Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2013/08

 

2013 оны 12 сарын 25 өдөр                    Дугаар 08                        Улаанбаатар хот

 

 “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 413 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ашигт малтмалын хайгуулын ХХ/-015485, Х\/-015486, Х\/-015488 дугаартай тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэхээс татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын, 2013 оны 03 сарын 18-ны өдрийн 106, 107, 108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийг тус газарт мэдүүлсэн огноог үндэслэж “Д” ХХК-д шилжүүлэн бүртгэхийг Ашигт малтмалын газрын даргад даалгах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Д” ХХК-ийн хайгуулын Х\/-015485, Х\/-015486, Х\/-015488 дугаартай тусгай зөвшөөрлийг “Д” ХХК-д шилжүүлэх тухай өргөдлийг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 49.5-д зааснаар хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тодруулах явцад 12 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох бусдад шилжүүлэхийг хориглон тухайн өдрөөс дагаж мөрдсөн. Хуулиар олгосон 5 өдөрт өргөдлийг хянаж байхад шилжүүлэхийг хуулиар хориглосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй." гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 413 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5, 49.6, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн “Ашигт малтмалын хайгуулын XV- 015485, ХУ-015486, ХУ-015488 дугаартай тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэхээс татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 03 сарын 18-ны өдрийн 106, 107, 108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийг тус газарт мэдүүлсэн огноог үндэслэж “Д” ХХК-д шилжүүлэн бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаан хэрэглэсний улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. 1. Хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ "Ашигт малтмалын тухай хуулийн 49.6-д заасан ажлын 5 хоногийн хугацаанд мөн хуулийн 49.5-д заасан ажиллагааг гүйцэтгэж дуусаагүй байхад Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хориглож, энэ хуулийг 2012-12-28-ны өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан" гэж дүгнэсэн. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ байгуулагдах, тусгай зөвшөөрлийг 1 шилжүүлэх хүсэлт гаргах, мөн уг хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авах зэрэг ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаагүй, тусгай зөвшөөрлийг шилжүүлж болохгүй гэж хязгаарласан, хориглосон ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй байсан. Манай компани ашигт малтмалын хайгуулын ХМ-015485, ХУ-015486, ХУ-015488 дугаартай тусгай зөвшөөрлөө толгой компани болох "Д" ХХК-д шилжүүлэхээр 2012 оны 12 сарын 03-ны өдөр "Тусгай зөвшөөрөл, түүнд холбогдох мэдээ, материал, тайланг шилжүүлэх гэрээ"-г байгуулсан ба Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл шилжүүлэх хүсэлтийг 2012 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч, өргөдлийн ТК-008309, ТК-008310, ТК-008311 дугаартаа бүртгэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 49.6.1 заалтыг шүүх "өргөдлийг хүлээн авснаас хойш шалгаж байх хугацаанд хууль батлагдсан тул татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй" гэж тайлбарласан. Гэтэл энэ хуулийн 49.4, 49.5, 49.6 дахь заалтын агуулгаас харахад төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянаад хуулийн 49.5-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргахдаа зөвхөн хуулийн 49.4, 49.5-д тодорхойлон заасан өргөдөл, түүнд тавигдах шаардлагын хүрээнд шалгах ёстой. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 49.6-д "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.5-д заасан ажиллагааг гүйцэтгэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана" гэсэн заалтаас тодорхой байна. Хэрэв өргөдөл нь хуулийн 49.4, 49.5-д заасан шаардлагыг хангаагүй бол 49.6.1-т заасан "Хуульд харшлах шалтгаантай байна" гэж үзэх үндэслэл болж болох юм. Манай компанийн хувьд тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэхээр гаргасан өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 49.4, 49.5-д заасан шаардлагыг бүрэн хангасан болох нь хэрэгт авагдсан өргөдлийн бүрдэл, өргөдлийг хүлээн авсан бүртгэл зэрэг баримтаас харагдана.

  1. Хуулийг буцаан хэрэглэсэн тухайд: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль нь Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэхээр гаргасан манай компанийн өргөдлийг хүлээн авснаас хойш буюу 2012 оны 12 сарын 28-ны өдөр батлагдсан. Энэ хуулийн 2 дугаар зүйлд "Энэ хуулийг 2012 оны 12 сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж хүчин төгөлдөр дагаж мөрдөх хугацааг тодорхой заасан байтал шүүх 2012 оны 12 сарын 25-ны өдөр үүссэн харилцаанд 2012 оны 12 сарын 28-ны өдрөөс дагаж мөрдсөн хуулийн заалтыг буцаан хэрэглэсэн.

Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хуулийг буцаан хэрэглэхийг хориглох зарчим бол хүний эрхийг хангах нэг чухал механизм юм. Шинээр хууль батлан гаргах, үйлчилж байсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох зэрэг хөдөлгөөн нь ямар нэгэн зан төлөвийг хуулийн зохицуулалтад оруулах, хүлээлгэх хариуцлагыг чангаруулах буюу эсхүл хуулийн зохицуулалт хариуцлагыг хөнгөрүүлэх, хүчингүй болгох агуулгатай байдаг. Үүнтэй холбогдож тухайн хуулийг хүчин төгөлдөр болоогүй байхад үүссэн эрх зүйн харилцааг хэрхэн шийдвэрлэх тухай асуудал гардаг бөгөөд энэ асуудлыг буруу шийдвэрлэвэл хүний эрх, эрх чөлөөг ноцтой хохироодог, Гэтэл шүүх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 26.3-т "...хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно" гэж заасан бөгөөд энэ нь шинээр батлагдаж байгаа хууль тогтоомжийг тодорхой хугацааны өмнө олон нийтэд таниулах, сурталчлах зорилго бүхий суурь зохицуулалт юм. Бид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглосон хууль батлагдах гэж байгаа талаар огт мэдээгүй байсан. Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 сарын 07-ны өдрийн 413 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2013-03-18-ны өдрийн 106, 107, 108 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрлүүдийг тус газарт мэдүүлсэн огноог үндэслэн "Д" ХХК-д шилжүүлэн бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

“Д” ХХК-иас өөрийн эзэмшлийн хайгуулын ХХ/-015485, Х\/-015486, Х\/-015488 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг “ДН” ХХК-д шилжүүлэх тухай өргөдлийг холбогдох материалуудын хамт гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан, өргөдлийг хянан шийдвэрлэх буюу Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д заасан хугацаа дуусаагүй байхад 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглосон, уг хууль тухайн өдрөөсөө дагаж мөрдөгдсөн нь хэргийн оролцогчдын тайлбар, өргөдлийн бүртгэлийн дэвтэр, болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Монгол Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай хуульд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрчлөлт оруулж, тухайн хуулийг дагаж мөрдөх хугацааг тогтоосон бөгөөд уг хууль Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар мөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, түүний дарга Монгол Улсын Үндсэн Хууль, бусад хууль тухайлбал Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хуулийг дээдэлж, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагын хувьд ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д заасан нөхцөлийг шалгахаас гадна тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг биелүүлэх ёстой. Тиймээс нэхэмжлэгч компанийн хүсэлтийг шийдвэрлэхээс өмнө өөрчлөлт орж, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хуулийн дагуу “Д” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэхээс татгалзсан нь үндэслэлтэй бөгөөд энэ нь хуулийг буцаан хэрэглэсэнд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл хууль батлагдахаас өмнө тусгай зөвшөөрлийг шилжүүлэх талаар аж ахуйн нэгжүүдийн хооронд гэрээ байгуулагдсан, эрх бүхий төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргыг Монгол Улсын хуулийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг зохицуулж буй хуулийн зүйл, заалтыг оновчтой хэрэглээгүй байгааг зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 413 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дахь зүйлд” гэснийг “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай /2012 оны/ хуулийн 1 дүгээр зүйл” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч?‘ хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.