Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2013/05

 

2013 оны 12 сарын 24 өдөр                    Дугаар 05                                 Улаанбаатар хот

 

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Х” ХХК нь Компанийн тухай хуулийн дагуу манай компанитай нэгдэн нийлсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмалын хайгуулын 7643Х тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох бүхий л бичиг баримт, үйлчилгээний хөлсний хамт 2012 оны 8 дугаар сард гаргасан боловч өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6 дахь хэсэгт заасан хугацаанд шийдвэрлээгүй. Хуулийн хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй бөгөөд манай компаниас асуудлыг шийдвэрлүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч төрийн захиргааны албан хаагчийн зүгээс хууль бус эс үйлдэхүй гаргаж байсан.

Гэтэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 620 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 7643Х тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хасах тухай 621 дүгээр шийдвэрийг гаргасан нь илт хууль бус бөгөөд манай компанийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ноцтойгоор хөндсөн шийдвэр болжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу Ашигт малтмалын газрын даргад хандсан боловч 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3-6277 тоот албан бичгээр бидний хүсэлтийг хүлээн авах боломжгүй, өөрсдийн гаргасан шийдвэрүүдийг хууль зүйн үндэслэлтэй гэсэн хариу ирүүлсэн тул захиргааны хэргийн шүүхэд хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээс өөр аргагүй байдалд хүрлээ.

Иймд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 620, 621 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрх болон тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийн эрхийг сэргээн Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу “Ш” ХХК-д шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх "Х" ХХК-д Говь- Алтай аймгийн Тайшир сумын “Хөх” нэртэй нутагт, 70 гектар талбай бүхий 7643Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 683 дугаар шийдвэрээр олгосон байна.

2007 онд тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлсэн ба Кадастрын бүртгэлийн тасгийн даргын /хуучин нэрээр/ 2007 оны 1580 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгуулсан байна.

“Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 7643Х тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 659 дүгээр шийдвэрээр бүхэлд нь "А" ХХК-д шилжүүлсэн байна. "А" ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгуулсан байна.

"А" ХХК нь 2010 оны ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй шалтгаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцлагдсан байна. "А" ХХК нь дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэхээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх дүгнэхдээ хариуцагч “А” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцлах шийдвэр гаргахдаа эзэмших эрх нь нэгэнт дуусгавар болсон “Х” компанид холбогдуулан урьд гаргасан 2009 оны 659 дүгээр шийдвэрээ хүчингүй болгосон нь утга агуулгын илэрхий алдаатай байна гэж дүгнэжээ. Иймд Геологи,

уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 690 дүгээр шийдвэрийн 1 дэх заалт нь бусад заалттай хамааралгүй, 1 дэх заалтгүйгээр уг шийдвэрийн агуулга ойлгомжгүй болохооргүй байх тул 1 дэх заалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байна.

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1336 дугаар шийдвэр гарч "Х" ХХК-иас 424.492.208 төгрөгийг гаргуулан "М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 690 дүгээр шийдвэр гарч, 1-р заалтаар “А”ХХК-д шилжүүлсэн 2009 оны 659 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, 2-р заалтаар”А”ХХК- ийн эзэмшлийн 7643Х тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрт хариуцагч Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь “Х” ХХК-ийн 7643Х тоот тусгай зөвшөөрөлд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн албан тоотыг хүлээн авсан атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар "шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа ... албан тушаалтан биелүүлнэ" гэж заасныг зөрчиж тусгай зөвшөөрлийг “А” ХХК-д шилжүүлснээр “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх дуусгавар болжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 510 дугаар шийдвэрээс үзэхэд ашигт малтмалын хайгуулын 7643Х тоот тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д шилжүүлсэн шийдвэрийг илт хууль бус гэж үзсээр атал “Х” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэсэн байна. “А”ХХК-ийн 7643Х тоот тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д буцаан шилжүүлэх, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай шүүхийн шийдвэрт заагаагүй, үүрэг болгоогүй байхад ашигт малтмалын хайгуулын 7643Х тоот тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-ийн эзэмшилд буцааж шилжүүлэн, сэргээж шийдвэрлэсэн Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 401 дүгээр шийдвэр нь хууль бус байна.

Иймд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 401 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 620 дугаар шийдвэр, мөн хүчингүй тусгай зөвшөөрлийг шилжүүлэх боломжгүй талаар шийдвэрлэсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 621 дүгээр шийдвэрүүд гарсан байна.

