Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2016/0000/Э |
Дугаар | 2016/ДШМ/001 |
Огноо | 2016-07-01 |
Зүйл хэсэг | 148.4., |
Улсын яллагч | . |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2016/ДШМ/001
И.Од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар шүүхийн тогтоолтой И.Од холбогдох эрүүгийн 201520000330 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, хэрэг хариуцах чадвартай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Х овогт Иийн О нь 2015 оны 04 дүгээр сараас 2015 оны 07 дугаар сарын хооронд удаа дараагийн үйлдлээр Улаангом сумын 7 дугаар багийн иргэн Б.Пг төслийн зээл авч өгөх нэрээр хуурч мэхлэн 28200000 төгрөгийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар шүүхийн тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Иийн Од холбогдох эрүүгийн 201520000330 дугаар эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Увс аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.П нь 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хамгийн сүүлд мөнгө өгсөн гэж мэдүүлсэн. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар шүүхийн тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т “... яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ” 218.2-т “Тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч утга, арга сэдэлт, санаа зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана” гэж заасан. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр прокурорын яллах дүгнэлт нь дээрх хуулийн шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл: Үйлдсэн хэргийн товч утга гэдэг нь тухайн яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэзээ, хаана, хэрхэн үйлдэгдсэн, гэмт хэргийн уршгаар ямар хохирол учирсан зэргийн илэрхийлэл байна. Хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэрэг илэрсэн, шалгасан цаг хугацаа, тухайн хохирогчийн тодорхой цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байгаа учраас өдөр хоног, цаг минутаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг ойлгож болохгүй.
Хэдийгээр яллах дүгнэлтэд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг 1000000 төгрөгөөр зөрж байгаа боловч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой юм. Мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай гэж шүүх үзэж байгаа бол шүүхийн хэлэлцүүлгийн шатанд буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 265 дугаар зүйл, 266 дугаар зүйлд заасны дагуу гэрч, хохирогчийг дахин байцааж зөвтгөх боломжтой байсан. Шүүх хуралдаанаар нөхөн хийх боломжгүй ажиллагаа гэдэгт: “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа явуулж байж нотлох баримт шинээр цуглуулах, гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээд олох, эсхүл мөрдөн байцаалтын ажиллагаа өөр газарт нэмэлт олон ажиллагаа хийхийг ойлгоно” гэж заасан. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн хийх боломжтой гэж үзэж байна.
Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Хохирогч Б.П сүүлийн мөнгийг 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгсөн гэх мэдүүлэг хэний мэдүүлгээр зөрсөн эсэхийг тодорхой дурдаагүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Увс аймгийн прокурорын газраас И.Ог 2015 оны 04 дүгээр сараас 2015 оны 07 дугаар сарын хооронд удаа дараагийн үйлдлээр Улаангом сумын 7 дугаар багийн иргэн Б.Пг төслийн зээл авч өгөх нэрээр хуурч мэхлэн 28200000 төгрөгийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.5-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.П, түүний дүү гэрч Б.Ж нар шүүгдэгч И.Од хамгийн сүүлд хэдэн сарын хэдний өдөр мөнгө өгснийг нарийвчлан тогтоох шаардлагатай байна.
Яллах дүгнэлтэд шүүгдэгч И.Огийн хохирогч Б.Пгээс мөнгө авсан хугацааг 2015 оны 04 сараас 2015 оны 07 сарын хороонд гэж бичсэн боловч 2015 оны 04 сараас 2015 оны 07 сарын хороонд хэдэн удаагийн үйлдлээр, ямар хугацаанд хэдэн төгрөгөөр мөнгө авч байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Дээрх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19 өдрийн 03 дугаартай шүүхийн тогтоолд заасан үндэслэлүүдийг дахин шалгаж тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхийг хүссэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Д.КӨБЕШ