Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1052

 

Г.А-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямбат,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1817 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Нямбатын бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр Г.А-д холбогдох эрүүгийн 1908031581075 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Бүргэд овгийн Г.А-, 1999 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эхийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Г.А- нь 2019 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газарт “Хоолны ширээг чинь нийлүүлж сууна” гэх шалтгаанаар иргэн Д.Даваажавтай маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.А- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Прокурор хэргийн талаар нотолбол зохих байдал болох гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоосон эсэхэд хяналт тавих, зөрчлийг арилгуулах, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, тооцуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл “Шөлөндөө” хоолны газар буюу хуулийн этгээдийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн газарт гэмт хэрэг гарсан байхад прокурор цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

2. Шүүгдэгч Г.А- болон гэрч Б.Сийлэгмаа нараас “...хохирогч Д.Даваажав сэрээ бариад дайрсан, сандал өргөж сүрдүүлсэн...” гэж хохирогчийн зүй бус үйлдлийн талаар мэдүүлсэн байх тул энэхүү нөхцөл байдлыг тодруулж, шаардлагатай бол нүүрэлдүүлэх, мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг тодорхой ажиллагаа явуулсны үндсэн дээр тогтоогдсон нөхцөл байдалд прокурор дүгнэлт өгөх учиртай.

3. Шүүгдэгч Г.А- “...бичлэг дээр миний цохиж байгаа хэсэг л байсан. Хохирогчийн сэрээ, сандал бариад дайрч байгаа хэсэг байхгүй байсан. Хохирогч өөрөө бичлэгээ авчирсан гэж байсан...” гэж мэдүүлсэн бөгөөд улсын яллагч үүнийг няцаан үгүйсгээгүй. Мөрдөгч хэргийн үйл баримтын талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд өөрөө цуглуулж, бэхжүүлэх үүрэгтэй атал хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй хохирогчоор хэргийн талаарх бичлэгийг хуулбарлуулан авчруулсан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд хуульд заасан журмын дагуу гэмт хэрэг гарсан газарт үзлэг хийж, камерын бичлэгийг шалган эд мөрийн баримтаар хураах ажиллагааг нөхөн гүйцэтгэх шаардлагатай.

4. Гэмт хэрэгт холбогдсон хүний хувийн байдлыг тогтоох талаар хангалттай ажиллагаа явуулаагүйн улмаас шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс түүний хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг нөхөн гаргаж өгсөн байгааг прокурорын хяналтын хүрээнд цаашид анхаарвал зохино.

Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Нямбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зохих хуулийн этгээдэд ... мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт хавсаргана” гэж заасны дагуу гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар “Шөлөндөө” хоолны газар болох хуулийн этгээдэд мэдэгдэл бичих боломжгүй. Учир нь, уг хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч нь уг гэмт хэргийг үйлдээгүй ба түүгээр үйлчлүүлж байсан иргэд хоорондоо маргаж эхэлснээр гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд эрүүгийн хэрэг бүрт заавал мэдэгдэл бичих талаар үүрэгжүүлсэн заалт байхгүй.

2. Гэрч Б.Сийлэгмаагийн “...хохирогч Д.Даваажав сэрээ бариад дайрсан, сандал өргөж сүрдүүлсэн...” гэсэн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Д.Даваажав, Г.А- нар анх маргалдсан газраасаа гарч яваад шатны хэсэгт очсон ба энэ үед хохирогчийн гарт ямар нэг эд зүйл байгаагүй болох нь камерын бичлэгээс тодорхой харагддаг. Хохирогч Д.Даваажав олон нийтийн газарт танхайрсан байж болох асуудал нь эрүүгийн хэргээс тусдаа шийдвэрлэгдэх асуудал.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогчийн гаргаж өгсөн эд зүйлийг мөрдөгч хүлээн авч тэмдэглэл үйлдэн хэрэгт тусгаж хавсаргана” гэж заасан тул хохирогч Д.Даваажаваас ирүүлсэн камерын бичлэгийг “ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзэх үндэслэлгүй юм. Үүнээс гадна, энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хохирогчийн “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйлийг гаргаж өгч хэрэгт бэхжүүлж тусгуулах” эрхийг тодорхойлсон байдаг. Хохирогч Д.Даваажавын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйлдэл нь хоолны зааланд биш, гарах шатны хэсэгт болсон нь камерын бичлэг, хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогдсон байдаг тул бусад камерын бичлэг хэрэгт ач холбогдолгүй болно.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ ажлын газар, хорооны тодорхойлолтуудыг гаргаж өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлж, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа нэг хэлбэр бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг тодотгосон бичиг баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн баримтыг прокурорын хяналтын хүрээнд заавал хийгдэх байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Эдгээр бичиг баримтыг мөрдөгч, прокурорт авчирч өгснийг хүлээн авахаас татгалзсан тохиолдол байхгүй, харин шүүгдэгчийн хувийн шалтгааны улмаас шүүхийн шатанд ирүүлсэн болно.

Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Г.А-г 2019 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газарт “Хоолны ширээг чинь нийлүүлж сууна” гэх шалтгаанаар иргэн Д.Даваажавтай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд, “...гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тодруулж, түүнийг арилгах арга хэмжээ авах, хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор гэмт хэрэг гарсан газрын хяналтын дүрс бичлэгийг дахин шалгаж, эд мөрийн баримтаар хураан авах шаардлагатай...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болон түүнтэй холбогдсон бусад асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Г.А-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг талуудын хүсэлтээр оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн гэмт хэрэг гарсан газар, тухайн цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг харуулсан дүрс бичлэгийг хохирогчийн зүгээс хуулбарлан гаргаж өгснийг мөрдөгч хүлээн авч, эд мөрийн баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй болохыг дурдаж байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Г.А-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан шийдвэрлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1817 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.А-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.  Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.   Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

                                          ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                          ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН