Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 161

 

                                              Л.Ч-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1932 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар тогтоолтой, Л.Ч-д холбогдох 279 дугаартай хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1932 оны байдлаар 68 настай, эрэгтэй, айл, лам, халх, ам бүл 7, дүү, дүүгийн эхнэр, эрэгтэй дүү нарын хамт амьдардаг, хөрөнгийн хувь 60 гаруй, гишүүн бус, эзэрхэгийн үед гэсгүй ба ловон, аранжамба зэрэг мяндаг тушаалыг хүлээж явсан, хөрөнгөө хураалгаагүй, урьд ял шийтгүүлээгүй, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харъяат, баригдахын өмнө Хөх-Овоонд сууж байсан Л овогтой Ч.

Шар феодал Л.Ч нь эзэрхэг засгийн үед гэсгүй, ловон, аранжамба зэрэг хэргэм тушаалуудыг хүлээж хоосон суртал номлолыг ард түмний дунд дэлгэрүүлэн цуурхал тарааж сорон мөлжиж явсан ба цэргийн хурдан дуран нэгийг аль ч газрын зөвшөөрөлгүйгээр дарагдуулан үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1932 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Л.Ч-ыг Шүүх цаазын бичгийн 47 ба 99 дүгээр зүйлүүдэд заасан ёсоор 2 жил хорих, гэр бүлд нь амьжиргааны 7 хувийг үлдээж бусад хөрөнгийг албанаа хурааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өвөрхангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1932 оны 5 дугаар сарын эрүүгийн хэргийн 140 дүгээр тогтоолоор Л овогтой Ч Шүүх цаазын бичгийн 47 ба 99 дүгээр зүйлүүдэд заасан ёсоор 2 жил хорих, гэр бүлд нь амьжиргааны 7 хувийг үлдээж бусад хөрөнгийг албанаа хураах ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Хавтаст хэрэгт Л.Ч-ын 1932 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Цэргийн хурдан дуран 1-ийг аль ч газрын зөвшөөрөлгүйгээр дарагдуулан байж үрэгдүүлсэн, ардынхнаас жас жавыг хоосолж баллав, хашаа байшин ч үгүй болов, хурал номын явдал тасрахад хүрч байна хэмээн ярилцаж байсан, хөрөнгөтэй хүмүүсийг баривчлан аваачиж хөрөнгийг үзэж байгаа гэнэ, хөрөнгийг хураах юм гэнэ хэмээн ярилцаж байсан, Банчин эрдэнийг олон цэрэгтэй Монголын нутагт ойрхон ирж байгаа, Монгол орж ирэх болсон хэмээн ярилцан байсан, Банчин эрдэнийн зургийг олж авахаар эрэн сурвалжилж явсан нь үнэн” гэх мэдүүлэг,

2.Намын гишүүн Ц 1932 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэгтээ “Ч бол ... Банчин богд хаана заларч яваа бол Монголд олон цэрэгтэй заларч ирнэ, хөрөнгөтэй хүмүүсийг баривчлан авчирч байгаа гэнэ, хөрөнгийг нь хураах юм гэнэ гэж ярьсан” гэсний үнэн эсэхийг Ц-ийн овог, харьяалах засаг захиргаа, эрхэлсэн ажил нь тодорхойгүйгээс шалгах боломжгүй зэргээс үндэслэн дүгнэхэд Л.Ч-ыг улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэл байна.

3.Л.Ч-ын ярьсан цуурхал гэгч нь тухайн цаг үед ард олны дунд нийтээр яригддаг л байсан зүйл бөгөөд энэ яриануудын улмаас засаг төрд ямар хор хохирол учирсныг тухайн цаг үед тогтоогоогүй бөгөөд тогтоох ч боломжгүй юм.

4.Л.Ч-ын үйлдсэн хэргийн санаа зорилго, хэргийн улмаас тухайн нийгэм, иргэдэд ямар хор, хохирол учруулсныг хөндлөнгийн баримтаар шалгаж тогтоолгүйгээр нам, засгаас тухайн үед явуулж байсан феодал, лам нарын эсрэг явуулж байсан бодлогын золиос болгож, зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

5.Л.Ч-д хилсээр ял шийтгэсэн 1926 оны Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйл /Үндсэн хуулийн ёсоор байгуулсан улс төрийн ёс суртлыг хүчээр устгахыг хичээж ард олонд амаар буюу бичиг хуудсаар ятган ухуулагсдыг 1 жилээс доош бус хугацаагаар хорино/-д заасан үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн б/-д зааснаар түүнийг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байна.

Л овогтой Ч-д Шүүх цаазын бичгийн 47 ба 99 дүгээр зүйлүүдэд заасан ёсоор 2 жил хорих, гэр бүлд нь амьжиргааны 7 хувийг үлдээж бусад хөрөнгийг албанаа хураах ялаар хилсээр шийтгэсэн Өвөрхангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1932 оны 5 дугаар сарын эрүүгийн хэргийн 140 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, Л овогтой Ч-ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичив гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон хянан шийдвэрлэх явцад гарах шийдвэрүүд, түүний дотор шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох ажиллагаа нь зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой билээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэх талаар эрх бүхий этгээдээс хийж буй дүгнэлт нь хуулиар тодорхойлсон эх сурвалжаас олж авсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай юм.

Тэгвэл Л.Ч-д холбогдох 279 дугаартай хэрэгт тэрээр өөрийн эзэмшил, өмчлөлд “цэргийн хурдан дуран”-тай байсан эсэх, түүнийг хэзээ, хэрхэн, яаж үрэгдүүлснийг нотолсон ямар ч нотлох баримт байхгүй, өөрөөр хэлбэл, хэргийн нөхцөл байдлыг тогтоох талаар ямар ч ажиллагаа хийлгүйгээр түүнийг 1929 оны Шүүх цаазын бичгийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутгаж, ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэж, уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1929 оны Шүүх цаазын бичгийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан тохиолдолд хамаарахгүй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзсэний үндсэн дээр хяналтын шатны шүүх ийнхүү шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан Л.Ч (хэргийн 2-4 дэх тал), гэрч Ц (хэргийн 5-6 дахь тал) гэгч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгчийн ярьсан гэх зүйл нь нийтийн дунд нийтлэг яригдаж байсан, тухайн үед болж байсан бодит зүйлийн талаарх өгүүлэмж бөгөөд тэр үеийн нийгмийн жинхэнэ амьдрал, байдлын тухай өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн шинжтэй байна.

Энэ нь тодорхой асуудлаар өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байсных нь төлөө тухайн үеийн улс төрийн бодлогын хүрээнд Л.Ч-ыг хилсээр ял шийтгэсэн гэсэн дүгнэлт хийх үндэслэл болж байх тул энэ талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангаж Улс төрийн хилс хэрэгт Хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн Б-д зааснаар түүнийг улс төрийн хэрэгт хэлмэгдэгч гэж тооцох нь зүйтэй хэмээн хяналтын шатны шүүх үзлээ.

Прокурорын дүгнэлтэд шүүхийн тогтоолын огноо, дугаарыг 1932 оны 5 дугаар сарын 140 дүгээр тогтоол хэмээн дурдсан боловч 279 дугаартай хэргийн 12-13 дахь талд байгаа шүүхийн тогтоолд 1932 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар тогтоол гэж тусгагдсан байх тул шүүхийн шийдвэрийн огноо, дугаарыг үүгээр тодорхойлох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1932 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Л овогтой Ч-д 1929 оны Шүүх цаазын бичгийн 47, 99 дүгээр зүйлүүдээр ял төлөвлөсөн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                             ДАРГАЛАГЧ                                        Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН