Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2013/06

 

2013 оны 12 сарын 24 өдөр                    Дугаар 06                                      Улаанбаатар хот

 

 

Х.Х-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн 58 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Х-ын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 650 тоот захирамжаар 100 хувийн орон нутгийн өмчит НААҮ “С” ХХК-ийн 30 хүний халуун усны эзэмшил газраас 438 м2 газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар “Х”д хэсэгчлэн шилжүүлэн эзэмшүүлсэн. Уг газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-ыг зөрчсөн тул иргэн Х.Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “С” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот шийдвэрээр 30 хүний халуун усны үйлчилгээний зориулалттай эзэмшиж байгаа 5884 мкв газраас Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-ыг зөрчиж иргэн Х.Х газар олгосон нь манай эрхийг зөрчсөн гэжээ.

Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 58 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-ийн 1, 79 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Монгол улсын иргэн Х.Х нь 438 м2 газрыг аймгийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 650 "б" тоот захирамж гарган түүнд 438 м2 газрыг хууль ёсоор эзэмшүүлжээ. Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн аймгийн ГХБХБГ нь Х.Х-д 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 0367871 тоот Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгон улмаар "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" хийж газрын кадастрын бүртгэлд тусгажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, газрын кадастрын бүртгэлийн зураг, гэрчүүдийн мэдүүлгийг дүгнэж үзэхэд Х.Х нь уг эзэмшлийн газрыг хуулийн дагуу эзэмшилдээ авсан буюу Х.Х-ын ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй учраас анхан шатны шүүх зөвхөн нөгөө талын эрх ашгийг илүүд үзэж, нэг талыг илт барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "С" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг орон нутгийн өмчит компани гэж үнэлж байгаагаа дэлгэрэнгүй дурджээ. Энэ нь уг захиргааны хэрэгт онц ач холбогдолтой биш асуудал гэж үзэж байна. Гэхдээ Х.Х нь уг маргаан бүхий эзэмшлийн газрыг эрх бүхий байгууллага болох тус аймгийн ГХБХБГ-ын эрх бүхий мэргэжилтэн нарын зөвшөөрлөөр авсан ба уг сул чөлөөтэй газрыг "С" хязгаарлагдмал хариуцлагатай компанид олон жилийн турш эзэмшүүлсэн боловч огт ашиглаагүй байсан буюу сул чөлөөтэй байсан ба ойрын жилүүдэд ч гэсэн тэр маргаан бүхий газарт үйлчилгээний зориулалтаар тус компани нь барилга байгууламж барих ойрын болон хэтийн төлөвлөгөө байхгүй, "С" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал нь уг сул чөлөөтэй газрыг бусдын эзэмшилд шилжүүлэх асуудлыг мэргэжлийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр саналаа өгч байгаа үйл ажиллагааг хуулиар хориглосон заалтгүй байгаа, Баян-Өлгий аймгийн НААҮ-ний "С" ХХК-ийн өмчийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.3-д Гэрээлэгч шинээр үндсэн хөрөнгө бэлдэх, ашиглалтаас хасах, машин механизм худалдан авах, худалдах тохиолдолд ТУЗ-ийн шийдвэр гаргуулан, ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулсан байна" гэж заасан, нэг компанид төрийн гэсэн нэрийдлээр олон жил сул чөлөөтэй газрыг эзэмшүүлсэн нь өөрөө шударга бус явдал гэж үзэж байна.

“С" ХХК нь өөрийн дүрэмдээ "НААҮ-ний "С" ХХК нь Монгол Улсын Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү дүрэмд нийцүүлэн ХХК- ний хэлбэрээр үйл ажиллагаа явуулна", "С" ХХК нь өөрт оногдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах хуулийн этгээд мөн" гэж заасан байгааг, уг маргаан бүхий газрыг бүхэлдээ өмчилж аваагүй, зөвхөн төрийн бүхий байгууллагын зөвшөөрлөөр эзэмшилдээ авсан, энэ газар нь төрийн өмч, жинхэнэ газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх гэрээг мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэсэн өөрөөр хэлбэл уг газрын бусдын эзэмшилд шилжүүлэх асуудлыг төрийн байгууллага гардан хийсэн зэргээс үзэхэд тус аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 367 тоот захирамжид заасан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дах хэсгийг "С" хязгаарлагдмал хариуцлагатай компани нь зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

"С" хязгаарлагдмал хариуцлагатай компаниас уг эзэмшлийн газрыг иргэн Х.Х хууль бусаар эзэмшилд авсан, шинээр уг эзэмшлийн газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах шаардлагатай гэх утгатай албан ёсны гомдлыг эрх бүхий байгууллагад гаргаагүй байхад зөвхөн ажлын хэсгийн өнгөцхөн гаргасан дүгнэлтийг үндэслэн компанийн эрх ашиг зөрчигдсөн гэж шүүх дүгнэж байгааг зөвшөөрөхгүй болно.

Иргэн Х.Х нь байршиж байсан орон сууцны дутуу барилгыг 2002 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад бэлэглэх гэрээ"-г Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Е овогтой К гэгчээс худалдаж авсан тул зохих шатны Засаг даргаас газар эзэмших тухай захирамж гарч байгаагүй, харин 2002 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 030103410 дугаартай газар эзэмших гэрчилгээ авч, гэрээ байгуулан тэрээр уг газрыг уг анх эзэмшилдээ авсан боловч уг газрыг эрх бүхий байгууллага болох тус аймгийн Засаг даргын шийдвэрээр бусдын эзэмшилд зохих хууль тогтоомжийн дагуу шилжүүлсэн, одоо 2002 онд авсан газар эзэмших гэрчилгээ, гэрээ нь хүчингүй болсон тул өөрөөр хэлбэл бодит байдалд уг газар одоо түүний эзэмшилд байхгүй буюу хүнээс авч хүнд шилжүүлсэн газар болно. Тус аймгийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 107 захирамжаар шилжүүлсэн эзэмшүүлсэн. Ингэхээр эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр иргэн Х.Х-ын урьд эзэмшиж байсан 700 м2 газрын эрхийн гэрчилгээг өөр иргэнд шилжүүлсэн асуудал тогтоогдсоор байтал энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болгож байгааг зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх нь аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 107 захирамж хүчин төгөлдөр байхад газрын дуудлагын худалдаа, төсөл шалгаруулах асуудлаар иргэн Х-ыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ер нь иргэн Х нь одоо бодит байдалд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр 498 м2 газрыг эзэмшиж байгаад шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй явдалд гомдолтой байна.

Аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 тоот захирамж гаргах болсон нэг үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэжээ. Гэтэл уг газраа нэхэмжлэгч ашиглаж байсан нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээс тус маргаан бүхий газарт 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тухайн хашаан дотор зүүн хойд буланд Х-ын өмчлөлийн гэх амбаар, гарааш байрласан байна гэж бичигдсэн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн фото зургаар нотлогдож байна. Одоо үед зах зээлийн үед олон сая төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө барьсан иргэдийн хууль ёсоор эзэмшилд авсан газрыг төр хүчээр булаан авч байгаа нь хэрхэвч шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г буруу хэрэглэсэн асуудлыг анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Аймгийн Засаг дарга 2013 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 367 тоот захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг үндэслэсэн байна. Иргэн Х.Х нь уг эзэмшлийн газрыг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан зориулалтаар 0,07-гаас илүүгүй байхаар эзэмшихээр хүсэлт гаргасан, 0,07-га гэдэг хэмжээнээс илүү газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байхад түүнийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-ыг зөрчсөн гэж байгааг зөвшөөрөхгүй болно. Бодит байдалд иргэн Х-ын эзэмшиж буй газар нь 598 мкв болно.

Иргэн Х.Х-д 438 м газрыг түүний эзэмшилд олгохдоо Өлгий сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газар эзэмшүүлсэн нь тус аймгийн ГХБХБ Газрын ерөнхий архитектор Б.М-ын мэдүүлэг, эрх бүхий 10 албан тушаалтны гарын үсэг зурж тэмдэг дарж тус аймгийн Засаг даргаар баталгаажуулсан Х.Х-ын эзэмшил газрын байршлын зураг схемээр нотлогдож байна.

Аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 367 тоот захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг үндэслэжээ. Газрын тухай хуулийн 35.1.6-д заасан заалт бол газар ашиглуулах асуудлыг зохицуулсан зүйл тул энэхүү газрын маргаанд хамаарахгүй гэж үзэж байна. Харин 35.1.4 дэх заалтын хувьд "С" хязгаарлагдмал хариуцлагатай компани нь аймгийн ГХБХБГ-ын зөвшөөрлийг үндэслэн газар эзэмших гэрчилгээг иргэн Х.Х-д шилжүүлсэн асуудлыг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.

Аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01 -ны өдрийн 367 тоот захирамж нь нийт 32 иргэн, 13 аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох 37 захирамж, 5 захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь урьд ажиллаж байсан аймгийн Засаг даргаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлаар Газрын тухай хуулийн өөр өөр заалтыг баримтлан, өөр өөр утгатай, өөр дугаартай захирамж гаргасан байхад олон захирамжуудыг тухайлбал 42 захирамжийг бүхэлд нь тооцоо судалгаа муутай, компаничилсан байдлаар хавтгайруулан, улс төрийн үндэслэлээр замаар нэг захирамжаар хүчингүй болгож байгаа нь уг эрхийн акт хуулийн үндэслэлтэй буюу хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Х нь Аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн Х.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Уг маргаан бүхий захирамжаар “газар эзэмших эрх шилжүүлэх эрхгүй этгээдээс газар шилжүүлэн эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч Х.Х-д аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6506 дугаар захирамжаар “С” ХХК-ийн эзэмшил “5884 мкв” газраас уг халуун усны газрын баруун талд “438 мкв” газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд газар эзэмших эрхээ шилжүүлж буй “С”ХХК нь орон нутгийн өмчит компани байх бөгөөд уг компани нь аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар 30 хүний халуун усны барилга байрлаж байгаа 5884 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхтэй байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д газар эзэмшигч нь газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахаар заасан бөгөөд мөн хуулийн 35.2-д зааснаар газрыг бусдад ашиглуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх эрх төрийн байгууллага болох орон нутгийн өмчит хуулийн этгээдэд байхгүй байна.

Гэтэл Аймгийн Засаг дарга нь “С” ХХК үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй газраа Х.Х-д шилжүүлэх эрхгүй болохыг шалгаж тогтоогоогүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газрыг “гэр бүлийн зориулалтаар” олгохоор төлөвлөгдөөгүй байгааг нягтлан шалгалгүйгээр нэхэмжлэгчид шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасныг зөрчжээ.

Нэхэмжлэгчийн “эрх бүхий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хүсэлтийг хүлээн авч гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн энэ нь газрыг надад хуулийн дагуу олгосныг харуулж байна” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй. Учир нь дээрх байдлаар газар эзэмших эрх нэхэмжлэгчид хууль ёсоор үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. Тодруулбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1,7-д. зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн иргэний хууль ёсны эрх ашиг сонирхлыг сэргээх үүрэгтэй.

Аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээний хүрээнд хууль бусаар гарсан захирамжийг хүчингүй болгосон, энэхүү акт нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах хуулийн зарчимд нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 58 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан

өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй