Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 663

 

     Г.А-д холбогдох эрүүгийн

                                                                              хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Д.Даваажав, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Б.Оюунзул,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Даваажавын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.А-д холбогдох эрүүгийн 1908031581075 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г.А-, 1999 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эхийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,

            Г.А- нь 2019 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” хоолны газарт “Хоолны ширээг нийлүүлж суусан” гэх шалтгаанаар иргэн Д.Даваажавтай маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.А- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Даваажав нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Даваажавын өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Энэ хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлоогүй. Гэмт хэргийн улмаас хохирогч бүх насаараа хоол боловсруулах эрхтнийхээ хувьд хохирч, цаашид эрүүл, амьд явах эрх нь зөрчигдөх үндэс тавигдсан. Энэ нь түүний ар гэрийн амьдралд хор уршиг дагуулж болохоор байгаа. Хэрэг гарснаас хойш шүүгдэгч хохирол, хор уршгийг арилгаагүй байхад түүнд 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж, толгойг нь илсэн. Хохирлын асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 3 шүдний яс нөхөх хагалгаанд 4.500.000 төгрөг, имплант хийлгэх зардалд 7.500.000 төгрөг, ор хоногийн төлбөрт 500.000 төгрөг нийтдээ 12.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, эрүүл, амьд явах эрхийг хангах нөхцлийг бүрдүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гомдолтой байна. Цаашид шүдэнд имплант хийлгүүлэх зардлыг гаргуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.А- өмгөөлөгч Б.Оюунзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлогдсон. Өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, төлбөрийн асуудлыг хохирогч өөрөө нотлох үүрэгтэй болохоос мөрдөгч, прокурор нотлох үүрэггүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч бодитой гараагүй зардлыг нэхэмжилдэг. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.” гэв.

Шүүгдэгч Г.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Г.А- нь 2019 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” хоолны газарт “Хоолны ширээг нийлүүлж суусан” гэх шалтгаанаар иргэн Д.Даваажавтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисноос эрүүл мэндэд нь “2 шүдний булгаралт, 2 шүдний сулрал, буйл, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Д.Даваажав нь “...2019 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө найз Ариунсанаагийн хамт “Шөлөндөө” хоолны газарт хоол идээд сууж байхад А- гэгчтэй хамт явж байсан найз нь ширээ татахаар нь хоорондоо маргалдсан. Тэгээд шатан дээр эргээд хартал А- баруун гарын шуу хэсгээрээ миний ам руу 1 удаа цохиход амнаас цус гараад үүдэн 2 шүд хугарч, 1 шүд хөдөлсөн. ...” /хх 9/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, өөрт учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Х.Ариунсанаагийн “...найз Даваажавын хамт хоол идээд сууж байтал гаднаас дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй орж ирсэн. Тэр хүмүүсийн нэг нь манай ширээг татаад “Та нар хоолоо идээд дуусчихсан байгаа биз дээ, бид нийлүүлээд сууя” гэж хэлсэн. Түүнээс болж бид хоорондоо маргасан. Тэгээд би найзыгаа аваад гарах гэж байтал манай найзын ам руу тохойгоороо 1 удаа хүчтэй цохиод манай найз хойшоогоо унасан. Босоод ирэхэд шүд нь унасан байсан. ...” /хх 17/,

- гэрч Б.Сийлэгмаагийн “...эхлээд Уранзаяагийн хамт ороод сууж байхад хажууд байсан хоёр ах “Хоол авсан юм уу, мөнгө хэрэгтэй юу” гээд байсан. Тэгтэл гаднаас манай дөрвөн найз орж ирсэн. Би “Олуулаа явж байгаа юм чинь ширээгээ нийлүүлээд сууя” гээд хажуу талын хүмүүс хоолоо идээд дууссан болохоор нь ширээг нь татсан. Тэгээд хоорондоо маргаад хохирогч ах сандлаа өргөөд А- руу дайраад байсан. Нэлээд маргаж байгаад нөгөө хоёр ахын хамт шат хүртэл яваад, би араас нь очиход А- хохирогчийг цохичихсон байсан. ...” /хх 19/,

- гэрч Т.Уранзаяагийн “...ширээг нь татаад суухад нөгөө хохирогч ах уурласан. Тэд шат руу явах шиг болсон. Араас нь очиход амнаас нь цус гараад байсан. ...” /хх 21/,

- шүүгдэгч Г.А- “...шатны хажууд над руу дайраад “Хоёулаа эр хүн шиг зодолдъё” гээд байхаар нь би баруун гарын шуу хэсгээрээ Даваажавын нүүр лүү 1 удаа цохиход газар унаад амнаас нь цус гарсан. Тэгээд босоод ирэхэд Даваажавын шүд нь хугарчихсан. ...” /хх 43-46/ гэсэн мэдүүлгүүд, 

- шүүгдэгч Г.А- биед үзлэг хийсэн “...баруун гарын шууны гадна хэсэгт булчин дээр 1х1.5 см хэмжээтэй жижиг улаан хүрэн өнгийн 4 шархтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” /хх 3-4/ гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7084 дугаартай  “Д.Даваажавын биед 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, буйл, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10% нөлөөлнө.” /хх 32/ гэх дүгнэлт, 

- тухайн цаг хугацаанд “Шөлөндөө” хоолны газрын хооллох танхим, шатны хэсгүүдэд болж буй үйл явдлыг харуулсан хяналтын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн “...Даваажав, А- нар хоорондоо маргалдаж байгаад 1 минут 31 секундэд А- Даваажавыг баруун гарын шуу хэсгээрээ нүүр лүү нь цохиж унагааж байв. Даваажав босч ирээд амаа дарахад хамгаалагч залуу дундуур нь орж салгаж байв...” /хх 57/ гэсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогджээ.

Харин энэхүү үйл баримтаас өмнө болон дараа нь Д.Даваажав бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр тодорхойлогддог.

Мөрдөн шалгах ажиллагааны үед, хохирогч Д.Даваажав өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.А- зүгээс “үзлэг, эмчилгээ, хиймэл шүдний төлбөр”-т зарцуулсан 185.000 төгрөгийн баримттай зардал /хх 31, 50-52, 69/-ыг нөхөн төлжээ.

Харин хохирогч Д.Даваажавын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргаж өгсөн имплант шүд /эрүүний ясанд суулгадаг авдаггүй хиймэл шүд/ хийлгүүлэхтэй холбогдон гарах зардлыг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын тодорхойлолтууд /хх 55, 161-162/ нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг урьдчилан тодорхойлсон үнийн санал бүхий баримт байх тул эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн арилгахад гарсан бодитой зардал хэмээн үзэх боломжгүй байна.

Иймээс анхан шатны шүүх урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирлын асуудлаар гаргасан хохирогч Д.Даваажавын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Даваажавын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                       ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                       ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН