Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 315/ШШ2025/00084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р баг, ******* байрны 1-2-302 тоотод оршин суух, ******* овогт ******* гийн нэхэмжлэлтэй

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оныг дуустал Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрт гоцлол дуучнаар 21 жил ажилласан. Улмаар миний бие ажил мэргэжлийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай ажилд авсан тушаалд гоцлол дуучнаар гэж бичээгүйгээс болж гоцлол дуучнаар ажиллаж байснаар тэтгэвэр тогтоолгох боломжгүй байгаа тул шүүхээр гоцлол дуучнаар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрт гоцлол дуучнаар, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын гоцлол дуучнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “ажилд авах” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0Б/44 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тухай тушаал, *******гийн 214125 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг” шагналын хуулбар, “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийн үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн “Хүндэт тэмдэг” үнэмлэхийн хуулбар, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл” шагналын хуулбар, “Зүрхний хайртай нутаг-20 жил” уран бүтээлийн тоглолтын билет, “Зүрхний хайртай нутаг” дуун цомгийн нээлтийн урилга, *******д ээлжийн амралт олгосон Хөгжимт жүжгийн театрын даргын 2004, 2005, 2006, 2009-2023 онуудын 26, 24, 58, 54, Б/53, 53, 53, Б/41, А/20, А/21, Б/33, А/12, Б/45, А/18, А/06, Б/18, Б/59, Б/55 дугаартай тушаалууд, *******д ээлжийн амралт олгосон Жаахан шарга театрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/06,  дугаартай тушаал, 2007 оны хөдөлмөрийн гэрээ, Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тэргүүлэгчдийн тогтоол, фото зургууд, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрт гоцлол дуучнаар, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын гоцлол дуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* нь 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрт гоцлол дуучнаар, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын гоцлол дуучнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, *******г Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучнаар 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсон 01 дугаартай тушаал, *******г Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын гоцлол дуучны үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал, *******гийн 2004-2009 онд Хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, *******гийн шагнагдаж байсан Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”, “Соёлын тэргүүний ажилтан” тэмдэг, Сүхбаатар аймгийн “Хүндэт тэмдэг”, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл” зэрэг шагналуудын хуулбар, Жаахан шарга театрын гоцлол дуучин *******гийн “Зүрхний хайртай нутаг-20 жил” уран бүтээлийн тоглолтын билет, “Зүрхний хайртай нутаг” дуун цомгийн нээлтийн урилга, *******д ээлжийн амралт олгосон Хөгжимт жүжгийн театрын даргын 2004-2006, 2009-2023 онуудын 26, 24, 58, 54, Б/53, 53, 53, Б/41, А/20, А/21, Б/33, А/12, Б/45, А/18, А/06, Б/18, Б/59, Б/55 дугаартай тушаалууд, *******д ээлжийн амралт олгосон Жаахан шарга театрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/06,  дугаартай тушаал, 2007 оны хөдөлмөрийн гэрээ,

 

5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “....******* нь 2004-2024 оныг дуустал Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан. Манай театрын хувьд найрал дуу болон бусад дууны анги гэж байдаггүй, бүх дуучид гоцлол дуучнаар ажилладаг. ******* нь бие даасан уран бүтээл, тайлан тоглолтоо 10 гаруй удаа хийж байсан. Анх театрт орсон цагаасаа гарах хүртэл гоцлол дуучнаар ажиллаж байсан. ******* нь Соёлын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг шагналуудаар шагнагдаж байсан манай театрын шилдэг гоцлол дуучин юм. Би 1994 оны 06 дугаар сараас одоог хүртэл Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрт гоцлол дуучнаар ажиллаж байна. Бид олон жил хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “....******* нь 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан. Би 2002 оны 06 дугаар сараас одоог хүртэл Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрт уртын дуучнаар ажиллаж байна. *******гийн хувьд театрт орсон цагаасаа гарах хүртлээ гоцлол дуучин байсан. Олон дуу тайлан тоглолтоо хийж байсан. *******г Алтан намар зохиолын дуучдын уралдаанд оролцож байх үед нь театр сайн дуучин байна гээд ажилд авч байсан түүхтэй. Бид 20 гаруй жил хамт ажиллаж байсан болохоор *******гийн ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* овогт ******* г 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрт гоцлол дуучнаар, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын гоцлол дуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* г 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрт гоцлол дуучнаар, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын гоцлол дуучнаар тус тус ажиллаж байсан ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА