| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | - |
| Дугаар | 2025/ХШТ/14 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ХШТ/14
Д.Э, Ч.Д, М.С,
Ц.С нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Ардын шүүн таслах газрын 1931 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 111 дүгээр тогтоолтой Д.Э, Ч.Д, М.С, Ц.С нарт холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Архангай аймгийн Хашаат сумын 2 дугаар дөчин, 62 настай, эрэгтэй, халх, хохь тайж, монгол бичиг мэднэ, гэрийн дотор ам бүл 4, хөрөнгийн хувь 100, ял шийтгүүлж яваагүй, урьд тамгын бичээч, туслах түшмэл, их түшмэлийн албыг удаа дараа хаасан, хоршооны гишүүн, сарын 3 эрх хонины хэрэглэлтэй, албаны нэрийг барьж ард олонд эрүү шүүлт тулгаж явсан, Д-ы Э.
2.Архангай аймгийн Хашаат сумын харьяат, 71 настай, эрэгтэй, халх, ард хар, гэрийн дотор ам бүл 4, хөрөнгийн хувь 100, Эрдэнэ зуугийн Баруун хүрээний гэгээн ламын сангийн зайсангийн албан тушаалыг хүлээж явсан, өргөл барьц авах зэргээр явсаар хөрөнгөжсөн, Ч-ийн Д.
3.Архангай аймгийн Лүн сумын харьяат, 40 настай, эрэгтэй, тайж, дөтгөөр зэргийн тайж жинс зүүж явсан, Түшээт ханы тамганд эх зохиох бичээчийн албыг хааж байсан, хөрөнгийн хувь 394, урьд засгийн үед тамгын газрын түшмэлийн 3 сар гаруй хаасан, сумын даргын албыг хаасан, Ц-ий С.
4.Архангай аймгийн Шанх сумын харьяат, 82 настай, эрэгтэй, ард лам, хөрөнгийн хувь 300, урьд 35 наснаас 40 гаруй нас хүртлээ Баруун хүрээний зайсангийн тушаалыг хүлээж явсан. Мөн хиа лам, тахилч, хаалгачийн албыг хийж байсан, М-ийн С.
Холбогдсон хэргийн талаар:
Д.Э, Ч.Д, М.С, Ц.С нар нь “хуйвалдан сүлбэлдэж, тус улсын хувьсгалт засаг төр ба ардын эрх чөлөөт байдлыг эвдэхийг оролдож тэмцэхдээ алагдсан ялтан Зая агсныг амьд яваа хэмээх буюу гадаадын Японы тагнуулч Түвдийн харьяат, оргодол Банчинг тус оронд залран ирнэ гэх зэргийн улс төрийн гүтгэлэг бүхий цуурхлыг хөдөөгийн ядуу ард олны өмнө санааны зоргоор цуурхан тарааж, сүсэг бишрэлийг нь далимдуулан ардын санаа сэтгэлийг мунхруулж, эсэргүү хүчээ зузаатгахыг оролдож тэмцсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймгийн Ардын шүүн таслах газрын 1931 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийг баримтлан хүндэтгэж, тусгай ангийн 47, 49 дүгээр зүйлийн ёсоор Ч.Д, М.С нарыг 1 жил, Д.Э, Ц.С нарыг 3 жил хорьж, тэдгээрийн гэр бүлийн хүмүүст зөвхөн амьдралын амыг харгалзан үлдээж, бусад хөрөнгийг албанаа хурааж шийтгэжээ.
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл бичсэн дүгнэлтдээ “... Архангай аймгийн Ардын шүүх таслах газрын 21/1931/ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 111 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 47, 49 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт Д.Э, Ч.Д, М.С, Ц.С нарыг улс төрийн хэрэгт хилсээр хорьж шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутган Ч.Д, Д.Э, М.С нараас 1931 оны 9, 10 сард тус бүр 3 удаа, Ц.С-оос 2 удаа мэдүүлэг авч, уг мэдүүлэгтээ үндэслэн шийтгэсэн байх бөгөөд түүний үйлдсэн гэх хэргийг гэрчийн мэдүүлэг болон хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлоогүй, гэм буруугийн санаа зорилгыг нь тогтоосон ямар ч баримтгүйгээр улс төрийн зорилгоор хорих ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.
2.Энэ хэргийн М.С-г “Хятадын гамин, Оросын цагаантнуудад адуу малаар тусалсан” хэмээн буруутгасан боловч энэ талаар хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдоогүйгээс гадна С өөрөө мэдүүлэхдээ: “...Миний бие Богдын адуун сүргийг хариулан явах үед гамингийн болон цагаантны цэргүүд манай адуунаас дураараа таслан авч байсан” гэж мэдүүлснээр үгүйсгэгдсэн байна.
3.Д.Э, Ч.Д, М.С, Ц.С нар нь тайж, язгууртан болон гэгээн лам, зайсан зэрэг хэргэм, мяндаг тушаалыг хүлээж явсан ба өмнөх засгийн үед хааж байсан албан үүрэг, зэрэг хэргэмтэй нь холбогдуулан зориудаар буруутгаж “феодалуудыг ангийнх нь хувьд устгах” нам, төрийн бодлогын золиос болгож, хэлмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эдгээр нэр бүхий 4 хүний үйлдсэн гэх цуурхлын гэмт хэрэг, хэргэм зэрэг, хөрөнгө чинээлэг хүмүүсийг хавчиж байсан талаарх яриа нь тухайн үедээ ард олны дунд түгээмэл яригдаж байсан ярианууд байх бөгөөд тус улсын Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47 дугаар зүйл /Үндсэн хуулийн ёсоор байгуулсан улс төрийн ёс суртлыг хүчээр устгахыг хичээж ард олонд амаар буюу бичиг хуудсаар ятган ухуулагсдыг 1 жилээс доош бус хугацаагаар хорино/, 49 дүгээр зүйл /Улс төр ба ардын хувьсгалд зөрчин тэмцэхийн тулд аливаа худал хуурмаг буюу учруудыг урьдаар хянаж мэдээгүй агаад олонд тарааж үймээн цохион гаргах ба засаг захиргааны газруудыг итгэмжгүй болгохыг хичээгсдийг 6 сараас доош бус хорино/-д заасан гэмт хэргүүдийн шинжийг агуулаагүй, төр, засгийн эсрэг хандсан, уриалсан, бослого тэмцэлд бэлтгэсэн болон төр, засгийн эсрэг хэрэг үйлдэх гэсэн санаа зорилгогүй, хэн, хэнд ямар яриа цуурхлыг хэрхэн ярьж цуурхсаныг нотлон тогтоосон баримтгүйгээр хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт /... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн.../-д заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
Архангай аймгийн Ардын шүүх таслах газрын 21/1931/ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 111 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 47, 49 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт Д.Э, Ч.Д, М.С, Ц.С нарыг улс төрийн хэрэгт хилсээр хорьж шийтгэсэн “1926 оны /1929 оны нэмэн найруулсан/ Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47, 49 дүгээр зүйл” нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн б/-д заасан/ 1926 оны Шүүх цаазын бичиг” /1929 оны нэмэн найруулсан/-ийн 7 дугаар бүлгийн 42-49 дүгээр зүйл, 8 дугаар бүлгийн 50-52 дугаар зүйл/ үндэслэлд хамаарч байна.
Шүүх цаазын бичгийн 47, 49 дүгээр зүйлд зааснаар Д.Э, Ч.Д, М.С, Ц.С нарт хорих ял шийтгэсэн Архангай аймгийн Ардын шүүх таслах газрын 21/1931/ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 111 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч овогтой Д, Д овогтой Э, мөн аймгийн Лүн сумын харьяат Ц овогтой С, Шанх сумын харьяат М овогтой С нарыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1. Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичив. ...” гэжээ.
Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Д.Э, Ч.Д, Ц.С, М.С нарт холбогдох хэргийг 2012 онд прокурорын тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлаар шалгасан ч шийтгэх тогтоол олдоогүй үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Гэтэл Архангай аймгийн шүүхийн 1931 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 111 дүгээр тогтоол олдсон. Ингээд хэргийг дахин шалгахад Архангай аймгийн шүүхийн 1931 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор тухайн үеийн Шүүх цаазын бичгийн 47, 49 дүгээр зүйлд зааснаар Ч.Д М.С нарыг 1 жил, Д.Э, Ц.С нарыг 3 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, зарим хөрөнгийг нь хураасан байсан. Эдгээр хүмүүсийг хувьсгалт засаг төр ба ардын эрх чөлөөт байдлыг эвдэхийг оролдож, алагдсан ялтан Зая агсныг амьд яваа хэмээж, Японы тагнуул Түвдийн харьяат, оргодол Банчинг тус оронд залран ирнэ гэх зэрэг цуурхлыг тараасан гэх үндэслэлээр шийтгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг судалбал эдгээр хүмүүсийн гэм буруутай нь тогтоогдоогүй. Ч.Д, Д.Э, М.С нараас 3 удаа, Ц.С-оос 2 удаа мэдүүлэгч авч, уг мэдүүлэгт үндэслэн шийтгэсэн. Энэ хэрэгт М.С-г шийтгэхдээ Хятадын гамин, Оросын цагаантнуудад адуу малаар тусалсан хэмээн буруутгасан боловч энэ талаар хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдоогүйгээс гадна М.