Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Доржсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 272 дугаар захирамж, Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаар шүүхийн тогтоолтой, Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Сайнхүүгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2004 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Г овогт Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Д.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.М-ын эдлэх ялыг 2 дахин багасгаж, 3 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугагцаагаар хойшлуулж, энэ хугацаанд оршин сууух газар ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт хураагдсан 02064121 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 11423222 дугаартай авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Я.Х-д буцаан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг: “Өсвөр насны шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай” гэж,

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.М-д оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж,

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг: “Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.М-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг Говь-Алтай аймгийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг П.Д, эх Ц.Н нарт даалгасугай”,

Шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг: “Өсвөр насны шүүгдэгч Д.М-д авсан албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Говь-Алтай аймгийн прокурорын газарт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар заалтуудын дугаарыг 6, 7, 8, 9, 10, 11 болгон өөрчилж, шийдвэрлэжээ.

 

Говь-Алтай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Сайнхүү бичсэн дүгнэлтдээ “...Хууль ёсны төлөөлөгч П.Доржсүрэнгийн гомдлоор шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагаа үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэрч П.Д, Д.М, Б.Б, Н.Ш, Я.Х, А.Н, Б.Б нарын мэдүүлгүүд зэргээр дээрх гэмт хэргийг Д.М, Б.Б, Н.Ш нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэрчийн худал мэдүүлэгт үндэслэж шийдвэр гарсан гэж дүгнэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд зааснаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...дүгнэлтийг дэмжихгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор дүгнэлт бичсэн бол тухайн дүгнэлтийн асуудлыг шүүх шийдвэрлэхээр заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн бол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болно гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М нь тухайн шийдвэр гарснаас хойш н.Б, н.Ш нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон ч тухайн хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээс өөр зүйлчлэл хүндрэх юм байхгүй. Мөн хэргийн зүйлчлэл хөнгөрөх эсхүл хүнд ялтай зүйл, заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Д.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ял шийтгэж, түүний эдлэх ялыг 2 дахин багасган 3 сарын хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Д.М-д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 272 дугаар захирамжаар хэргийг хэлэлцүүлэхгүйгээр буцааж, мөн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаар шүүхийн тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээснээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Улмаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Доржсүрэнгийн гаргасан хүсэлтийн дагуу Говь-Алтай аймгийн прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэн шалгахад нэр бүхий гэрч нар Д.М-д холбогдох эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Я.Х-гийн мотоциклыг Д.М ганцаараа хулгайлсан” гэх худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй баримт сэлт хэрэгт авагдсан, энэ талаар гэрчүүд тодорхой мэдүүлсэн байх тул хуулийн хүчин төгөлдөр гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, хэргийг сэргээн шалгахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, урьд өгсөн гэрчүүдийн худал мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлтийг... үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон” гэх шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх нь зүйтэй байна.

 

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч Д.М-д холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 272 дугаар захирамж, Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаар шүүхийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

                   

                 ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                      Ч.ХОСБАЯР

                                           Б.ЦОГТ