Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/324

 

 

 

 

 

 

 

 

    2024          04         24                                      2024/ШЦТ/324

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч Д.Агар /цахимаар/,

шүүгдэгч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын прокуророос Т овогт С-н Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын ** -ны өдөр * аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Баянгол дүүргийн *** дүгээр хороонд үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо, *** гудамж *** байрны *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Т овогт С-н Б- /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Б- 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн **дүгээр хороо, ***  төвийн автомашины зогсоол дээрээс хохирогч Д.Э-н гээгдүүлсэн “Самсунг Галакси-А-54” загварын гар утсыг авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б- нь гээгдэл эд хөрөнгийг  бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би хохирогч Д.Э-н “Samsung Galaxy A-54” загварын гар утсыг ***-н автомашины зогсоол дээрээс олж амин хувьдаа ашигласан бөгөөд тухайн гар утсыг цагдаагийн алба хаагчид хураалгаж хохирогчид буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

 

           Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11- 13

дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э-н хохирогчоор өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 23-ны орой хивс цэвэрлэхээр вокзалын төв танхим руу орсон. Үүдэнд нь багаж хэрэгслээ түр үлдээгээд танхимын нөгөө талд байсан хүнтэй очиж уулзаад ажлаа яриад 5 орчим минутын дараа буцаад ажлын багаж дээрээ очоод утсаа үзтэл гар утас байхгүй болсныг мэдсэн. Тэгээд хамт явж байсан хүнийхээ утаснаас өөрийн дугаар руу залгахад дуудаж байгаад холбогдохоо байсан. Би цагдаад мэдэгдээд камер шүүж үзтэл яг тодорхой нарийн хулгайлж халааснаас авч байгаа зүйл харагдаагүй, миний хажуугаар 2 хүн зөрж байгаа  харагдсан. Би гар утсаа 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Жи мобайлаас 1.539.000 төгрөгөөр  лизингээр авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ц-э гэрчээр өгсөн:

“...Би 2023 оны 12 сард Сэлэнгэ аймаг руу өөрийн гэр рүү явах гээд *** төв буудлын хаалганы харалдаа өөрийн төрсөн ээж С.Б- болон дүү Д-н хамт явж байсан. Тухайн үед манай ээж гар утас оллоо гээд газраас нэг хар өнгийн юм авсан. Бид нарын суух гэж байсан галт тэрэг хөдлөх цаг дөхсөн байсан болохоор ээж аваад суусан. Бид нар С аймгийн С суманд очоод утсыг асааж үзэхэд сим кодтой байсан, тухайн утас бас кодтой байсан болохоор нь кодыг гаргуулаад тухайн өдрөөс хойш би өөрийн сим картыг  хийгээд одоо хүртэл ашиглаж байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

           “Кости эстимэйт” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...Samsung А54

5G гар утсыг 1.150.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

Шүүгдэгч  С.Б-гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг  бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч С.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт хохирогч Д.Э-н “...гомдол, саналгүй, цагдаагийн байгууллага миний гар утсыг олж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч С.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Б- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Т овогт С-н Б-г гээгдэл эд хөрөнгийг  бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулж, шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Б- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