С өөрөө мэдүүлэхдээ “...миний бие Богдын адуун сүргийг харилцан явах үед гамингийн болон цагаантны цэргүүд манай адуунаас дураараа таслан авч байсан...” гэх мэдүүлгээр мөн үгүйсгэгддэг. ... Холбогдох баримт бичгүүд нь олдсон хэдий ч шийтгэх тогтоол нь олдоогүй юм. Прокурорын газраас 2017-2019 оны хооронд Улсын хэмжээнд Цагаатгалын комисс, Тагнуулын газартай хамтран шүүх болон прокурорын газрын архивуудаар үзлэг хийж явахад Архангай аймгийн шүүхээс энэ тогтоол олдсон. ... Д.Э-ийн хувьд 1947 оны хэрэгт буудан алах ялаар шийтгүүлсэн. ... Д.Э, Ч.Д, М.С, Ц.С нар нь тайж язгууртан болон гэгээн лам, зайсан зэрэг хэргэм, мяндаг тушаалтай ба өмнөх засгийн үед хааж байсан албан үүрэг, зэрэг хэргэмтэй нь холбогдуулан зориудаар буруутгаж феодалуудыг ангийнхныг устгах төрийн бодлогын золиос болгож, хэлмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Архангай аймгийн Ардын шүүн таслах газрын 1931 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 111 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Ч.Д, Ц.С, М.С, Д.Э нарыг цагаатгаж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
2.Д.Э, Ч.Д, Ц.С, М.С нар нь хуйвалдан сүлбэлдэж, тус улсын хувьсгалт засаг төр ба ардын эрх чөлөөт байдлыг эвдэхийг оролдож тэмцэхдээ алагдсан ялтан Зая агсныг амьд яваа хэмээх буюу гадаадын Японы тагнуулч Түвдийн харьяат, оргодол Банчинг тус оронд залран ирнэ гэх зэргийн улс төрийн гүтгэлэг бүхий цуурхлыг хөдөөгийн ядуу ард олны өмнө санааны зоргоор цуурхан тарааж, сүсэг бишрэлийг нь далимдуулан ардын санаа сэтгэлийг мунхруулж, эсэргүү хүчээ зузаатгахыг оролдож тэмцсэн гэх хэрэгт холбогдож байжээ.
3.Архангай аймгийн Ардын шүүн таслах газрын 1931 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийг баримтлан тусгай ангийн 47, 49 дүгээр зүйлийн ёсоор Ч.Д, М.С нарыг 1 жил, Д.Э, Ц.С нарыг 3 жил хорьж, тэдгээрийн гэр бүлийн хүмүүст зөвхөн амьдралын амыг харгалзан үлдээж, бусад хөрөнгийг албанаа хурааж шийтгэсэн байна.
4.Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд (3 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал) “Д.Э Онц бүрэн эрхт комиссын 1938 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар буудан алах ялаар шийтгэгджээ. ... Ц-9720 дугаартай хэрэгт Архангай аймгийн Хашаат сумын 2 дугаар дөчин, нас 65 /1931 онд/, ... Д-ийн Э нь Ц-3635 дугаартай хэрэгтэй Архангай аймаг Лүн сумын 4 дүгээр багийн харьяат, нас 72 /1938 онд/, ... Д-ийн Э-г мөн” болохыг тогтоожээ.
Мөн энэхүү тэмдэглэлд Монгол Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 109 дүгээр магадлалаар Д.Э-ийн хэргийг хянаад цагаатгасан талаар тусгагдсан байна.
5.Харин Онц бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар ялын дээд хэмжээ буюу буудан алах ялаар шийтгэгдэж, Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 109 дүгээр магадлалаар цагаатгагдсан, мөн Архангай аймгийн Ардын шүүн таслах газрын 1931 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 47, 49 дүгээр зүйлд зааснаар шийтгэгдсэн Д.Э-д холбогдох хэргүүдээс Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд зааснаар шийтгэсэн хэргүүд нь нэг ижил хэрэг эсэх, эсхүл тус тусдаа үйлдэл бүхий өөр хэргүүд болохыг прокуророос сайтар нягтлан шалгаагүй, өмнөх цагаатгасан шүүхийн шийдвэрийг зөвтгөхөд нөлөөлөхүйц нөхцөл байдалд хамаарах эсэхийг тодруулалгүй дүгнэлт бичсэн нь учир дутагдалтай болжээ.
6.Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэж явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан байх тул хяналтын шатны хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн Д.Э, Ч.Д, М.С, Ц.С нарыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, тэдгээрийг цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Архангай аймгийн Ардын шүүн таслах газрын шүүхийн 1931 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 111 дүгээр тогтоолтой Д.Э, Ч.Д, М.С, Ц.С нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгуулах талаар прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР