Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ХШТ/35

 

Л.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын Эрүүгийн коллегийн 1946 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар тогтоолтой, Л.Т-т холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Л.Т нь Өвөрмонголын Хишигтэн хошууны Хундага сумын “Билүүт” хэмээх газар ... онд төрсөн, ... оны байдлаар ... настай, эрэгтэй, Өвөр Монгол үндэстэн, ам бүл ..., урьд ял шийтгэл, гавьяа шагналгүй, баригдахын өмнө ... сумын нутагт энгийн байсан,           

Л.Т нь ... онд Хятадын Лингши хот дахь Япон тагнуулын газрын дарга Шиу Ши Ян гэгчид тагнуулын ажилд элсэгдэн орж, Лингши хотын дотор оршин сууж байсан ард түмнээс байлдааны буу, зэвсгийг өөрийн орон гэрээр агуулан хадгалж буй хийгээд хар тамхийг тариалах, бусдаас худалдан авах, мөн бусдад дамжуулан худалдах, нууцаар хар тамхи татсан хүмүүсийг тагнаж мэдээлэх даалгаврыг авч ажилласнаар хар тамхи татсан 15 хүнийг мэдүүлж, баривчлуулан шагналд 500 янчаан, зун, намрын хувцас авсан гэмт хэрэгт холбогджээ.

БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын Эрүүгийн коллегийн 1946 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 145 дугаар тогтоолоор Л.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 62 дугаар зүйлийг баримтлан хөдөлмөрийн лагерьт 10 жил хорих ял шийтгэсэн байна.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Ялын төлөвлөгөөнд “Хэрэгтэн Т бол 1944 оны 07 дугаар сард Лингши хот дахь Япон тагнуулын газрын дарга, япон Шиу Ши Янд дотоод тагнуулчаар элсэгдэн орж, улмаар түүний удирдлага дор Лингши хотын дотор оршин сууж байсан ард түмнээс байлдааны буу зэвсгийг өөрийн орон гэрээр агуулан хадгалж буй ба ардын яриа өгүүлэл хийгээд хар тамхийг тариалах, бусдаас худалдан авах, мөн бусдад дамжуулан худалдах, нууцаар хар тамхи татсан хүмүүсийг тагнаж мэдээлэх даалгаврыг хүлээн авч тагнан ажилласнаар Лингши хотын дотор хар тамхи татсан 15 хятад хүнийг 1944 оны 7 сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд мэдүүлж, баривчлуулан шагналд 500 янчаан, зун, намрын хувцас тус бүр 1-ийн хамтаар шагнуулж байсан тагнуулын хэрэгтээ тус улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдах тул Улсын Дээд Шүүх таслах газраар таслан шийтгүүлэхээр Улсын хууль хамгаалах прокурорын эрх мэдэлд шилжүүлэх саналыг төлөвлөв” гэжээ.

... БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын Эрүүгийн коллегийн шүүх хурлын 1946 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 145 дугаар тогтоолоор Л.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 62 дугаар зүйлийг баримтлан 10 жил хөдөлмөрийн лагерьт хорьж, улс төрийн хэрэгт хилсээр хорьж шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд Л.Т нь БНМАУ-ын эсрэг тагнах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, түүний гэм буруутайг тогтоосон ямар ч баримтгүй байхад улс төрийн зорилгоор хорих ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.

Л.Т нь оршин амьдарч байсан Өвөр Монголын Лингши хот дахь Япон тагнуулын газрын дарга, япон Шиу Ши Янд дотоод тагнуулчаар элсэгдэн, түүний удирдлага дор Лингши хотын дотор оршин сууж байсан ард түмнээс байлдааны буу зэвсгийг өөрийн орон гэрээр агуулан хадгалж буй ба ардын яриа өгүүлэл хийгээд хар тамхийг тариалах, бусдаас худалдан авах, мөн бусдад дамжуулан худалдах, нууцаар хар тамхи татсан хүмүүсийг тагнаж мэдээлэх даалгаврыг авч Лингши хотын дотор хар тамхи татсан 15 хятад хүнийг баривчлуулан шагналд 500 янчаан, зун, намрын хувцас тус бүр 1-ийн хамтаар шагнуулсан хэрэг нь Монгол Улсын эсрэг чиглэгдсэн тагнуулын үйл ажиллагаа байсан гэж үзэх үндэслэлгүй байхад БНМАУ-ын Эрүүгийн хуулиар хилсээр ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

1942 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г-д заасан /1942 оны Эрүүгийн хуулийн 55-69, 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шийтгүүлсэн/ үндэслэлд хамаардаг.

Иймд БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын Эрүүгийн коллегийн 1946 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Өвөрмонголын Хишигтэн хошууны Хундага сумын харьяат, Л.Т-ийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1. Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Л.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.

2.БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын Эрүүгийн коллегийн 1946 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 145 дугаар тогтоолоор Л.Т-ийг “... 1944 онд Хятадын Лингши хот дахь Япон тагнуулын газрын дарга, Шиу Ши Ян гэгчид тагнуулын ажилд элсэгдэн орж, Лингши хотын дотор оршин сууж байсан ард түмнээс байлдааны буу, зэвсгийг өөрийн орон гэрээр агуулан хадгалж буй хийгээд хар тамхийг тариалах, бусдаас худалдан авах, мөн бусдад дамжуулан худалдах, нууцаар хар тамхи татсан хүмүүсийг тагнаж мэдээлэх даалгаврыг авч ажилласнаар хар тамхи татсан 15 хүнийг мэдүүлж, баривчлуулан шагналд 500 янчаан, зун, намрын хувцас авсан ...” хэмээн үзэж, 1942 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 62 дугаар зүйлд зааснаар 10 жил хөдөлмөрийн лагерьт хорих ял шийтгэжээ.

3.Хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзэхэд Өвөр Монголын Шилийн голын чуулганы Баруун үзэмчин хошууны Хундага сумын иргэн Л.Т нь БНМАУ-ын эсрэг тагнуул хийж, улсын нууцад хамаарах, тусгай хамгаалалт бүхий мэдээллийг олж авах зорилгоор 1942 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд заасан хувьсгалын эсэргүү гэмт хэрэг гэж тодорхойлсон ямар нэгэн үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй, “Хятадын Лингши хотод Японы тагнуулын байгууллагад элсэгдэж, тус хотын иргэдийн талаар мэдээлэл цуглуулж, дамжуулсны төлөө шан харамж авсан ...” гэх хэрэг нь тухайн үед “Хятадын Лингши” хотод болсон үйл явдал гэж дүгнэхээр байна.

1942 оны Эрүүгийн хуулийн Хоёрдугаар бүлэгт хууль үйлчлэх хэмжээ хязгаарыг заахдаа мөн хуулийн 2 дугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын газар дэвсгэр дээр ба мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хязгаарын гадна үйлдсэн боловч тус улсын хязгаар дотор илэрсэн нийтэд аюул бүхий гэмт хэрэг үйлдсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат хэн нэгэн ард иргэдийг энэхүү хуулийг журамлан дагаж шийтгэнэ” гэж, 3 дугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын газар дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын харьяат хүмүүс нь энэхүү хуулийн ёсоор шийтгэгдэнэ” гэж хуульчилснаас үзвэл хилийн гадна, гадаад улсын эсрэг гадаадын харьяат иргэний үйлдсэн хэрэгт тухайн үеийн Эрүүгийн хууль үйлчлэх хууль зүйн боломжгүй байжээ.

4.1942 оны Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд “Энэхүү эрүүгийн хуульд шууд үл заагдсан ямар нэгэн гэмт хэрэг гарвал мөнхүү хуулийн тусгай ангийн зүйлүүдээс тэрхүү үйлдсэн гэмт хэргийн төрөл ба зүйлд хамгийн төсөөтэйг баримтлан зохих ялын хэмжээг тогтоовол зохино” гэж, 62 дугаар зүйлд “Тагнуул хийж тусгай хадгалалтад байгаа улсын нууцад байвал зохих утга бүхий мэдээнүүдийг гадаад улс буюу хувьсгалын эсэргүү байгууллагууд буюу энгийн хүмүүст шилжүүлэн өгөх зорилгоор хулгайлах буюу цуглуулах бол энэхүү хуулийн 56 дугаар зүйлд заасан ёсоор шийтгэнэ” гэж, 56 дугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат ард иргэдээс тус Бүгд Найрамдах Монгол Ард Улсын цэргийн сүр хүчин болон тус улсын тусгаар тогтносон байдал ба түүний халдаж үл болох газар нутгийн эвдэршгүй бат байх явдалд хор хохирлыг хүргэж тагнуул хийх цэргийн буюу улсын нууцыг дайсанд шилжүүлэн өгөх, дайсны талд урван шилжиж орох, хилийн чандад оргон зугтах, нисэж гарах явдлууд нь эх орноос урвасан гэмт хэрэг мөн болох бөгөөд ийм хэргийг үйлдэгчдийг буудан алж, бүх хөрөнгийг хураавал зохино, Хэрэв хөнгөтгөх шалтгаан байвал 10 жилээс 25 жил хүртэл хугацаагаар хорьж бүх хөрөнгийг хураана” гэж тус тус заасан нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г-д хамаарч байх тул Л.Т-ийг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж үзэх үндэслэл тогтоогдлоо.

5.Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын Эрүүгийн коллегийн 1946 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, Л.Т-ийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцон холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын Эрүүгийн коллегийн 1946 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Л.Т-т холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧИД                                                    М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Б.ЦОГТ