Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2016/ДШМ/004

 

М.Б, К.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр цагаатгах тогтоолтой, М.Б, К.С нарт холбогдох эрүүгийн 201304000251 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцэл болон иргэний нэхэмжлэгч нарын гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.А, прокурор Т.С, цагаатгасан этгээд М.Б, К.С, тэдний өмгөөлөгч Я.С, Х.З, иргэний нэхэмжлэгч Ш.Е, Х.Х нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 38 настай, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Т овогт Кийн С нь “Ш” хоршооны эзнээр ажиллаж байхдаа буюу 2009-2012 он хүртэлх хугацаанд Хөх-хөтөл багийн дунд сургуульд хэрэгжүүлсэн “Үдийн цай” хөтөлбөрөөс 84049000 төгрөгийн борлуулалтын орлогыг татварын тайланд тусгаагүй, нуун дарагдуулсан, нэмэгдсэн өртгийн албан татвар болох 6550018 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийж, 6550018 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, яс үндэс казак, 1966 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөх-хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Мын Б нь Хөх-хөтөл багийн дунд сургуулийн бага анги хариуцсан сургалтын менежерээр ажиллаж байхдаа, хадам дүү К.Сын дэмжлэгтэйгээр, бүлэглэн Хөх-хөтөл дунд сургуульд суралцаж байгаагүй 202 хүүхдийг суралцаж байгаа болгож, 2009-2012 он хүртэлх хугацаанд “Үдийн цай” хөтөлбөрөөс 12506800 төгрөг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр цагаатгах тогтоолоор “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Т овогт Кийн С, О овогт Мын Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201304000251 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, М.Б, К.С нарыг цагаатгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2 дахь хэсэгт зааснаар М.Б, К.С нарын учруулсан хохирол болох 12506800 төгрөг, мөн М.Бы учруулсан хохирол 6550018 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Х.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Уг хэргийг ямар ч хяналтгүй үгсэн хуйвалдаж, үдийн цайнд хамрагдсан хүүхдийн тоог зориуд нэмж хууль бус мөнгө завшуулсан сургуулийн захирал асан Р.Аы хэрэгтэй хамтатган шалгаж өгөхийг хүсэж байна. Мөн хичээлийн жилийн турш 1-5 дугаар ангид суралцах 9 ангийн нэг ч сурагч хичээлээ таслалгүй үдийн цайнд хамрагдсан болгож мөнгө завшсаныг нотлох баримт байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. М.Быг татвар нуун дарагдуулж мөнгө завшсанд татварын улсын байцаагч 6,5 сая төгрөгийн акт тогтоосон байхад уг мөнгийг бага хэмжээний хохирол гэж хуулийн цоорхойг ашиглаж байна. М.Б, К.С нар 12506800 төгрөг төлөх нь нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга Д.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Ш” хоршооны 2009-2012 оны үйл ажиллагаанд тус хэлтсийн хяналт шалгалтын тасгаас татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 81876000 төгрөгийн зөрчил илрүүлэн татварын улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Шүүх М.Б, К.С нарыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д “Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад шүүх цагаатгах тогтоолдоо М.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасан их хэмжээний татвар ногдох орлогоо нуун дарагдуулсан, татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Татварын байцаагч нарын дүгнэлтэд зааснаар “Ш” хоршоо 6220000 төгрөгийг татварын байгууллагад төлөхөөр байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй учраас улсын яллагчийн эсэргүүцэл бичиж байна Үүнд: Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар:

1. М.Б, К.С нар нь Хөх-хөтөл багийн дунд сургуульд суралцаж байгаагүй 202 хүүхдийг суралцаж байгаа болгож, 2009-2012 он хүртэлх хугацаанд “Үдийн цай” хөтөлбөрөөс 12506800 төгрөгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийн яллах үндэслэл болгож байсан “... гүйцэтгэлийн аудитын тайлан, шалгалтын дүн, аймгийн мэргэжлийн хяналтын газрын 04-06-031/12 дугаар акт, сурагчдын судалгаа, Улсын бүртгэлийн хэлтсийн 1/98 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа үндэслэлээ цагаатгах тогтоолд тодорхойлж чадаагүй.

2. М.Б, К.С нар заавал удирдах албан тушаалтан байх ёстой гэж эрүүгийн хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй, Хүүхдийн тоог илүү бичүүлэн авч, илүү мөнгө авч байгааг сургалтын менежер буюу К.С сайн мэдэж байсан.

3. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах албан тушаалтнуудыг заасан бөгөөд хичээлийн эрхлэгч К.С нь сургуулийн төсвийн хөрөнгийг хайрлан хамгаалж, бусдад завшуулахгүй байх үүрэгтэй.

4. Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын 1.2 дахь хэсэгт зааснаар тус сургууль нь “Ш” хоршоотой гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн дээр “Ш” хоршоо улсын төсвөөс 84049000 төгрөгийн санхүүжилт авсан ба М.Б нь К.Стай бүлэглэн 12506800 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн. “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг “Шындулет” хоршоо өөрийн дансанд байршуулж захиран зарцуулах ёстой байхад татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор сургуулийн дансаар дамжуулан, нярваас бэлнээр гаргуулан авсан.

5. Уг эрүүгийн хэргийг шүүхэд 4 удаа шилжүүлж байсан бөгөөд тухайн үед шүүхээс зүйлчлэл буруу болсон талаар дүгнэлт хийж байгаагүй.

 

Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэргийн талаар:

1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн. Учир нь “Ш” хоршоо нь “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр авсан 84049000 төгрөгийг татварын тайланд тусгаагүй, нуун дарагдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар болох 6220000 төгрөг төлөхөөс санаатай зайлсхийсэн. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т албан татварын талаар заасан. Гэтэл шүүх М.Бы төлөхөөс зайлсхийсэн татварын мөнгөн дүн болох 6550018 төгрөгийг татвар ногдох орлого гэж буруу ойлгосон байна.

2. Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт “Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээ, бусад зүйлсийг нуух... “ гэсэн заалтыг татвараас зайлсхийх зорилгоор нуусан орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээний нийт үнийн дүн байх бөгөөд шүүхээс зөвхөн ногдох татварын хэмжээгээр нь дүгнэсэн нь буруу болжээ.

3. М.Б нь 84049000 төгрөгийг хоршооны дансанд бус Хөх-хөтөл багийн дунд сургуулийн дансаар дамжуулан авсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.3, 290,2, 296.3 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Я.С давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“1. Уг хэргийг үүсгэн шалгаснаас хойш шүүхийн цагаатгах тогтоол гартал 2 жил 11 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хэрэг анхнаасаа улс төрийн захиалгатай байсан. М.Б нарт холбогдох хэргийг прокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан. Гэтэл аймгийн прокурор Б.Батсүх Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу доод шатны прокурорын гаргасан шийдвэрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж хоёр удаа хүчингүй болгож, хэргийг сэргээж байсан.

2. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдгийг хяналтын прокуроруудын удаа дараа гаргасан хэрэгсэхгүй болгох тогтоол, 3 удаа шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тогтоол, шүүгчийн захирамж зэргээр нотлогдож байна. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтээр М.Б нь хувьдаа мөнгө завшсан эсэх нь тогтоогдоогүй. М.Б нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэргийн субьект биш юм. Гэрээтэй холбоотой маргааныг Иргэний хуульд зааснаар зохицуулах ёстой.

3. М.Бахтжан нь жил бүр 19.0-21.0 сая төгрөгийн хооронд үдийн цайны хөтөлбөрийн үйл ажиллагаа явуулж байсан ба тухайн жилд төсөвлөгдсөн санхүүжилтээс хэдэн төгрөгийн ашигтай ажиллаж, хэдэн төгрөгийн татвар төлөх эсэхийг нарийвчлан тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бодит хохирол нь бага бус хэмжээний хохирол учраас М.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй юм.

4. Х.Х нь энэ хэрэгт аймгийн прокурор Б.Батсүхийн амар шийдвэрээр иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан мөрдөн байцаагч, хяналт тавьж байсан хяналтын прокурор нараас хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилох талаар ямар нэгэн санал явуулаагүй байхад аймгийн Засаг даргын шууд даалгавраар томилсон нь хууль зөрчиж байна. Иймд иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй бөгөөд анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүх М.Б, К.С нар нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект биш байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх М.Бд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаагүй, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-т заасан их хэмжээнд хүрэхгүй байгаа учраас эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Быг цагаатгасан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх улсын яллагч яллах дүгнэлтэд 84049000 төгрөгийн борлуулалтын орлогыг татварын тайланд тусгаагүй татвар ногдох онц их хэмжээний орлого нуун дарагдуулсан гэж тусгасан боловч энэхүү мөнгөн илэрхийлэл нь Ш хоршооны олсон орлого биш бөгөөд Хөх-хөтөл багийн дунд сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төрөөс зөвшөөрсөн төрийн санхүүжилт, төсөв харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоосон 6550018 төгрөг нь Ш хоршооны эзэн М.Бы 2009-2012 оны хооронд Хөх-хөтөл багийн дунд сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж олсон  ашиг буюу нуун дарагдуулсан хөрөнгө гэж ойлгож, онц их хэмжээнд хүрэхгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүхийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоосон нэмэгдсэн өртгийн албан татвар болох 6550018 төгрөгийг үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж  олсон  ашиг буюу нуун дарагдуулсан хөрөнгө гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иймд улсын яллагдагчийн эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгч нарын гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Б, К.С нарт  холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Анхан шатны шүүхэд хэрэг очтол М.Б, К.С нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                            Н.МӨНХЖАРГАЛ

Д.КӨБЕШ