Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 0000 |
Дугаар | 221/МА2013/01 |
Огноо | 2013-12-23 |
Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2013 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2013/01
2013 оны 12 дугаар сарын 23 өдөр Дугаар 01 Улаанбаатар хот
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, Ц.Э нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 393 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн холбогдох хэсэгт “Т" ХХК-ийн эзэмшил 1200 м.кв газраас “С” ХХК-ийн өмчлөлийн агуулахын барилгын доорх 187.95 м.кв газрыг хасаж захирамжид өөрчлөлт оруулахыг даалгах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2000 оны 458 дугаар захирамжаар “М” ХХК-д Улсын төв номын сангийн зүүн талд 0,24 га газрыг эзэмших эрх олгосон. 2006 онд “М” ХХК-д 1200 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунган шийдвэрлэсэн. Улмаар 2011 онд “М ” ХХК, “Т” ХХК-иудын хүсэлтийг үндэслэн “Т” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. 2008 онд “М” ХХК нь өөрийн эзэмшил газраас гараашны барилга, хашааг буулгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Иймд захиргааны акт хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Дээд шүүхийн 2007 оны 115 дугаар тогтоолоор “Г” ХХК “С” ХХК-ийн эзэмшвэл зохих газарт 187,92 м.кв агуулахын зориулалттай барилгын газар нь ороогүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан шаардлага, маргааны үйл баримтыг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Манай компаниас өөрийн эзэмшил газар дээр барилга барих зорилгоор агуулахын барилгыг албадан нүүлгүүлэх, газар чөлөөлүүлэх талаар “С” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад шүүх нэхэмжлэлийг хангаж, хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрт “Т” ХХК хууль ёсоор уг газрыг эзэмшиж байгаа гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 393 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн холбогдох хэсэгт “Т” ХХК-ийн эзэмшил 1200 м.кв газраас “С” ХХК-ийн өмчлөлийн агуулахын барилгын доорх 187.95 м.кв газрыг хасаж захирамжид өөрчлөлт оруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа дараах нотлох баримтыг үнэлж дүгнээгүй байна. "С" ХХК-д Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн 7750 м.кв газар нь уг хэмжээндээ хүрэхгүй байгаа тухай хөндлөнгийн байгууллагаас газрын хэмжээ тогтоосон акт, "М" ХХК-д анх газар олгоход "С" ХХК-ийн өмч агуулахын байр байрлаж байгаа нь тэмдэглэгдсэн тухайн үед үйлдсэн схем зураг, Агуулахын байр тэмдэглэгдсэн кадастрын зураг, "М" ХХК-ийн 2000 оны Нийслэлийн Засаг даргад хандсан "...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Үзэсгэлэн чимэглэлийн ар тал, Чойжин ламын музейн баруун тал дахь сул чөлөөтэй газрыг зохих журмын дагуу бидэнд олгож эзэмшүүлнэ үү" гэх өргөдөл зэрэг хэрэг ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлж дүгнээгүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Эдгээр нотлох баримтууд нь "С" ХХК-д Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрх олгосон ч бодит байдал дээр эзэмших байгаа газар нь уг газрын хэмжээнд хүрээгүй байгааг болон дутсан газар нь маргаж буюу 187,95 мкв талбай бүхий газар орж байгааг нотлох нотолгооны ач холбогдолтой байсан. Мөн "М" ХХК анх газар эзэмших эрх хүсэхдээ "сул чөлөөтэй" газрыг гэж тодорхойлон заасан байхад эрх бүхий албан тушаалтнууд агуулахын байр байгаа газрыг мэдсээр байж зориудаар тэдэнд олгосон хууль бус үйлдэл гаргасныг Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулиар хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох үүргээ биелүүлээгүйд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1,-т "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно." гэж зааснаар өөрөө хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй. “С” ХХК-д олгосон газраас агуулахын байрны доорх газрыг "М" ХХК-д олгосноор нэхэмжлэгчийн эзэмшил газар захирамжид заасан хэмжээндээ хүрэхгүй байгаа гэж ойлгогдохоор байхад энэ талаар шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ гүйцэтгэлгүй маргааны үйл баримт тогтоогдсон гэх үндэслэлийг хэт барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 сарын 26-ны өдрийн 393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчээс шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан өмнө гаргасан захирамждаа өөрчлөлт оруулахыг даалгах тухай шаардлагыг гаргажээ. Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 75, Төрийн өмчийн хорооны 1997 оны 116 дугаар тогтоолоор “Ү” УҮГ-ын барилга, зам талбай бүхий хөрөнгийг нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн, 1997 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үйлдэгдсэн хувьчлагдах хөрөнгийн үнэлгээний танилцуулгад барилгын 13 объект түүний дотор 187,95 м.кв талбайтай агуулахын барилга багтсан, дуудлага худалдаанд “Г” ХК ялж, дурдагдсан хөрөнгүүдийг худалдан авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.“Ү я” УҮГ-ыг худалдан авсны дараа “Г” ХХК барилга болоод орчны 0,54 га газрыг Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/16 дугаар захирамжаар, дараа нь “С” ХХК 7750 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар захирамжаар эзэмшиж иржээ. Гэвч тухайн эзэмшиж байсан газруудад 187,95 м.кв талбай бүхий агуулахын барилгын газар орж байгаагүй, харин тухайн газар “М” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2000 оны 458, 2006 оны 363 дугаар захирамжаар эзэмшиж байсан 0,24 га болон 1200 м.кв газруудад хамаарч байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Худалдан авсан агуулахын барилгын доорх газрыг нь бусдад эзэмшүүлсэн гэх үндэслэлээр “Г”, “С” ХХК-ууд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 363 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 115 дугаар тогтоолоор тухайн компаниуд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 3 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар агуулахын барилгыг өмчлөх болон Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй, нөгөө талаар газар эзэмшүүлсэн захирамж, гэрээ, газрын баталгаат хэмжээ тогтоосон акт, кадастрын зураглалын талаар “Г”, “С” ХХК-ууд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй, тиймээс эзэмшил газар нь “М” ХХК-ийн эзэмшил газартай давхацсан гэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн /ХХ-180-183/, Мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 502 дугаар шийдвэрээр “М” ХХК-ийн эзэмшлийн 1200 м.кв газрыг “Г” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэхдээ “Г” ХХК-ийг эрх бүхий байгууллагаар хяналтын хэмжилт хийлгээгүй, агуулахын барилгыг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй гэх үндэслэлээр тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх дүгнэлтийг хийжээ.Дээрх шүүхийн шийдвэр буюу Нийслэлийн Засаг даргын 2006 оны 363 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг шүүх хянан шийдвэрлэсний дараа Нийслэлийн Засаг дарга 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаараа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг үндэслэн 1200 м.кв газрыг эзэмших эрхийг “М” ХХК-аас “Т” ХХК-д шилжүүлжээ.
Хэдийгээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1606 дугаар шийдвэрээр “С” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 187,95 м.кв талбай бүхий хуучнаар “Ү” УҮГ-ын агуулахын барилгын өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн /ХХ-015-018/ боловч мөн шүүхийн 2012 оны 1233 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 703 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 677 дугаар тогтоолоор “Т” ХХК нь Сүхбаатар дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6***/0*** нэгж талбарын дугаартай орон сууц, үйлчилгээний зориулалттай 1200 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан ба газраа дагаж үл хөдлөх хөрөнгө бий болдог, хариуцагч нь хувьчлалаар авсан хэдий ч агуулахын доорх газрын хууль ёсны эзэмшигч биш, “С” ХХК агуулахын барилгын өмчлөгч болохыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 1606 дугаар шийдвэрээр тогтоосон байдал нь талуудын газар эзэмших, ашиглах эрхийн талаар гарсан маргааныг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй талаар дүгнэж, “Т” ХХК-ийн эзэмшлийн газарт байрлах “С” ХХК-ийн 187,95 м.кв бүхий агуулахын барилгыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.Тиймээс “С” ХХК-ийн маргаан үүсгэсэн үйл баримтын талаар дүгнэлт хийсэн шүүхийн дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд Нийслэлийн Засаг дарга “С” ХХК-ийн өмчлөлийн агуулахын доорх газрыг “Т" ХХК-д эзэмшүүлсэн 2011 оны 458 дугаар захирамждаа өөрчлөлт оруулах, шүүхээс ч тийнхүү даалгах боломжгүй байна.
Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.