Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2013/04

 

2013 оны 12 сарын 24 өдөр                    Дугаар 04                                       Улаанбаатар хот

Иргэн Б.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29- ний өдрийн 55 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.М-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн Б.М-д холбогдох хэсэг, мөн 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Иргэн Б овогтой М-д аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 684 дүгээр захирамжаар “С” ХХК-ийн эзэмшил газар хашааны зүүн талаас 144 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Ингэж газар эзэмшүүлэхдээ Монгол улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж тухайн жилийн төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр тусгагдаагүй, төрийн өмчит байгууллагын хашааны зүлэг, модтой эзэмшил газартай давхцуулан олгосон байна.

Иймд Б.М-д 144 м.кв газрыг Газрын тухай хуулийн дээрх зүйл, заалтыг зөрчиж олгосон тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 684 дүгээр захирамж, 0404694 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон болно“ гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус компанийн 30 хүний халуун усны эзэмшлийн газраас Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 684 дүгээр захирамжаар 144 м.кв газрыг иргэн Б.М-д хууль бус шилжүүлснийг аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжаар хүчингүй болгосон билээ.

  1. “С” ХХК нь 100 хувийн орон нутгийн өмчит компани ба иргэн Б.М-д хууль бусаар шилжүүлсэн газар нь Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар шийдвэрээр 30 хүний халуун усны үйлчилгээний зориулалттай эзэмшиж байгаа 5884 м.кв газраас хууль бусаар олгогдсон байна.

Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тухайн газрыг эзэмшигч “С” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

  1. Иргэн Б.М-д шилжүүлсэн гэх уг газар нь тухайн компанийн эзэмшилд байдаг газрын кадастрт ч ороогүй байна.
  2. Иргэн Б.М-д олгогдсон уг газар нь төрийн өмчит байгууллагын эзэмшил газрын хашаан дотор зүлэг, модтой газар ба хувь хүн эзэмших боломжгүй юм. Иймд аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамж нь шударга шийдвэр бөгөөд “С” ХХК-ийн эзэмшлийн газраас иргэн Б.М-д олгогдсон газрыг буцаан өгч, 30 хүний халуун усны үйлчилгээг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж өгнө үү” гэжээ.

Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн тус шүүхэд гаргасан “аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн хавсралтын Б.М-д холбогдох хэсэг болон 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М давж заалдах гомдолдоо: “Б.М би 2012 онд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлтээ холбогдох газруудад гаргасны үндсэн дээр аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 684 дүгээр захирамжаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 30 хүний халуун усны барилгын зүүн хойд талд 144 м.кв талбай бүхий сул газрыг аймгийн газар зохион байгуулалтын болон хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, бүрдүүлсэн техникийн нөхцөлийн зургийн дагуу гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшиж, 0404694 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас авч, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн 031306016 дугаар бүхий иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан X.Н-тай байгуулсан.

Түүнээс хойш эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шийдвэрээр эзэмшиж 2012, 2013 онуудын газрын төлбөрийг хуульд заасан хэмжээгээр бүрэн төлж эзэмшиж ирсэн билээ.

Нэгдүгээрт: Миний эзэмшил газрын захирамж, гэрчилгээг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэл болгосон боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан бөгөөд миний хувьд тус 144 м.кв талбай бүхий газрыг аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 684 дүгээр захирамжаар эзэмшсэн бөгөөд дөнгөж 7 сар өнгөрч байхад хүчингүй болгосон учир 2 жил дараалан ашиглаагүй гэх энэхүү үндэслэлийг баримтлан хүчингүй болгох үндэслэлгүй, 367 дугаар захирамж нь өөрөө хууль бус, буруу зүйл, заалт үндэслэсэн хүчингүй эрх зүйн акт юм.

Хоёрдугаарт: Аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчин хууль бусаар олгогдсон хавсралтад нэр дурдагдсан 32 иргэн, 13 аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох 37 захирамж, 5 захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэсэн байна.

Дээрх зөрчсөн гэх заалт, хүчингүй болгох үндэслэлүүдийг нэг бүрчлэн тайлбарлавал: Үүнд:

  1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт нь “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3- т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно" гэсэн заалт байх бөгөөд миний эзэмшил 144 м.кв газар нь төсөл шалгаруулах, дуудлага худалдаагаар олгох ёстой үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн газар биш гэр бүлийн хамтын хэрэгцээний

зориулалтаар Монгол Улсын иргэнд нэг удаа үнэ төлбөргүйгээр олгогдсон, хуульд зөвшөөрсөн 700 м.кв газраас бага талбайтай газар учраас энэ заалт огт зөрчигдөөгүй, миний эзэмшил газрыг хүчингүй болгоход огт үндэслэл болж чадахгүй.

  1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалт нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэх заалт байх боловч гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар надад эзэмшүүлсэн 144 м.кв газар нь аймгийн газар зохион байгуулалтын болон хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний 102-т нэг айлын сууц барихаар иргэнд эзэмшүүлэхээр заасан газраас аймгийн Ерөнхий архитекторын эрх хэмжээний дагуу зурсан байршлын зураг, бүрдүүлсэн техникийн нөхцөлийн дагуу олгогдсон газар учраас энэ заалт зөрчигдөөгүй, миний эзэмшил газрын захирамжийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй юм.
  2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалт нь “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй" гэх заалт байх бөгөөд Газрын тухай хуулийн 35.1.4-т "газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэх заалтууд байх боловч миний бие улсын бүртгэлийн байгууллагад төрийн байгууллага хэмээн албан ёсоор бүртгүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээтэй ямар ч байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй, мөн төрийн байгууллагын газрыг хуульд заасан хэлбэрээр ашиглаагүй болно.

Дээрхээс Аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт баримталсан хуулийн заалтууд, захирамжлах хэсэгт миний эзэмшил 144 м.кв газрыг хүчингүй болгохоор заасан шалтгаан, хууль зөрчигдсөн гэсэн нь үндэслэлгүй гарсан хууль бус, хүчингүйд тооцогдох бүрэн үндэслэлтэй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн 6 үндэслэлээр хүчингүй болгохоор зааж өгсөн байхад энэ үндэслэлүүдийн аль нэг нь ч тогтоогдоогүй байгаа, газар эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй нөхцөлд иргэний эзэмшил газрын захирамж, гэрчилгээг хүчингүй болгож гаргасан аймгийн Засаг даргын захирамж хууль бус, Засаг дарга өөрөө Газрын тухай хуулийг зөрчиж, иргэнийхээ ашиг сонирхлыг ноцтой хохироосон хууль бус шийдвэр гаргасан.

Аймгийн Засаг дарга нь ийнхүү хууль бус шийдвэр гаргаж, миний эзэмшлийн 144 м.кв газрыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч миний Иргэний хуульд заасан эд хөрөнгө өмчлөх, эзэмшихтэй холбоотой эрхүүд ноцтой зөрчигдөж, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нь “Б.М-ийн эзэмшиж буй газар нь “С” ХХК-ийн эзэмшил газартай давхцаж байгаа” гэх тайлбарыг гаргасан боловч “С” ХХК-д аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 5884 м.кв газар нь аймгийн нутаг дэвсгэрийн хаана нь оршиж байгааг, газрын зааг ялгааг харуулах аймгийн Ерөнхий архитекторын зурсан зураг, тухайн сумын Засаг даргын санал зэргийг шүүхэд гаргаж өгч чадаагүй.

Үүнээс харахад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нь иргэн Б.М миний эзэмшил газрыг булааж авах гэж санаархан хууль бус шийдвэр гаргаж, “С” ХХК-ийн газар мэтээр маргалдаж байгаа нь илт харагдаж байна. Хэрвээ миний эзэмшил газар “С” ХХК-ийн эзэмшил газартай давхцаж байгаа бол “С” ХХК-д 2006 онд 392 дугаар захирамжаар газар олгох үед аймгийн Ерөнхий архитекторын зурсан газрын хил, заагийг харуулсан зураг, техникийн нөхцөл, тухайн сумын Засаг даргын санал нь хаана байгаа, байгаа бол тэр зургийг гаргаж, миний эзэмшсэн газрын Ерөнхий архитекторын зурсан зурагтай харьцуулж хараад давхцаж байгаа эсэхийг мэдье гэдгийг миний бие шүүх хуралдаан дээр удаа дараа асуусан боловч маргалдагч талууд гаргаж өгч чадаагүй, шүүгч нар ч энэхүү ноцтой асуудлыг авч хэлэлцэх хүсэлгүй байсан.

Аймгийн Ерөнхий архитектор Б.М гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Газрын тухай хууль 2002 онд батлагдсан, “С” ХХК-д 392 дугаар захирамжаар 5884 м.кв газрыг 2006 онд олгосон байгаа тул аймгийн Ерөнхий архитекторын зурсан газрын хил, заагийг харуулсан техникийн нөхцөлийн зураг, сумын Засаг даргын санал заавал байх ёстой, уг саналыг аваагүй, дураараа хашаа татаж авснаар асуудал шийдэгдэхгүй11 гэж тодорхой хэлснийг шүүхийн шийдвэрт тусгаагүй.

Мөн шүүгч нар нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргаж өглөө, үүнийг нотлох баримтаар авлаа, “С” ХХК-д 2006 онд 5884 м.кв газрыг олгох үеийн кадастрын зураг олдлоо гэж хэн, хэзээ гаргаж өгсөн нь мэдэгдэхгүй, компьютероор гаргасан зургийг үзүүлж үүнийг газрын хил, заагийг харуулсан зураг гэж үзсэн. Гэтэл газрын кадастрын зураг 2006 онд байгаагүй бөгөөд 2009 оноос эхлээд компьютерт бууж эхэлсэн байна. Үүнээс үзэхэд шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь нотлогдож байна.

“С” ХХК-ийн 30 хүний халуун усны эзэмшил бүхий 5884 м.кв газрыг тухайн үеийн кадастрын зургийн дагуу аймгийн Засаг даргын 392 дугаар захирамжаар эзэмшүүлж, гэрчилгээ олгожээ гэсэн байна. 2006 онд кадастрын зураг байгаагүй тул шүүх хуурамч баримтыг үндэслэсэн нь нотлогдсон.

“С” ХХК-ийн 30 хүний халуун усанд эзэмшүүлсэн 5884 м.кв газрын анхны кадастрын зураг гэж байх ёсгүй байхад шүүх хуурамч баримтыг үндэслэсэн. Уг 5884 м.кв газрыг 2006 онд олгосон бөгөөд аймагт кадастрын зураг анх 2009 онд нэвтэрсэн байна.

Хэрвээ миний эзэмшсэн газар “С” ХХК-ийн газар байсан бол тус газрыг надад олгох эрх нь компанийн захиралд бус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байх учиртай. Би захирал асан Х.Х-аас зөвшөөрөл аваагүй бөгөөд тэр зөвшөөрөл өгөх этгээд биш. Тухайн газарт “С” ХХК нь хашаа татчихсан болохоор түүнд мэдэгдээд татгалзах зүйлгүй гэх бичгийг авсан. Хэрвээ тухайн газар нь “С” ХХК-ийн эзэмшил газар мөн байсан бол компанийн захирал нь татгалзах зүйлгүй гэх бичиг өгөхгүй байх байсан, мөн миний эзэмшлийн газрын байршлын техникийн нөхцөлийн зурагт “С” ХХК нь зөвшөөрч гарын үсэг, тамга дарахгүй байсан байх.

Шүүгч асуудлыг гуйвуулж тайлбарлан бичээд байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь гэрч Б.М-ын мэдүүлэгт Ш.П-д олгосон газар нь Б.М-д олгосон газрын урд талд байршилтай өөр газар болохыг аймгийн Ерөнхий архитекторын хувьд баталж хэлж байхад шүүхийн шийдвэрт Ш.П-д олгогдоод хүчингүй болж байсан газар нь иргэн Б.М-ийн одоогийн эзэмшиж буй газар мэтээр бичсэн нь зохимжгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасны илэрхийлэл болж байна.

Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газраас бусад хэсэгт газар зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх учиртай билээ. Гэтэл тус шүүхийн шийдвэрт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг мушгин гуйвуулж аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газар, өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын мэдлийн газрыг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталдаг мэтээр тайлбарласан байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зүгээс иргэн Б.М-ийн эзэмшлийн газар нь хот хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр заасан 102-оор тэмдэглэсэн газарт таарч байна уу, үгүй юу гэдгийг тогтоох үзлэг, хэмжилт огт хийлгүйгээр хариуцагч талын хэлсэн аманд хөтлөгдөөд маргаан бүхий газар нь иргэнд гэр бүлийн зориулалтаар төлөвлөгдөөгүй газар байсан гэж шийдвэртээ тусгасан нь ойлгомжгүй байна.

Шүүх нь маргагч талын аль нэгний аманд хөтлөгдөхгүйгээр бодит нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргах ёстой байтал үзлэг, хэмжилт хийлгүйгээр энэхүү шийдвэр гаргасан нь шударга, хууль ёсны байх зарчим таарч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Шүүх нь миний эзэмшил газар хот хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд 102-оор заасан газар мөн эсэхийг шалгаж шийдвэрлэх ёстой байсныг анхааралдаа авах шаардлагатай.

Хариуцагч, гуравдагч этгээд, анхан шатны шүүхийн шүүгч нар иргэн Б.М-ийн эзэмшил газар нь “С” ХХК-ийн эзэмшил газартай ийм байдлаар давхцаж байгаа гэж хэлж чадаагүй, мөн “С” ХХК-д анх 2006 онд газар олгосон гэх боловч олгосон газар нь хаана байгаа нь тодорхойгүй, “С” ХХК-д олгосон газрын хил, заагийг харуулсан, тухайн үед аймгийн Ерөнхий архитектораар зуруулж холбогдох байгууллагуудаар батлуулсан техникийн нөхцөлийн зураггүй мөртлөө харанхуйгаар дайрч давшиж Б.М-ийн газар “С” ХХК-ийн газартай давхацсан гэх хуурамч үндэслэлээр иргэн миний газар эзэмшсэн захирамж, гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь хүний хувийн өмчтэй байх эрх, эрх чөлөөг маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Эзэмшихийг хүссэн газрын хил, заагийг харуулсан Ерөнхий архитекторын зурсан зураг, үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн газрын байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг 90 хоногийн дотор гаргуулах зэрэг асуудлууд 2002 оны Газрын тухай хуульд тусгагдсан. Гэтэл “С” ХХК нь аймгийн Засаг даргын 392 дугаар захирамжаар 5884 м.кв газрыг 2006 онд эзэмшсэн гэх тул дээрх материалууд нь заавал байх учиртай бөгөөд үүнийг аймгийн Ерөнхий архитекторын гэрчээр өгсөн мэдүүлгээс харж болно.

“С” ХХК-д 5884 м.кв газрыг анх аймгийн нутаг дэвсгэрийн хаанаас эзэмшүүлсэн нь тодорхойгүй, газрын хил, заагийг харуулсан Ерөнхий архитекторын зураггүй, техникийн нөхцөлгүй байгаа нь иргэн Б. М-ийн газартай давхцаж байгаа мэтээр маргалдах үндэслэл болохгүй юм. Мөн 2006 онд 392 дугаар захирамжаар “С” ХХК-д олгосон 5884 м.кв газар нь урьд олгогдсон байсан газар гэх боловч уг газрыг “С” ХХК-д 2006 оноос өмнө олгосон гэх ямар ч эрх зүйн акт байхгүй, газрын хил, заагийг харуулсан техникийн нөхцөлийн зураггүй байгаа нь тус газрыг 2006 онд “С” ХХК-д шинээр эзэмшүүлснийг нотолж байгаа хэрэг мөн юм.

Үүнийг анхан шатны шүүх анзаарсан ч авч хэлэлцэхийг хүссэнгүй. Иргэн Б.М-ийн маргаж буй 144 м.кв газар нь “С” ХХК-ийн 30 хүний халуун усны барилгын газартай ямар ч байдлаар давхцахгүй өөр газарт байгаа бөгөөд ямар ч барилга, байгууламж баригдаагүй сул газар юм.

Зөвшөөрөлгүйгээр аливаа хуулийн этгээд, хувь хүн дур мэдэн өөрийн эзэмшлийн объектоо тойруулан хашаа татаж авснаар асуудал шийдэгдэхгүй, газар түүнийх болчихгүй. Гарцаагүй эрх бүхий байгууллагын хууль ёсны шийдвэрийн дагуу эзэмших учиртай билээ.

Тийм учраас аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болох ёстой.

Иргэн Б.М би эрх бүхий байгууллагуудад газар эзэмших хүсэлт гарган тэдний шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэний хувьд гэр бүлийн зориулалтаар газар эзэмшиж, эзэмшсэн газрын төлбөрийг төлж байгаадаа буруутан болох ёсгүй.

Хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан Үндсэн хуультай Монгол Улсад иргэний эрх, эрх чөлөө бүдүүлгээр зөрчигдөх, хууль, шүүхийн байгууллагууд аливаа нэг талыг баримтлан шийдвэр гаргах учиргүй юм. Өнөөдөр Монгол улсын шүүх хэнээс ч хараат бус байж, үнэнч шударгаар хар цагаан, үнэн худлыг дэнсэлж, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх чадвартай байгаад иргэн миний бие төгс итгэлтэй байгаа билээ.

Иймд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаар шийдвэрийг бүхэлд нь, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн 28 дахь хэсэг буюу аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 684 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, 0404694 дүгээр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 онь 392 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргаж иргэн миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү“ гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн Б.М-д холбогдох хэсэг, 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор ОСНААҮ-ийн Х компанийн эд хөрөнгийг цогцолбороор нь төрийн өмчөөс аймгийн өмчлөлд шилжүүлснээр орон нутгийн өмчит “С” ХХК байгуулагдсан байх бөгөөд жил бүрийн өмчийн тайлан болон орон нутгийн өмчийн тооллогод 5884 м.кв газрыг хамааруулдаг байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоны зэрэгцээ Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар 5884 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснээс хойш тухайн газрыг “С” ХХК хууль ёсоор эзэмшиж иржээ.

Гэтэл “С” ХХК-ийн эзэмшил газраас “С” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Х.Х-ийн хууль зөрчсөн “өөр байгууллага, хувь хүнд олгохыг зөвшөөрч буй” албан бичиг, нэхэмжлэгчийн газар эзэмшүүлэх хүсэлт зэргийг үндэслэн Баян- Өлгий аймгийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 684 дүгээр захирамжаар иргэн Б.М-д 30 хүний халуун усны барилгын зүүн хойно 144 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 33 дугаар зүйлийн 33.1.2 энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ, 33.4 Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно, 35 дугаар зүйлийн 35.2 Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд энэхүү үндэслэлээр хариуцагч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн захирамжийг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь зөв байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжийн-“С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Тодруулбал, иргэн Б.М-д нэхэмжлэл гаргах буюу шаардах эрхийг бий болгосон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 684 дүгээр захирамж хууль бус болох нь дээрх байдлаар нэгэнт тогтоогдсон тохиолдолд түүнд тухайн захирамжаар олж авсан газар эзэмших эрхийг хууль ёсны гэж үзэх боломжгүй.

Иймд газар эзэмшүүлсэн дээрх захирамжийг гаргахаас өмнө “С” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын захиргааны актын талаар тэрээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж маргах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 392 дугаар захирамжаар “С” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэх үед нэхэмжлэгч Б.М-д уг газартай холбоотой ямар нэг эрх, үүрэг үүсээгүй байжээ.

Энэ талаар болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.