Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2013/07

 

2013 оны 12 сарын 25 өдөр                    Дугаар 07                           Улаанбаатар хот

Ч.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Ш.Х нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Б-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Гадаад харилцааны сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ'. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байтал үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.

  1. Монгол улсын Гадаад харилцааны сайдын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах,
  2. Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотод суугаа Монгол улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилохыг Монгол улсын Гадаад харилцааны сайдад даалгах,
  3. Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, түүнд ногдох Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж хуульд заасан журмын дагуу нөхөн бичилт хийхийг даалгах,
  4. Гадаад харилцааны Сайдын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Ш.Х нар тайлбартаа: Ч.Б нь анх томилогдохдоо Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газрын хөдөлмөрийн дотоод журам-ын 3.2.2-т заасныг зөрчиж томилогдсон байдаг. Эдийн засаг хөгжлийн яамны сайд Н.Б тэргүүтэй албаны хүмүүс айлчлахад хариуцлагагүй хандаж, ажилчдыг удирдан чиглүүлэх үүргээ биелүүлээгүй. Монгол Улсын Их Хурлын гишүүн, сайд нарыг угтах, тэдгээрийг уулзалт, арга хэмжээнд дэмжлэг үзүүлээгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 409 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.1, 16 дугаар зүйлийн 16.3, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо:Миний бие Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 409 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Хэргийн талаар: Ч.Б нь дипломат болон гадаад харилцаатай холбоотой албанд нийт 38 жил ажиллаж байгаа бөгөөд 2011 оноос АНУ-ын Вашингтон хотод суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамны Элчин зөвлөхийн албан тушаалд томилогдон 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин Сайдын Яаманд Элчин Зөвлөхөөр томилогдсон гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн билээ.

Ч.Б нь Дипломат албаны тухай Монгол улсын хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д Дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 3 жил байна гэж заасны дагуу 3 /гурван/ жилийн хугацаагаар томилогдон үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаанд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Л.Б Б/02 тоот тушаалаар түүнийг хуульд заасан хугацаанаас өмнө буюу 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Элчин зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлж, эгүүлэн татсан болно.

Энэхүү Гадаад харилцааны сайд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалыг үл зөвшөөрч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд Гадаад харилцааны сайд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б/29 тоот тушаал гаргаж дээрх 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалаа хүчингүй болгож дахин шинээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан юм.

Ийнхүү дахин тушаал гаргасантай холбогдуулан Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Хоёр. Гомдлын үндэслэл: Гадаад харилцааны сайдын Ч.Б-ыг ажлаас чөлөөлсөн тухай 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б/29 тоот тушаалд зааснаар Ч.Б-ыг дараах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнд:

Гадаад харилцааны яам Дипломат төлөөлөгчийн газрын хөдөлмөрийн дотоод журмын Дипломат төлөөлөгчийн газарт ажилд томилох, чөлөөлөх хэсгийн 3.2.2 дэх хэсгийг зөрчин дипломат төлөөлөгчийн газарт томилогдсон.

Томилолтын хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн хоёр үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байсан.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх энэхүү хоёр. үндэслэлд хангалттай дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хурал дээр нэхэмжлэгч талаас хийсэн тайлбар, мэдээллийг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй гэж үзэж байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт Гадаад харилцааны сайд өмнө гаргасан тушаалын үндэслэл дээр нэмж, Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газрын хөдөлмөрийн дотоод журмын Дипломат төлөөлөгчийн газарт ажилд томилох, чөлөөлөх хэсгийн 3.2.2 дэх хэсгийг зөрчин Дипломат төлөөлөгчийн газар томилогдсон гэсэн үндэслэлийг дараагийн Б/29 дугаар тушаалд дурдсаныг шүүх хэлэлцэх боломжгүй.

Учир нь Ч.Б-ыг Монгол улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилсон Гадаад харилцааны сайдын 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/22 дугаар тушаал хүчин төгөлдөр, Гадаад харилцааны сайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тушаалаа хүчингүй болгож, нэмэлт үндэслэл гаргасан байх тул энэ үндэслэлээр Ч.Б-ын нэхэмжлэлийг хэлэлцээгүй болно гэжээ.

Анхан шатны шүүхийн энэхүү үндэслэл нь ойлгомжгүй, мөн хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Гадаад харилцааны сайд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б/29 тоот тушаал гаргаж өмнө гаргасан энэхүү Гадаад харилцааны сайдын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалаа хүчингүй болгосон гол үндэслэл нь Гадаад харилцааны яам Дипломат төлөөлөгчийн газрын хөдөлмөрийн дотоод журмын Дипломат төлөөлөгчийн газарт ажилд томилох, чөлөөлөх хэсгийн 3.2.2 дэх хэсгийг зөрчин дипломат төлөөлөгчийн газарт томилогдсон гэсэн үндэслэл юм. Сүүлийн тушаал дээр өмнөх тушаалд байгаагүй зөвхөн энэ үндэслэлийг нэмснээр хүчингүй болгосон билээ.

Өөрөөр хэлбэл хэрэв Гадаад харилцааны сайд Ч.Б-ыг хууль ёсоор томилсон гэж үзсэн тохиолдолд энэхүү тушаал гарахгүй байсан юм.

Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт гарсан хамгийн гол үндэслэлийг Гадаад харилцааны сайдын 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/22 дугаар тушаал хүчин төгөлдөр, Гадаад харилцааны сайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт үндэслэл гаргасан байх тул... гэсэн үндэслэлээр хэлэлцэлгүй орхиж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Маргаан бүхий захиргааны акт нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан, уг актыг анхан шатны шүүх хэлэлцсэн бөгөөд харин уг маргаан бүхий акт гарсан гол үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт үндэслэл болгосон гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхих хуулийн үндэслэл байхгүй юм.

Дээрх анхан шатны шүүх хэлэлцээгүй орхисон үндэслэл нь маргаан бүхий акт гарсан гол үндэслэл болохын хувьд хууль ёсны эсэх дээр зайлшгүй үнэлэлт өгч шийдвэрлэх ёстой байсан бөгөөд энэхүү үндэслэл нь маргаан бүхий захиргааны акт өөрөө хуувь ёсны эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй байсан билээ.

Шийдвэрт ... гэрээ, ажил байдлын тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, дүрэм, журмаас үзэхэд Ч.Б нь Америкийн Нэгдсэн Улсад томилолтоор ажилласан УИХ-ын гишүүн, сайд нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх үүргийг Монгол улсын хэргийг түр хамаарагчид зөвлөх, Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтанд чиг үүрэг өгөх, түр хамаарагчаас тухайн ажилтанд өгсөн үүргийн биелэлтийг хянаж шалгах замаар үүрэгт ажлаа биелүүлж ажиллах ёстой байсан байна гэжээ.

Ч.Б-ыг ...Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан... гэх үндэслэлээр чөлөөлж, хугацаанаас өмнө эгүүлэн татаж байгаа билээ.

Ийнхүү үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж байгаа үндэслэл нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Б, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.У нар Америкийн Нэгдсэн улсад албан томилолтоор ажиллах болсонтой холбогдуулан тэдний айлчлалд дэмжлэг үзүүлээгүй гэсэн гол үндэслэл юм.

Ч.Б нь 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн яамны гадаад харилцааны мэргэжилтэн С.О-ээс Монгол улсаас Америкийн Нэгдсэн улсад суугаа элчин сайдын яамны и-мэйл хаягаар дээрх нэр бүхий УИХ гишүүн, сайд нарыг ирэх тухай мэдээллийг хүлээн авсан бөгөөд энэхүү мэйлийг Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Б.Б-д өөрийнхөө и-мэйл хаягаас явуулсан байна.

Б.Б дээрх мэйлээр ирсэн мэдээллийг Элчин сайдын эзгүйд Монгол улсын Хэргийг түр хамаарагч С.Б-д /Тус ЭСЯ-ыг толгойлон ажиллаж байсан хүн гэсэн үг/ и-мэйлээр явуулжээ.

Монгол улсын Хэргийг түр хамаарагч С.Б-ын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Сайд Н.Б, Ч.У нарын төлөөлөгч АНУ-д ажиллах үеэр Вашингтон дахь ЭСЯ анхаарал тавиагүй гэсэн асуудлын тухай тайлбар-таа Миний бие ЭЗХЯ-ныхантай холбоо барьж, тодорхой чиглэл авахыг Б.Б-д даалгасан боловч ЭЗХЯ хариу өгөөгүй гэсэн. ЭЗХЯ-наас-ирүүлсэн хөтөлбөр нь Засгийн газрын бонд гаргах асуудлыг хариуцаж буй Deutsche Bank-аас гаргасан төлөөлөгчдийн аяллын маршрут хэлбэрийн, агуулга байхгүй 25 хуудас материал байсан гэсэн байдаг.

Энэхүү тайлбараас үзэхэд Ч.Б нь и-мэйлээр ирсэн мэдээллийг хүлээн авч тухайн чиглэлийн асуудлыг гардан хариуцдаг Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн зөвлөх Б.Б руу явуулсан, Б.Б нь Монгол Улсын Хэргийг түр хамаарагч, тухайн үед Элчин сайдын яамыг тэргүүлж байсан С.Б-д явуулсан байна.

Монгол Улсын Хэргийг түр хамаарагч С.Б Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Б.Б-д ЭЗХЯ-ныхантай холбоо барьж, тодорхой чиглэл авахыг даалгасан боловч ЭЗХЯ хариу өгөөгүй гэсэн тайлбараас үзвэл сайд нар ирэх тухай мэдээлэл энэ талаар шийдвэр, чиглэл гаргах эрх бүхий хүнд болон асуудлаа гардан хариуцсан зөвлөх нарт хүрсэн, ЭСЯ-ыг толгойлж байсан С.Б энэ талаар тодорхой мэдээлэлтэй байсныг харуулж байгаа юм.

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн улсад суугаа Элчин сайдын яамны төвийн томилолттой ажилтнуудын ажил үүргийн хуваарь -ийн 4 дүгээр зүйлийн 2-т худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн даргын ажил үүргийн хуваарийг тодорхойлсон байх бөгөөд уг хуваарьт ҮХЯ, Сангийн яам, Монгол банк, ДБАЖЯ, ХХААЯ, бусад агентлагуудтай холбогдсон болон харилцах асуудлыг хариуцах гэсэн чиг үүргийг тодорхойлж өгсөн байна.

Энэхүү чиг үүргийн хүрээнд дээрх хоёр сайдын бизнес аялал хамаарч байсан байх бөгөөд Ч.Б-г асуудлыг хариуцсан ажилтан руу мэдээллийг хүргүүлсэн, сайд нарын ажилд туслах ёстойг С.Б болон Ч.Б нарт хэлж зөвлөөд байсан байхад Ч.Б-ыг ажлын хариуцлага алдсан гэж үзэх нь үндэслэлгүй, шударга бус юм.

Ч.Б Монгол Улсын Хэргийг түр хамаарагч С.Б-ын үүрэг даалгаврын дагуу дэлгэрэнгүй мэдээлэл олж авах ёстой байсан бөгөөд мөн тэднийг угтаж үдэх, хүлээж авах талаар тодорхой санал, төсөл гарган удирдлагадаа танилцуулах, түүнээс шийдвэр чиглэл гаргаж өгөхийг хүсэх, мөн тодорхой яам, газруудад мэдээлэл өгөх үүргийг хэрэгжүүлэх нь дээрх ажил үүргийн хуваарийн дагуу түүний хийж гүйцэтгэх ёстой ажил юм.

Нөгөөтээгүүр, С.Б нь тус ЭСЯ-ыг толгойлж ажиллаж байгаа хүний хувьд Дипломат албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дипломат төлөөлөгчийн газрыг нэгдсэн удирдлагаар хангах гэж заасны дагуу хоёр сайдын ажилд туслах талаар ЭСЯ-ны ажилтнуудыг удирдлага, чиг үүргээр хангаж, тодорхой шийдвэр, чиглэл гаргаж ажиллах ёстой байсан.

Гэтэл анхан шатны шүүх Ч.Б-ыг ...Америкийн Нэгдсэн Улсад томилолтоор ажилласан УИХ-ын гишүүн, сайд нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх үүргийг Монгол улсын хэргийг түр хамаарагчид зөвлөх, Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтанд чиг үүрэг өгөх, түр хамаарагчаас тухайн ажилтанд өгсөн үүргийн биелэлтийг хянаж шалгах замаар үүрэгт ажлаа биелүүлж ажиллах ёстой байсан байна гэж дүгнэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Ч.Б-ыг Монгол Улсын Хэргийг түр хамаарагчид Сайд нарыг угтан авах талаар зөвлөгөө өгөөгүй, мөн түр хамаарагчийн өмнөөс ажилтанд чиг үүрэг өгөөгүй, түр хамаарагчийн өгөөгүй үүрэг, гаргаагүй шийдвэрт хяналт тавиагүй гэж шүүх үзэж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Хэргийг түр хамаарагч болон Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх нар Ч.Б-ын зөвлөгөө, хяналтгүйгээр өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй, эсхүл Ч.Б зөвлөхгүй, хянахгүй л бол огт хэрэгжүүлэх ёсгүй гэж үзэж буйтай яг адил билээ.

Жинхэнэ ажлын хариуцлага алдсан Хэргийг түр хамаарагч болон асуудлаа гардан хариуцсан худалдаа, эдийн засгийн зөвлөх нартайгаа хариуцлага огт тооцоогүй хэр нь шууд хамааралгүй Элчин зөвлөхтэй хариуцлага тооцон ажлаас халж эгүүлэн дуудсан нь хууль бус, шударга бус үйлдэл юм.

Хууль болон ажил үүргийн хуваарийн дагуу өгөгдсөн үүргийг Вашингтон дахь Хэргийг түр хамаарагч болон Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх хэрэгжүүлэх үүрэгтэй болох нь ил тодорхой зүйл болно. Тиймээс ч тус ЭСЯ-ыг хариуцсан ГХЯ-ны газрын дарга Б.Ч хоёр сайдад туслаагүй асуудалтай холбогдуулан гаргасан мэдүүлэгтээ ...тухайн үед ЭСЯ-ыг тэргүүлж байсан хүн асуудлыг хэрхэн зохицуулах талаар тодорхой чиглэл өгөөгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байдаг.

1.1 Шийдвэрт ... Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчийн газрын хөдөлмөрийн дотоод журам -ын 3.2.5, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан заалтуудаас үзвэл Ч.Баатарт сахилгын шийтгэл ногдуулж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, эгүүлэн татсан гэж үзэх боломжгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн ...надад сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна гэсэн тайлбар үндэслэлгүй, харин Ч.Б-т сахилгын шийтгэл ногдуулаагүй, Гадаад харилцааны сайд бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаас нь чөлөөлж, эгүүлэн татахаар шийдвэрлэсэн, харин ирсэн хойно нь ажлаас халах, ажлын байраар хангах, сахилгын шийтгэл ногдуулах нь тусдаа асуудал байдаг гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ гэжээ.

Дипломат ажилтныг хугацаанаас өмнө эгүүлэн татах зохицуулалт 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин Сайдын Яаманд Элчин Зөвлөхөөр томилогдсон Ч.Б-тай байгуулсан гэрээ -нд байх бөгөөд гэрээний 5.1.3-д Дипломат Төлөөлөгчийн Газар ажиллаж буй дипломат ажилтныг хугацаанаас өмнө эгүүлэн дуудаж, дипломат албанаас халах нь сахилгын шийтгэл болж байгаа юм.

Үүнээс өөр дипломат ажилтныг хугацаанаас өмнө эгүүлэн татаж, үүрэгт ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм -ийн 5.6-д Дипломат ажилтан ёс зүйн зөрчил гаргасан асуудлыг ГХЯ- ны төрийн албаны салбар зөвлөл хуралдаанаар хэлэлцэн дүгнэлт гаргана гэж заасны дагуу Төрийн албаны салбар зөвлөл 2013 оны 01 дүгээр сарын хуралдааны шийдвэр гаргасан зэргээс үзэхэд Ч.Б-т сахилгын шийтгэл оногдуулсан гэж үзэхээс өөрөөр ойлгох аргагүй байсан юм.

Гэтэл анхан шатны шүүх үзэхдээ ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулаагүй, зүгээр л ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзээд хугацаанаас өмнө эгүүлэн татсан, ингэж эгүүлэн татаж байгаа нь сахилгын шийтгэл биш гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн атлаа чухам ямар хууль зүйн үндэслэлээр хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Ч.Б-ыг эгүүлэн татаж Монгол улсад ирсний дараа ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй бөгөөд хэрэв ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байхгүй бол Ч.Б нь ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй гэсэн үг билээ.

Ч.Б-ыг ажлаас чөлөөлсөн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/29 тоот тушаалын үндэслэлд заагдсан зүйл заалт нь Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчийн газрын хөдөлмөрийн дотоод журам -ын 3.2.9 бөгөөд уг заалтад ...Хилийн чанадад суугаа ДТГ-т ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтнуудын томилолтын хугацааг дуусгавар болголгүйгээр эгүүлэн татах асуудлыг ТАСЗ-ийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байна.

Маргаан бүхий тушаал нь Гадаад харилцааны - яам болон дипломат төлөөлөгчийн газрын хөдөлмөрийн дотоод журам -ын 3.2.9-ийг үндэслэсэн байхад шүүх өөрөө Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчийн газрын хөдөлмөрийн дотоод журам -ын 3.2.5-д заасан заалт дээр уг тушаал үндэслэгдсэн мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны актын гол үндэслэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хэлэлцээгүй, ажил үүргийн хувьд шууд хариуцсан албан тушаалтнуудын ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, нөхцөл байдалд бодитой дүгнэлт өгөлгүй Ч.Б-ын ажил үүргийн хуваарьд шууд заагдаагүй асуудлаар буруутгаж дүгнэлт өгсөн, мөн Ч.Б-т ямар арга хэмжээ авсан болохыг үндэслэлтэйгээр шийдвэрлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Гадаад харилцааны сайдын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Энэхүү тушаалаар “үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан” гэсэн үндэслэлээр Ч.Б-ыг Монгол Улсаас Америкийн нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлөн, эгүүлэн татсан байна.

Гэвч уг тушаалыг Гадаад харилцааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/29 дүгээр тушаалын 2 дахь заалтаар хүчингүй болгосноор уг тушаал нь эрх зүйн хувьд үр дагаваргүй болжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар захиргааны шүүх нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг үндэслэлтэй байна.

2. Гадаад харилцааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Энэ тушаалаар “Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох журмыг зөрчин томилогдсон, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан” гэсэн үндэслэлээр Ч.Б-ыг элчин зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлөн, эгүүлэн татсан байх ба үндэслэл тус бүрийг хянан үзвэл:

а/ “Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох журмыг зөрчсөн буюу Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй томилогдсон” гэх талаар: Гадаад харилцааны сайд 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/22 дугаар тушаалаараа Ч.Б-ыг Монгол Улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилсон байна. Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Гадаад харилцааны яам болон Дипломат төлөөлөгчийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2-д зааснаар элчин зөвлөхийг яамны холбогдох газрын болон Дипломат төлөөлөгчийн газрын саналыг авч, Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, Гадаад харилцааны сайд томилохоор зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Ч.Б-ыг томилохдоо Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн гэх баримт байхгүй боловч энэ байдал нь захиргааны байгууллагын үүрэгт ажилд хамааралтай болохоос нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Захиргааны албан тушаалтан хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч Ч.Б-ыг ажилд томилсон тушаал гаргаж, түүнийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан гэрээ байгуулж ажиллуулсан бөгөөд анх ажилд томилохдоо томилох эрх бүхий албан тушаалтан нь Төрийн албаны салбар зөвлөлийн хурал болсон эсэхийг шалгах үүрэгтэй, энэ үүргээ тухайн үед хэрэгжүүлээгүй атлаа энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байгаа нь буруу байна.

б/ “үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх талаар: Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Дипломат төлөөлөгчийн газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилогдсон тэргүүн удирдах бөгөөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/286 дугаар тушаалаар С.Б-ыг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Америкийн Нэгдсэн Улсад Монгол Улсын Хэргийг хамаарагчаар томилсон байна. Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн /Монгол Улс 1966 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэгдэн орсон/ 19.1-д зааснаар “Төлөөлөгчийн газрын тэргүүний орон тоо сул ... байвал төлөөлөгчийн газрын тэргүүний үүргийг хэргийг түр хамаарагч түр гүйцэтгэнэ” гэж заасны дагуу 2012 оны 11 дүгээр сард тус улсад сайд нарыг очих үед Элчин сайдын яамны тэргүүний үүргийг С.Б гүйцэтгэж байсан тул Дипломат албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар Дипломат төлөөлөгчийн газрыг нэгдсэн удирдлагаар хангах нь түүний бүрэн эрхэд хамаарч байжээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагчаас “хяналт тавих үүргээ биелүүлээгүй” хэмээн холбогдох албан тушаалтан болох С.Б-д хариуцлага тооцоогүй атлаа Ч.Б-т хариуцлага тооцож байгаа нь хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцээгүй байна. Дипломат албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу дипломат төлөөлөгчийн газрыг нэгдсэн удирдлагаар хангах, баталсан төсвийг захиран зарцуулах, дипломат төлөөлөгчийн газрын дотоод асуудлаар тушаал гаргах бүрэн эрхийг тухайн үед томилогдсон хэргийг хамаарагч болохын хувьд С.Б хариуцах ёстой байсан бөгөөд С.Б-ын “тодорхой чиглэл авахыг Б.Б-д даалгасан ч Эдийн засгийн хөгжлийн яамнаас хариу өгөөгүй” гэх тайлбар, үзвэл нэхэмжлэгчийн “... Бостон хотод очвол онгоцоор очих гэх мэт бүгд санхүү мөнгөтэй холбоотой учраас тушаал гарах ёстой бөгөөд надад тийм эрх мэдэл байхгүй” гэж маргаж байгааг хүлээж авах үндэслэлтэй байна.

Дипломат албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10-т зааснаар Гадаад харилцааны яам нь хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй атлаа энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй, тодруулбал Улсын Их Хурлын гишүүд болон Засгийн газрын гишүүдийн айлчлалын талаар албан ёсоор мэдэгдээгүй, үүрэг чиглэл өгөөгүй, нэгдсэн удирдлагаар хангаагүй болох нь хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “2 сайдын айлчлалын талаар Гадаад харилцааны яам мэдээгүй байсан” гэх тайлбар, Гадаад харилцааны яамны Америк, Африкийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ч-гийн “нэр дурдсан сайдуудын айлчлалын талаар хэзээ хойно нь мэдсэн, өмнө нь манай газарт мэдэгдээгүй” гэх тайлбараар2 тус тус тогтоогдож байна.

Эндээс үзэхэд зөвхөн нэхэмжлэгчийг буруутгаж байгаа “үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх үндэслэл нь захиргааны байгууллагын үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсантай холбоотой, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдлаас шалтгаалсан, түүнчлэн нэхэмжлэгчийг хуулиар хүлээсэн үүрэгт ажилд шууд хамааралгүй асуудлаар буруутгасан зэрэг нөхцөлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, маргаан бүхий Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

  1. “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн

даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, хуульд заасан журмын дагуу нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлагын тухайд: Дээрх байдлаар хариуцагч Гадаад харилцааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/29 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй. Иймээс 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс, мөн оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хууль, Гадаад харилцааны яамны дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу тооцон, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Ийнхүү олговор гаргуулахад Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/246 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон, өндөр насны тэтгэвэрт гаргахаар шийдвэрлэсэн байдал саад болохгүйг тэмдэглэж байна.

Харин ажилгүй байсан хугацааны олговроос уг хугацааны шимтгэл, татварыг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шилжүүлэх, нөхөн бичилт хийх зэрэг нь ажил олгогч байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг байх тул тусдаа захиргааны акт гэж үзэх, тодруулбал нэхэмжлэлийн шаардлагатай адилтган үзэх үндэслэлгүй.

  1. “Америкийн Нэгдсэн Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөхийн

албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” шаардлагын тухайд: Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/246 дугаар тушаалаар Ч.Б-ыг төрийн албанаас чөлөөлж, өндөр насны тэтгэвэрт гаргасан байна.

Нэхэмжлэгч нь уг тушаалын талаар маргаагүй, энэхүү тушаал хүчин төгөлдөр үйлчилж байх тул нэхэмжлэгчийн “ажилд эгүүлэн томилуулах” тухай шаардлагыг хангах боломжгүй байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ дахин улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй тул нэхэмжлэгчийн илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Дипломат албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Гадаад харилцааны сайдын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Гадаад харилцааны сайдад АНУ-ын Вашингтон хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж хуульд заасан журмын дагуу нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, “Гадаад харилцааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас 2013 оны 3 дугаар сарын 1-нээс 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг хариуцагчаас, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-т буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.