Бын дансны хуулгаар баталгааждаг /2-р хавтас XX-18-25/ ба уг дансны хуулгаар Н.Б нь 2014 оны 12 дугаар сарын 01-нээс 2015 оны 09 дүгээр сарын 25-ны хооронд 108 653 200 төгрөгийн орлогын гүйлгээ, 106 234 846 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байх ба 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 39 455 499 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 24 000 000 төгрөгийг данснаасаа бэлнээр гаргаж авсан байдлаас үзэхэд /2-р хавтас XX-18-26/, түүнийг мөнгөө юань болгож хадгалсан гэх тайлбарын мөнгөний эх сурвалж нотлох баримт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч М.Ц “... миний бие 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Н.Б болон түүний орчуулагч Н.Түвшинбаттай хамт Хятад Улс руу явахдаа ... би бүх зардлыг даасан ... 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Тианжин” ХХК-тай худалдах-худалдан авах TZWTZYL201520 тоот гэрээ байгуулж гэрээний урьдчилгаа 30% болох 31 060 юань буюу 9 721 780 төгрөгийг миний бие М.Ц төлсөн учир мөнгө төлсөн хүний зүгээс М.Ц нь гарын үсэг зурж, нөгөө тал гарын үсэг зурж баталгаажуулсан юм.” гэж тайлбар өгдөг. Нэхэмжлэгчийн тайлбар үнэмшилгүй байдаг.
Гэтэл уг хятад хэл дээрх баримт дээр мөнгө тушаагч гэсэн утгатай хятад бичиглэл байхгүй байхад нэхэмжлэгч М.Ц нь хожим уг баримтуудын доод хэсгийн хоосон зайд дараа нь нөхөж, гарын үсгээ зурж, нэрийн дардсаа дарсан, мөн бусад баримтууд дээр хожим гарын үсгээ зурсан гэж хариуцагч тал маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ ...2015.09.23-мы өдрийн урьдчилгаа 31 060 юань гэсэн мөнгө тушаагч гэсэн утгатай англи бичиглэл байхгүй, 2015.11.03-ны өдрийн 6 800 юань төлсөн гэх хятад хэл дээрх баримт дээр мөнгө тушаагч гэсэн утгатай хятад бичиглэл байхгүй байхад нэхэмжлэгч М.Ц нь уг баримтуудын доод хэсэгт гарын үсгээ зурсан байдлаас харахад гарын үсгээ сүүлд нөхөж зурсан гэх үндэслэлтэй байгаа тул уг 2 баримтын “Тианжин Фитнесийн Тоног төхөөрөмжийн” ХХК-д үлдсэн дээр М.Ц мөнгө тушаасан тухай тэмдэглэл, гарын үсэг байгаа эсэхийг тогтоох нь энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасныг үндэслэн нотлох баримтуудыг хилийн чанадаас бүрдүүлэх” тухай хүсэлт, “...2015.09.23-ны өдрийн урьдчилгаа 31.060 юань гэсэн мөнгө тушаагч гэсэн утгатай англи бичиглэл байхгүй, 2015.11.03-ны өдрийн 6.800 юань төлсөн гэх хятад хэл дээрх баримт дээр мөнгө тушаагч гэсэн утгатай хятад бичиглэл байхгүй байхад нэхэмжлэгч М.Ц нь уг баримтуудын доод хэсэгт гарын үсгээ зурсан байдлаас харахад гарын үсгээ сүүлд нөхөж зурсан гэх үндэслэлтэй байгаа тул гарын үсэг, бичигт криминалистикийн шинжээч томилуулах тухай” хүсэлтүүдийг тус тус гаргасан боловч “уг нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш байх тул” гэх үндэслэлээр анхан шатны шүүх давж заалдах эрхгүй захирамжуудаар уг хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан.
Учир нь зохигчид мөнгөний баримт дээрх гарын үсгийг гэрээ байгуулах үед зурсан зураагүй гэх харилцан маргаж байгаа тохиолдолд уг мөнгөний баримтын Хятадын талд үлдсэн хувь дээр мөнгө хүлээн авсан гарын үсэг байгаа эсэх, уг гарын үсгийг хэзээ зурсан эсэх, баримтын хорон хувь дээр үзгээр бичиглэл хийсэн нь ямар учиртай зэрэг нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан.
Гэтэл анхан шатны шүүх “хариуцагчаас 22 503 195 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ “...тоног төхөөрөмжийн үнэ 118 368 юанийн урьдчилгаа 31 060 юанийг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр М.Ц .... төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн ба давж заалдах шатны шүүх “... 68 368 юань буюу 21 467 552 төгрөгийг М.Ц төлсөн болох нь ... худалдагч талын мөнгө хүлээн авсан М.Цгийн гарын үсэг бүхий нотлох баримтаар тогтоогдсон тул...” гэж маргаан бүхий нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг гаргахдаа зохигчдын орчуулагчаар явсан гэрч Н.Түвшинбатын “Цогзолбоо өөрийнхөө мөнгөнд Бээжингээс брэндийн цүнх, хувцас авсан. Замын зардал, хоол, буудалд М.Ц мөнгө гаргаагүй, Буян-Орших ах мөнгө гаргаж байсан, тоног төхөөрөмжийн урьдчилгааг Буян-Орших төлсөн” гэх утгатай /XX-16-17, ХХ-65-66, XX-147 шүүх хуралдааны тэмдэглэл/ 3 удаа мэдүүлгүүдийг үнэлэлгүй орхигдуулсан.
