Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ХШТ/74

 

Н.Д, Г.Л, Д.Д, А.Ё, Л.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн шүүх таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолтой, Н.Д, Г.Л, Д.Д, А.Ё, Л.Д нарт холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт 1932 оны байдлаар:

1.Дорнод аймгийн Хараат сумын 15 дугаар хорин, “Хатавчийн сүм” хэмээх газраар нутаглана, 27 настай, эрэгтэй, ам бүл 1, монгол бичиг мэдэхгүй, хөрөнгийн хувь 4, алдуул адуу унасан хэрэгт урьд ял шийтгүүлж байсан, ардын засаг байгуулагдсанаас хойш алба хааж байгаагүй, Н.Д,

2.Дорнод аймгийн Хараат сумын 6 дугаар хорины харьяат, 33 настай, эрэгтэй, монгол бичиг мэдэхгүй, хөрөнгийн хувь 1, ам бүл 2, урьд ял шийтгүүлж байгаагүй, ардын засаг байгуулагдсанаас хойш Молцогийн цэрэгт 3 жил алба хаасан, Г.Л,

3.Дорнод аймгийн Хараат сумын 9 дүгээр хорин, “Салхит”-аар нутагладаг, 32 настай, эрэгтэй, монгол бичиг мэдэхгүй, хөрөнгийн хувь 23, ам бүл 5, эзэрхгийн үед лам явж байгаад 100 төгрөгийн хэргийн учраас шийтгэгдсэн, Д.Д,

4.Дорнод аймгийн Хараат сумын 3 дугаар хорин, “Халзан” хэмээх газраар нутагладаг, 39 настай, эрэгтэй, монгол бичиг мэдэхгүй, хөрөнгийн хувь 25, ам бүл 4, урьд ял шийтгүүлж байгаагүй, Л.Д,

5.Дорнод аймгийн Хараат сумын 2 дугаар хорин, “Цагаан эрэг” хэмээх газраар нутагладаг, 34 настай, эрэгтэй, монгол бичиг мэдэхгүй, хөрөнгийн хувь 2, ам бүл 2, ардын засаг байгуулагдсанаас хойш жин тээж явсан, ял шийтгүүлж байгаагүй, А.Ё.

Д.Д, Л.Д, А.Ё, Н.Д, Г.Л нар бүлэглэн цэргийн албанаас зайлсан, цэрэгт нас тэнцэхэд ард олны дотор цуурхал тарааж явсан, гадаадын Банчин богдын цэрэгтэй нийлэх, ард олныг мөлжих эсэргүү худлыг хийж, шар, хар феодалуудтай нийлж бүлэглэхээр шийдэн, бусдыг намд орох гэлээ гэж загнаж, зодох зэргээр аашилсан, гадаадад хил нэвтрэн хулгай хийхийг завдсан ч чадаагүй, Банчин богдыг урьдаас таних өөрсдийн нөхдийг олохыг бүлэглэн шийдвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн шүүх таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 70 дугаар тогтоолоор: “... овог Д, нэр Д, 32 настай, 44 хоног хоригдсон ... овог Л, нэр Д, нас 39, 42 хоног хоригдсон ... овог А, нэр Ё, нас 34, 42 хоног хоригдсон, овог Н, нэр Д, нас 27, 44 хоног хоригдсон ... овог Г, нэр Л, нас 33, 44 хоног хоригдсон эдгээр 5 этгээдэд ард олныг арчлан хамгаалах хууль ёсоор ял төлөвлөн хэлэлцэхэд, Шүүх цаазын бичгийн ерөнхий ангийн 3-ын 5-ыг хүндэтгэн шийдвээс зохивч эд нар нь цөм ядуу ангийн алив эрдэм боловсрол үл мэдэх харанхуй бүдүүлэг харгайгаар үйлдэгдсэн нь уг хэргийн байдалд нэгэнт илэрхий болох тул мөн ангийн 34-ийн 1-ийг баримтлан тусгай ангийн 48 (Дээрх зүйлүүдэд дурдсан бичиг хуудсыг санаатайгаар зохион бичсэн буюу хувилсан ба хадгалагсдыг 6 сараас доош бус хорино)-ыг журамлан хоригдсон хоногуудыг оролцуулан тус бүрийг 1 жил хорьж шийтгэсүгэй” гэжээ.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Дорнод аймгийн Шүүх таслах газрын 1932 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 70 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйлд зааснаар Н.Д, Г.Л, Д.Д, А.Ё, Л.Д нарыг хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд Н.Д, Г.Л, Д.Д, А.Ё, Л.Д нар нь цуурхлыг хэзээ, хаана, хэнд хэрхэн ярьсан, ардын засгийн эсрэг уриалсан цуурхал ярианаас болж тухайн нийгэм, хувь хүмүүст ямар хор, хохирол учирсныг шалгаж тогтоосон ямар ч баримт хэрэгт байхгүй, Д, Ё нар нь цэрэгт нас тэнцэн явах завсраа “одоо байлдах бол сайн байлдана” гэж ярьсан нь цуурхлын шинжгүй байхад улс төрийн зорилгоор гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.

2.Дээрх 5 хүнийг хэзээ, хаанаас, ямар үндэслэлээр баривчилсан, хэний ямар шийдвэрээр дайчлан баривчилсан, урьдчилан хорьсон, эд хөрөнгийг нь нэгжиж хураасан гэх баримт хавтаст хэрэгт байхгүй, тэдний гэмт үйлдлийг хөндлөнгийн хүмүүсийн мэдүүлгээр нотлоогүй, зөвхөн өөрсдийнх нь мэдүүлэгт үндэслэж, Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, төр засгийн эсрэг хандах болон цуурхал тараах гэсэн санаа зорилгогүй байхад нь үндэслэлгүйгээр улс төрийн хэрэгт хилсээр хорьж шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн ...” гэх шинээр илэрсэн нөхцөл байдал болж байна.

3.Дорнод аймгийн Шүүх таслах газрын 1932 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр

таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 70 дугаар тогтоолоор Н.Д, Г.Л, Д.Д, А.Ё, Л.Д нарыг тус бүрийг 1 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн “1926 оны (1929 оны нэмэн найруулсан) Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйл” нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн б/-д заасан (1926 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 7 дугаар бүлгийн 42-49 дүгээр зүйл, 8 дугаар бүлгийн 50-52 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр шийтгүүлсэн) үндэслэлд хамаарч байна.

Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйлд зааснаар Н.Д, Г.Л, Д.Д, А.Ё, Л.Д нарт хорих ял шийтгэсэн Дорнод аймгийн Шүүх таслах газрын 1932 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Н овогтой Д, Г овогтой Л, Д овогтой Д, А овогтой Ё, Л овогтой Д нарыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл (4.1. Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна), мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Н.Д, Г.Л, Д.Д, А.Ё, Л.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.

2.Дорнод аймгийн шүүх таслах газрын 1932 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 70 дугаар тогтоол болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Д.Д, Л.Д, А.Ё, Н.Д, Г.Л нарыг бүлэглэн цэргийн албанаас зайлсан, цэрэгт нас тэнцэхэд ард олны дотор цуурхал тарааж явсан, гадаадын Банчин богдын цэрэгтэй нийлэх, ард олныг мөлжих эсэргүү худлыг хийж, шар, хар феодалуудтай нийлж бүлэглэхээр шийдэн, намд орох гэсэн хүнийг загнаж, зодох зэргээр аашилсан, гадаадад хил нэвтрэн хулгай хийхийг завдсан нөхцөл байдал тогтоогдоогүй, өр зээлээ дарах зорилгоор хил давж хулгай хийхийг завдсан гэх мэдүүлэг нь үнэн зөв болохыг хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт байхгүй тул тэднийг хилсээр ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Н.Д, Г.Л, Д.Д, А.Ё, Л.Д нарын ял шийтгүүлсэн 1926 оны  Шүүх цаазын бичиг /1929 онд нэмэн найруулсан/-ийн тусгай ангийн 47, 48 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн б-д хамаарч байна.

3.Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Дорнод аймгийн шүүх таслах газрын 1932 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 70 дугаар тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, Н.Д, Г.Л, Д.Д, А.Ё, Л.Д нарыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцон, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймгийн Шүүх таслах газрын 1932 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Н.Д, Г.Л, Д.Д, А.Ё, Л.Д нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                    С.БАТДЭЛГЭР

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