Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2013/09

 

2013 оны 12 сарын 26 өдөр                    Дугаар 9                   Улаанбаатар хот

 

“Т” ХХК болон “Х” ХХК-иудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК болон “Х” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-иас шуухэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 110 дугаар шийдвэрээс /Ашигт малтмалын газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү-ийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2-3021 тоот албан бичигт 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 111 тоот шийдвэр гэсэн/ “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн 10967Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх” гэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээс /Ашигт малтмалын газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү-ийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны 2-3025 тоот албан бичигт 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 111 тоот шийдвэр гэсэн/ “Х” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Х” ХХК-ийн 12360А /М\/-012360/ дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын хэлтсийн Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3-т зааснаар ашигт малтмалын газар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиглэл өгсөн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болно. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 17.2.1-т заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн албан тоотыг үндэслэн “Т” ХХК, “Х” ХХК-иудын эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 10976Х, 12360А тоот тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл олгох байгууллагын хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна.

Иймд Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 110, 111 дугаартай шийдвэрүүдийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14- т заасныг тус тус заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 110 дугаартай шийдвэрийн “Т” ХХК-д, 111 дугаартай шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Х” ХХК-ийн 12360А, “Т” ХХК-ийн 10967Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэх тухай шаардлага бүхий “Т” ХХК, “Х” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК, “Х” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

 

1. Хариуцагч маргаан бүхий “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 110, 111 дугаартай шийдвэрийг гаргахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Чиглэл өгөх тухай” 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн н/05 тоот албан бичгийг үндэслэсэн байдаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хувьд энэхүү албан бичгийг шүүх хуралдааны өмнөх өдөр уншиж танилцсан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу гаргасан “чиглэл өгөх тухай” баримт бичиг биш харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Э-ийн “чиглэл өгөх” тухай бичиг байсан.

Шүүх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс судлан үзэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу Ашигт малтмалын газарт “чиглэл” өгсөн юм уу, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ашигт малтмалын газарт “чиглэл” өгөөд байгаа юм уу гэдэгт дүгнэлт хийгээгүй байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдгийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 2 дугаар зүйлд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь /цаашид “Зөвлөл” гэх/ үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн” гэж заасан ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд Зөвлөлийн гишүүн байна” заажээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвлөл нь хэлэлцэн зөвшилцөлд хүрсэн асуудлаар шийдвэр гаргах бөгөөд тэр нь зөвлөмжийн шинж чанартай байна” гэж тус тус хуульчилсан байна.

                             Түүнчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай

хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн дарга уг албан тушаалыг хаших хугацаанд түүний улс төрийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын эрх хэмжээг хуульчилсан байна.

Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үүргийн дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар “Т” ХХК, “Х” ХХК-ийн тухай хуралдаж. шийдвэр гаргасан эсэх, эсхүл хариуцагч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, чиглэл мэтээр ойлгож хэрэгжүүлээд байна уу гэсэн эргэлзээг нэр мөр арилгаагүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д тус тус заасан:

  1. Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал,
  2. нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал,
  3. иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал,
  4. ЭДИЙН засгийн аюулгүй байдал,
  5. шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал,
  6. мэдээллийн аюулгүй байдал,
  7. монгол соёл иргэншлийн аюулгүй байдал,
  8. хүн ам, удмын сангийн аюулгүй байдал,
  9. экологийн аюулгүй байдал.
  10. хүнсний аюулгүй байдалд халдсан аливаа үйл ажиллагаа явуулаагүй,

явуулах сэдэл, зорилго байхгүй, энэ тухай Монгол Улсын эрх бүхий байгууллагаас шаардлага, зөвлөмж, дүгнэлт ирүүлж байгаагүй гэдэг бөгөөд үнэхээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад “Т” ХХК, “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болго гэсэн шийдвэр, чиглэлийг өгсөн бол хүндэтгэхээс өөр аргагүй гэдэг ба харин Зөвлөлийн нарийн бичгийн дарга өөрт олгогдоогүй бүрэн эрхийг эдлээд “чиглэл” өгсөн бол хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Энэ нь ч үндэслэлтэй юм. Зөвлөлийн нарийн бичгийн дарга “чиглэл” өгөөд түүнийг Ашигт малтмалын Кадастрын хэлтэс биелүүлж тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгоод байвал хөрөнгө оруулагч нар юунд найдаж, юунд итгэж хөрөнгө оруулах нь эргэлзээтэй, хөрөнгө оруулалтын орчныг муутгах буруу жишиг болно.

 

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс “Тусгай

зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 110, 111 дугаартай шийдвэр нь захиргааны акт болохыг хувьд хариуцагч энэхүү захиргааны актыг гаргахдаа эрх зүйн үндэслэлийн зөв сонгож хэрэглэсэн эсэх дээр маргасан юм.

Тухайлбал шийдвэр гаргахдаа иш татсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3 дахь хэсэг нь Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээг зохицуулсан зохицуулалт, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтыг зөв хэрэглэж чадаагүй гэж маргасан болно. Өөрөөр хэлбэл хариуцагч эрх зүйн харилцааг зохицуулсан ерөнхий хэм хэмжээг иш татан хэрэглэсэн бөгөөд яг тухай тохиолдолд таарах хэм хэмжээг хэрэглэж чадаагүй байна.

  1. Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн

11.2-д “Агентлаг нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, шүүх, прокурор болон Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллага, тэдгээрийн ажлын алба, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнтэй сайдаар дамжуулан харилцах ба эдгээр байгууллага, албан тушаалтан нь агентлагтай мөн сайдаар дамжуулан харилцана” гэж заасан бөгөөд үнэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Ашигт малтмалын газарт чиглэл өгсөн бол хуулийн шаардлагыг хангаж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд /хуучнаар/-аар дамжуулж Ашигт малтмалын газар хандсан байх учиртай. Учир нь Засгийн газрын агентлагтай харьцах талаар энэ нь нэг мөр хэвшсэн хуулийн заалт, харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга мэдэхгүй байх талтай. Шүүх энэ талаарх нотлох баримтуудыг цуглуулах зайлшгүй шаардлага байсан.

Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Шүүх хариуцагч төрийн захиргааны байгууллагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу “Т” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 10967Х, “Х” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 12360А дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь Үндэсний аюулгүй байдлын тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулиудтай нийцсэн гэж зөв дүгнэжээ.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 17 дугаар зүйлийн 17.2.1, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудын агуулгаас үзвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэл, шийдвэрийг төрийн байгууллага, албан тушаалтан биелүүлж, өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу зохих журмаар хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Үүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар Зөвлөлийн шийдвэр, өгсөн чиглэлийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” н/05 дугаартай албан бичгийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлжээ.

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг бус Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан "... шүүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс чиглэл өгсөн үү, нарийн бичгийн даргаас чиглэл өгсөн үү гэдэгт дүгнэлт хийгээгүй” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

Мөн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан агентлагтай сайдаар дамжуулан харилцах байгууллагад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хамаарахгүй байгаагаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 174 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын дотоод дүрэм’’-ийн 2.34-т “Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь үүргээ хэрэгжүүлэхдээ ... Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, тэдгээрийн харьяа байгууллага ... -тай шууд харилцаж ажиллана” гэж заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Ашигт малтмалын газарт албан бичиг хүргүүлж, шууд харилцсан нь хууль, тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "... Засгийн газрын агентлагтай харьцах талаар ... Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга мэдэхгүй байх талтай, шүүх энэ талаар нотлох баримтуудыг цуглуулах зайлшгүй шаардлагатай” гэсэн гомдлыг хүлээж авах боломжгүй.

Харин нэхэмжлэгч “Т” ХХК, “Х” ХХК-иуд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70200 төгрөг буюу нийт 140400 төгрөг төлсөн /хх-4, 47 дахь тал/ байгааг анхааралгүй захиргааны хэргийг нэгтгэн шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүй байгааг зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаанд гаргасан зардалтай холбоотой хохирол учирсан гэж үзэж байгаа бол энэ талаар маргах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 436 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1” гэснийг “Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 9 дүгээр зүйлийн 9.2” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас нэхэмжлэл гаргахдаа төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.