Хариуцагч Н.Бын “...нийт 27 сая төгрөгийн зээл авсан бөгөөд түүнийгээ Хятад Улс руу явах гэж байгаа тул 81 000 юань болгон солиулан бэлнээр авч явсан юм” гэх шүүхэд ирүүлсэн тайлбарыг нэхэмжлэгч М.Ц сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа “...Н.Б 37 сая төгрөгийн зээл авахаасаа өмнө Хаан банкинд 10 гаруй сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд энэ үлдэгдлээ төлж зээл авахын тулд ...13 сая төгрөг зээлэн авч 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр банкны зээлийн үлдэгдэл 10 713 792 төгрөгийг төлж хааснаар 2014.12.25-ны өдөр Хаан банкнаас 37 сая төгрөгийн зээлийг авсан юм. Ингээд 37 сая төгрөгөөсөө 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эдгээр хүмүүст буцаан төлсөн ...” гэх тайлбараар хариуцагч Н.Б банкнаас зээл аваад 27 сая төгрөгтэй үлдсэн нь давхар нотлогддог.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Цгийн дансны хуулгыг нотлох баримтаар үнэлсэн боловч хариуцагч Н.Бын дансны хуулгыг үнэлээгүй орхигдуулсан.
Дээрх зохигчдын тайлбар, хариуцагч Н.Бын дансны хуулбарыг харьцуулан үзэхэд Н.Бын ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэлдээ 80 000 юань авч, бэлнээр авч хадгалсан байсан гэх түүний тайлбараар нотлогддог.
Нэхэмжлэгч М.Ц нь иог, фитнесийн буюу хүнийг тураах чиглэлээр эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг /ХХ-60 сертификат/ ба хариуцагч Н.Б нь бодибилдинг фитнесийн /тоног төхөөрөмж ашиглан булчинг томруулах, хөгжүүлэх/-ын чиглэлээр эрчүүдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг болон 2015 оны 11 дүгээр сард зохигчид маргалдаж, нэхэмжлэгч М.Ц иогийн хэрэгслүүд, спинингийн 15 ширхэг дугуйгаа авч явж, хариуцагч Н.Бод бодибилдэнгийн тоног төхөөрөмжүүд үлдсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгч М.Ц нэхэмжлэлдээ “ ... Танилцсанаас хойш маргалдах хүртэл бидний данс тооцоо тус тусдаа байсан” гэх бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх Н.Бын бодибилдингийн тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжлэгч М.Ц төлсөн байна гэж дүгнэсэн нь илт нэг талыг барьсан дүгнэлт болсон.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг зөрчиж, хариуцагч талын эрх зүйн байдлыг дордуулсны улмаас шийдвэр, магадал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Хоёр. Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
Нэхэмжлэгч Т.Цогзолбоо нь Хятад Улс руу хариуцагчтай хамт явж байхдаа мөнгөний баримт болон хоол, буудал, замын зардлын баримтуудыг нь хадгалж үлдсэнээ ашиглан шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө гарын үсэг зурсан нь тодорхой байхад тээвэр, гааль болон бусад зардалд 10 881 736 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл уг баримтууд хэнд хадгалагдаж байсан болон хэнээс шүүхэд гаргаж өгсөн нь чухал биш уг зардлуудыг бодит байдал дээр хэн гаргасан болон юунд зарцуулсан нь шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
Анхан шатны шүүх Эрээн, Монголоос худалдан авсан эд зүйл болон бусад зардалд нийт 10 881 736 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь БНХАУ-аас нэхэмжлэгч М.Ц иогийн хэрэгслүүд, спинингийн 15 ширхэг дугуй авчирсан ба Н.Б нь 29 ширхэг тоног төхөөрөмж авчирсан буюу нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь тоног төхөөрөмж авчирсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хоол, буудал, тээвэр гааль, татварын өрийг хамтран төлөх үүрэг бүхий этгээдүүд юм. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар тоног төхөөрөмж авчрахад гарсан зардлыг зохигчид тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх замын зардлыг бүхэлд зөвхөн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 242.12-д заасныг буруу хэрэглэсэн.