2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хуулийн 1 дүгээр зүйлд Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл хориглосугай гэж заасан тул энэхүү тусгай зөвшөөрлийг шилжүүлэн шийдвэрлэх үндэслэлгүй болно

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж "Ш" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэрээр, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлж, шийдвэр хүчингүй болгох тухай” 620, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг бүртгэлээс хасах тухай” 621 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын 7643Х тоот тусгай зөвшөөрлийг болон уг тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгүүлэхийг хүссэн өргөдлийн бүртгэлийг сэргээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 7643Х тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 659 дүгээр шийдвэрээр бүхэлд нь “А” ХХК-нд шилжүүлсэн байна. “А” ХХК нь 2010 оны ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй шалтгаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцлагдсан байна.

“А” ХХК нь дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэхээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр дүгнэхдээ хариуцагч “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцлах шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байна.

Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэрээр дээрх хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг үгүйсгэж “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 510 дугаар шийдвэрт “А” ХХК-ийн 7643Х тоот тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д буцаан шилжүүлэх, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай заагаагүй, үүрэг болгоогүй байхад ашигт малтмалын хайгуулын 7643Х тоот тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-ийн эзэмшилд буцааж шилжүүлэн, сэргээж шийдвэрлэсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 401 дүгээр шийдвэр нь хууль бус шийдвэр байтал “Х” ХХК-ийн эзэмшилд ашигт малтмалын хайгуулын 7643Х дугаартай тусгай зөвшөөрлийг бүртгэсэн нь хуульд нийцэж байна гэж алдаатай дүгнэсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Ш” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 683 дугаар шийдвэрээр, Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Хөх” нэртэй газарт орших 70 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх 7643Х тоот тусгай зөвшөөрлийг анх “Х” ХХК-д олгосон байх бөгөөд “Х” ХХК-ийн хүсэлт, Ашигт малтмалын хайгуулын лицензийг шилжүүлэх тухай 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09/А тоот гэрээний дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 659 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг бүхэлд нь “А” ХХК-д шилжүүлжээ.

“А” ХХК нь тусгай зөвшөөрлийг эзэмшиж, тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгуулсан байх боловч мөн хэлтсийн даргын 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 690 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтаар “2010 оны тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалжээ.

Харин тус 690 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/6734 тоот албан бичгээр “Х” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын хайгуулын 7643Х тоот тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн гэсэн үндэслэлээр ГУУКХ- ийн даргын 2009 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 659 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Улмаар “А” ХХК нь тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэхээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянаж, 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр “хариуцагч Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь “А” ХХК-ийг "тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргахдаа эзэмших эрх нь нэгэнт дуусгавар болсон “Х” ХХК-д холбогдуулан урьд гаргасан 2009 оны 659 дүгээр шийдвэрээ хүчингүй болгосон нь утга агуулгын илэрхий алдаатай байна” гэж дүгнэн, 690 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэн, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 т заасныг баримтлан шийдвэрийн 2 дахь заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 401 дүгээр шийдвэрийг “шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, шилжүүлэх өргөдлийг бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 620, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 621 дүгээр шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Тодруулбал,

Тусгай зөвшөөрлийг анх эзэмшигч “Х” ХХК нь өөрөө хүсэлт гаргаж тусгай зөвшөөрлийг “А” ХХК-д шилжүүлсэн, “А” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс тусгай зөвшөөрөл цуцлагдсан, тусгай зөвшөөрлийг цуцалсан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 690 дүгээр шийдвэрийн 2 дахь заалт үндэстэй гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад тус газрын дарга 2012 оны 401 дүгээр шийдвэрээр, “Х” ХХК-ийн эзэмшилд 7643Х тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлж, тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд дээрх, хуульд нийцээгүй шийдвэрээ хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын 7643Х тоот тусгай зөвшөөрлийг цуцлагдсан болохыг бүртгэж шийдвэрлэсэн мөн газрын даргын 620 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасантай нийцэж байна.

Түүнчлэн, “Х” ХХК-ийн нэр дээрх ашигт малтмалын хайгуулын 7643Х тоот тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн гаргасан өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 621 дүгээр шийдвэр хууль зөрчөөгүй байна. Учир нь,

Дээрх байдлаар, “Х” ХХК-ийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг түүний хүсэлтээр “А” ХХК-д нэгэнт шилжүүлсэн, улмаар уг тусгай зөвшөөрөл цуцлагдсан учир нэхэмжлэгч “Ш” ХХК нь ”Х” ХХК-тай нэгдэж, улсын бүртгэлд бүртгүүлснээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар “Х” ХХК-ийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан нь үндэсгүй, дээрх 621 дүгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм.

Ийм байтал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 620, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 621 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын 7643Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг болон уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдлийн эрхийг тус тус сэргээж, хуулийн дагуу “Ш” ХХК-д шилжүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.