Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2013/02

 

“М” ХХК, “Д” ХХК-иудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Э.Х, Б, өмгөөлөгч Р.О нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК, “Д” ХХК-иудын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Д" ХХК-д газар эзэмших эрх хууль бусаар давхцуулан олгосон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 235 дугаар захирамжийн "М" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д” ХХК нь анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 тоот захирамжаар 4800 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, 22-н товчооны баруун талд аж ахуйн зориулалтаар, мөн 2005 оны 6 дугаар сарын 24-ний 233 дугаар захирамжаар хугацаагаа 5 жилээр, 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 475 дугаар захирамжаар мөн хугацаагаа 5 жилээр сунгуулсан. Тус компани нь 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн газрын албанд /хуучин нэрээр/ газрын хэмжээг сунгах хүсэлт гаргасны дагуу 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 тоот захирамжаар талбайн хэмжээгээ өөрчлөн, 11268 м.кв газар эзэмшиж байгаа болно. “Д” ХХК нь өнөөдрийг хүртэл газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байгаа. Иймд “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 235 тоот захирамжаар тус дүүргийн ** дугаар хороо, “МТ” ШТС- ын баруун талд байршуулан 2800 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар “М” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгон гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Нийслэлийн газрын албаны даргын баталсан "Мэдээллийн санд хяналт тавих тухай" 2009 оны А/54 тоот тушаалыг үндэслэн тухайн үед “М” ХХК-ийн зурган мэдээллийг мэдээллийн санд бүртгэх боломжгүй байснаас Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар “Д” ХХК-д эзэмшил газрын талбайн хэмжээг нэмж баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд “Д” ХХК- ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 429 дүгээр шийдвэрээр, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3, 21.2.4, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.5-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Д” ХХК-д холбогдох хэсгээс “М” ХХК-ийн эзэмших эрх бүхий газартай давхцуулан газар эзэмшүүлсэн хэсэг, мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 235 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгүүдийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар тус тус түдгэлзүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан хариуцагч Засаг дарга нар нь хэргийн нөхцөл байдлыг тодруулж, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд заасны дагуу нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу бусдад эзэмшүүлж, ашиглуулах газарт тухайн маргаж буй газар нь хамаарч байгаа эсэх, инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн эсэх, тухайн газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын зарчмаар бусдад эзэмшүүлж, ашиглуулах эсэх асуудлыг тодруулсны дараа өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд өөрсдийн гаргасан захирамжуудын үндэслэлээ дахин хянаж, Газрын тухай хуулийн дагуу саналаа гаргаж, хооронд нь уялдуулан дахин шинэ акт гаргах замаар шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Тус 2013 оны 429 дүгээр шийдвэрийг шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Тус 429 дүгээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг үндэслэн “Д” ХХК- д тус компанийн, тус дүүргийн 20 дугаар хороонд аж ахуйн зориулалтаар эзэмшиж байсан 4800 м.кв газрын хэмжээг ихэсгэн, 11268 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны дээрх 235 дугаар захирамжаар “М” ХХК-д эзэмшүүлсэн 2800 м.кв газрын 1664 м.кв газартай нь давхацсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, кадастрын зураг, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 5\2393 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна ...” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр буруу үнэлж дүгнэсэн байна.

Энэ нь “Д” ХХК болон “М” ХХК-ийн хэн аль нь бусдын газартай давхардуулж газар эзэмших эрх авсан эсэхийг шударгаар шийдвэрлэхгүйгээр нэг талд хандсан явцуу дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Учир нь, “Д” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газрын албанд болон 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус газрын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад удаа дараа өгч байсан тухай, энэ нь “М” ХХК-ийн газар эзэмших хүсэлт 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гаргаснаас өмнө нь “Д” ХХК нь газар эзэмших хүсэлт гаргаж байсан тухай аливаа дүгнэлт хийлгүйгээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь “Д” ХХК-ийн газар эзэмших захирамжийг хууль бус болох тухай дүгнэлт гаргасан нь шүүх хэргийг шударгаар хуулийн хүрээнд шийдвэрлэсэнгүй. “Д” ХХК-ийн хувьд эзэмшиж буй газрын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар холбогдох төрийн захиргааны байгууллага Сонгинохайрхан дүүрэг, Газрын албанд удаа дараа хандаж байсан боловч түүнийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй эрх ашгийг нь хөндөж, хохироож байсан атлаа “М” ХХК-д уг газрыг 4 хоногийн дотор 2011 оны 6 дугаар сарын 24-нд хүсэлт гаргахад 2011 оны 6 дугаар сарын 28-нд газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжаар газар эзэмшүүлсэн байдаг.

Хариуцагч талаас нэхэмжлэгч “М” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэх тайлбарыг өгдөг боловч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д зааснаар “... энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа нийслэл, дүүргийн газрын алба, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгөхөөр ...” заасан байхад Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд \хуучин нэрээр\ хандан “Метро трейд” ХХК-аас гаргасан 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн гаргасан өргөдлийг хүлээн авсан тухай баримт болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс Сонгинохайрхан дүүргийн газрын албаны архивд хийсэн үзлэгээр, 2011 онд иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн газар эзэмших тухай гаргасан хүсэлт, өргөдлийг бүртгэх бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн боловч “М” ХХК-иас гаргасан өргөдлийг бүртгэсэн талаар баримт огт байгаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байхад үнэлж дүгнээгүй байна. Мөн тус газар хийсэн үзлэгийн явцад “М” ХХК нь 2011 оноос хойш газрын төлбөрийг ямар нэгэн байдлаар төлсөн тухай баримт огт байгаагүй зэрэг нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу “... газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө ...”, 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, “М” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд “... газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох ...”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй” гэж тус тус заасныг “М” ХХК нь зөрчсөн үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хуульд заасны дагуу арга хэмжээ авч эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгоогүй эс үйлдэхүй байгаа нөхцөл байдлыг шүүх анзаарсангүй. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтад иргэн, аж ахуйн нэгж газар эзэмших өргөдөл гаргаснаас хойш газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох хүртэлх хугацаанд хийгдэх ажлыг шат дараалан гүйцэтгэхээр нарийвчлан зохицуулсан байна. Энэхүү зохицуулалтаас үзэхэд дээрх ажиллагаануудыг гүйцэтгэхэд багагүй хугацаа шаардлагатай гэдэг нь тодорхой байна. Харин “М” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандсан газар эзэмшүүлэхийг хүссэн өргөдөл нь 2011 оны 6 дугаар сарын 24- ний өдөр буюу хуанлийн тооллоор ажлын сүүлийн өдөр Баасан гариг байдаг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 235 тоот захирамж нь 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр буюу “М” ХХК-ийн хүсэлт гаргасан өдрөөс 4 хоногийн дараа уг захирамж гарсан байдаг. Энэхүү 4 хоногийн хугацааны 2 хоног нь амралтын өдрүүд байна гэж үзэхэд үндсэндээ 2 хоногийн хугацаанд дээр дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн, мөн газар эзэмшүүлэх өргөдлийг бүртгэх дэвтэрт огт бүртгэгдээгүй, баримтыг үндэслэн захирамж гаргасан нь ойлгомжгүй байна.

Үүнээс үзэхэд цаг хугацааны хувьд уг захирамж гарах үндэслэл байгаа эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй байна.Газрын мэдээллийн санд “Дэлгэр-Ойл” ХХК-ийн нэмэгдүүлсэн газрын тухай мэдээлэл орсон байтал “Метро трейд” ХХК давхардуулан газар авсан, түүнд бусдын газартай давхардуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь нотлох баримт, үндэслэл болон талуудын тайлбараар нотлогддог.

“Д” ХХК-ийн газар эзэмшихээр гаргасан өргөдлийг шийдвэрлэлгүй эс үйлдэл гаргасан, “Д” ХХК-ийн өргөдөл гаргаж хүссэн газрыг “М” ХХК-нд эзэмшүүлэх шийдвэр гаргасан, “М” ХХК нь өргөдөл гаргаснаас хойш ажлын 2 хоногийн дараа захирамж гарсан, хэргийн газрын үзлэгээр “М" ХХК-ийн газар эзэмших хүсэлтийн бүрдэл дутуу зэрэг хуульд заасан шаардлага хангаагүй өргөдлийг Сонгинохайрхан дүүргийн Газрын алба \хуучин нэрээр\ хүлээн авч газар олгосон зэрэг үндэслэл, нотлох баримт байхад “М” ХХК-ийн газар эзэмших захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй нь шүүх хэргийг шударгаар хуулийн дагуу бүрэн шийдвэрлээгүй гэж үзэхээр байна. Шүүх дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлгүйгээр маргааныг Газрын тухай хуулийн 21, 31.3, 34.5 дахь заалтуудад нийцсэн гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх “Д” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшиж буй газрын хэмжээг нэмэгдүүлэхэд дүүргийн Засаг даргын эрх хэмжээгээр нэмэгдүүлэх боломжгүй, эрх хэмжээний асуудлыг ялгаж салгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 235 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг үндэслэн, “М” ХХК-д тус дүүргийн 32-р хороо, МТ-ийн шатахуун түгээх станцын баруун талд 2800 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ.

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг үндэслэн, “Д” ХХК-ийн тус дүүргийн 20 дугаар хороонд аж ахуйн зориулалтаар эзэмшиж байсан 4800 м.кв газрын хэмжээг ихэсгэн, 11268 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үүргийн хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, дүгнэх үүргээ биелүүлэлгүй, “тухайн Засаг дарга нарын хэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, газрыг давхардуулж байгааг дүгнэх боломжгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд дүүргийн Засаг даргын саналыг авна” гэж заажээ.

 

Харин, мөн хуулийн 21.5.3-т, энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр хуульчилсан байна.

 

Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.12-т заасан “хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” гэсэн нэр томьёоны ойлголтоос үзэхэд инженерийн шугам сүлжээг барьж байгуулахаар төлөвлөдөг баримт бичиг нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж үзэхээр байх ба тус төлөвлөгөөнд уялдуулан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргадаг байна. Хэрэгт, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд маргаан бүхий газрыг анх олгох үед тус газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий газар, аль эсвэл инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар, мөн “Д” ХХК-д газар эзэмших эрх үүсэх үед буюу 2010 онд Нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж болохоор тусгагдсан газар мөн эсэх талаарх нотлох баримт, газрын давхцалыг тогтоосон албан ёсны баримт цуглараагүй байна.

Иймд шүүх дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд олгосон газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар мөн эсэхийг тогтоож, Нийслэлийн болон дүүргийн Засаг дарга 2010, 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж болохоор тусгагдсан газрыг, хуульд заасан журмын дагуу олгосон эсэх, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “М” ХХК, “Д” ХХК-иудад газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэх, газар олгох эрх бүхий этгээд нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газрыг олгосон эсэх, хэний буруугаас газрын давхцал үүссэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Түүнчлэн, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга “Нийслэлийн Газрын албаны даргын баталсан "Мэдээллийн санд хяналт тавих тухай" 2009 оны А/54 тоот тушаалыг үндэслэн тухайн үед “М” ХХК-ийн зурган мэдээллийг мэдээллийн санд бүртгэх боломжгүй байснаас Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар “Д” ХХК-д эзэмшил газрын талбайн хэмжээг нэмж баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн” гэсэн тайлбар гаргажээ.

Шүүх хариуцагчийн дээрх тайлбартай холбогдуулан, дүүргийн газрын алба эзэмших эрх авсан газар эзэмшигчийн газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй ямар нөхцөл байдал үүссэнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж дүгнэлт хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхаар байна.

Иймд, шүүх дээр дурдсанаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.