Иймд нийт зардалд 10 881 736 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс 5 440 868 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Хятад улсаас авчирсан тоног төхөөрөмжийн үнэ 118 368 юаниас урьдчилгаа 31 060 юанийг М.Ц бэлнээр төлсөн нь тогтоогдож байна гэж дүгнэж, нэхэмжлэгчийн өөрт үлдээсэн тоног төхөөрөмжийн үнэ 34 558 юанийг хасч, үлдэх 33 810 юань буюу 10 648 459 төгрөг, бусад зардалд 10 881 736 төгрөгийг нэмж нийт 22 530 195 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулахаар шийдвэрлэсэн
Гэтэл давж заалдах шатны шүүх 26 877 324 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчийн өөрт үлдээсэн тоног төхөөрөмжийн үнэ 34 558 юанийг тооцолгүй орхигдуулж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-дэх заалтыг буруу хэрэглэсэн. Ийнхүү тооцооны алдааны улмаас магадлалд 4 347 129 төгрөгийг Н.Боос нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон.
Дээрх байдлыг нэгтгэж дүгнэвэл нэг талаас хариуцагчаас тусдаа тооцоотой хариуцагчийн хамтарч зээл авъя гэхэд “ үгүй” гэдэг, данс тооцоо, баримтандаа маш няхуур ханддаг нэхэмжлэгч М.Ц өөрийнх нь иогийн үйл ажиллагаанд ашиглагдахгүй бодибилдэнгийн тоног төхөөрөмжийн урьдчилгаа 31 060 юанийг хариуцагчийн өмнөөс төлж, дээрээс нэмж 2 хүний бүх зардлыг дааж, нөгөө талаас хариуцагч Н.Б нь өөрийнхөө болон дүүгийнхээ бүх зардлыг эмэгтэй хүнээр даалгуулж яваад, авч явсан мөнгөө бүгдийг нь буцаагаад аваад ирсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үнэмшилгүй байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ гэж найдаж байна.
Иймд тоног төхөөрөмжийн 30 060 юанийн урьдчилгаа буюу 9 782 347 /1 юань= 314.95/ төгрөг, замын зардал 5 440 868 төгрөг, давж заалдах шатны магадлалд нэмж гаргуулахаар заасан 4 347 129 төгрөг буюу нийт 19 570 344 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалаас 19 570 344 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны өгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
М.Ц нь Х.Буян-Оршиход холбогдуулан 74 043 452 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 22 539 484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгож, эд хөрөнгөд учруулсан хохирол 882 680 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 101 дүгээр зүйлийн 101.1., 497 дугаар зүйлийн 497.1.-д заасныг баримтлан хариуцагчаас 22 530 195.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагчаас 26 877 324 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106.1., 497 дугаар зүйлийн 497.1.д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Нэхэмжлэгч М.Ц нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Х.Буян-Орших, түүний дүүгийн хамт БНХАУ руу явж, Шандун мужийн Дэжу хотын Тианжин Фитнесийн тоног төхөөрөмж ХХК-тай фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах Худалдааны гэрээ байгуулж, 118 368 юанийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдаж авсан. Монгол улсад ирсний дараа 5 157 890 төгрөгийн тоног төхөөрөмж нэмж авсан. Хятад улсаас ирэх барааны гааль, тээвэр, замын зардал, хамт явсан хүмүүсийн байр, хоолны зардлыг төлсөн. Энд ирээд түрээсийн байрны барьцааны болон түрээсийн төлбөрийг төлсний дараа хариуцагч нь байрнаас хөөж, эд хөрөнгийг минь булаан авч, өөрийн хөрөнгө мэт ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа тул өөрөөс гарсан зардал, учирсан хохиролд нийт 74 043 452 төгрөгийг гаргуулна, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...БНХАУ-аас Худалдааны гэрээний дагуу авсан тоног төхөөрөмжийн урьдчилгаа 31 060 юань, бараа ачигдсаны дараа 50 000 юань, гаалийн болон бусад зардлыг би төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Иймд нэр бүхий нийт 22 539 484 төгрөгийн үнэтэй бодибилдингийн дасгалын төхөөрөмжийг миний өмч болохыг тогтоож, эд хөрөнгө эвдэж учруулсан хохирол 882 680 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна...” гэж маргасан байна.
Хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нэхэмжлэгч нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилсэн гэж, давж заалдах шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тус тус дүгнэжээ.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байгаагаас хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг өөр өөрөөр тодорхойлсон, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг талуудын тайлбар, үндэслэлд нийцүүлэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй орхигдуулснаас шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Зохигч фитнесийн тоног төхөөрөмжийг худалдан авахаар хамтран ажилласан эсэх, худалдан авсан тоног төхөөрөмжийг ямар үндэслэлээр, хэний өмч гэж үзсэн талаар дүгнээгүй, түүнчлэн талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлд холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хуулиар тогтоосон хэмжээгээр төлсөн эсэхийг хуульд заасан журмын дагуу тооцоогүй байгааг анхаарах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй гэх зохигчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчийн гаргасан гомдолд үндэслэн хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 309 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 54 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал нарын гомдлын заримыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч М.Цгийн 393 800 төгрөгийг, хариуцагч Н.Бын 292 336 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД