Улсын дээд шүүхийн Тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 114

 

Л.Ө, Л.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймгийн шүүн таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эрүүгийн хэргийн 69 дүгээр хурлын таслан шийтгэсэн тогтоолтой Л.Ө, Л.Ц нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

... аймгийн ... сумын 12 дугаар хорин, ... настай, эрэгтэй, ам бүл ..., хөрөнгө, ял шийтгэлгүй, баригдахын өмнө нутагтаа энгийн сууж байсан Ө.

 

... аймгийн ... сумын хорин, ... настай, эрэгтэй, ам бүл ..., эцэг ... настай, эх ... настай, дүү ... настай, хөрөнгө ... хувьтай, урьд лам явсан, ял шийтгэлгүй, баригдахын өмнө нутагтаа энгийн сууж байсан Ц.

 

 “Л.Ө, Л.Ц нар нь хувьсгалын эсэргүү этгээд болох Банчинбогдтой улс төрийн талаар нэлээд дотночлон явж хуйвалдсан ба нам, засгаас оргож, Монгол улсын хил хязгаарыг нэвтрэн гарсан гэмт хэргийг өдүүлсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорнод аймгийн шүүн таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эрүүгийн хэргийн 69 дүгээр хурлын таслан шийтгэх тогтоолоор “Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйл /Улс төр ба ардын хувьсгалд зөрчиж тэмцэхийн тулд аливаа худал хуурмаг буюу учрыг урьдаар хянаж мэдээгүй агаад олонд тархааж, үймээн зохион гаргах ба засаг захиргааны газруудыг итгэмжгүй болгохыг хичээгсдийг 6 сараас доош хорино/-ийг журамлан ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 3-ыг баримтлан Л.Ө, Л.Ц тус бүр 2 жил хорих ял шийтгэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Дорнод аймгийн Мандал сумын харьяат Ө, сумын харьяат 3 дугаар хорины харьяат Ц нар Монгол Улсын хилийг нэвтрэн явж Банчинбогдтой уулзаж улс төрийн талаар нилээд дотночлон явж, хуйвалдсан ба тус Монгол улсын нам, засгаас оргож, хил хязгаарыг нэвтрэн гарсан гэмт хэрэгт Дорнод аймаг дахь Дотоодыг хамгаалах газрын 1932 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ялын төлөвлөгөөгөөр 1926 оны Шүүх цаазын бичгийн 47, 123 дугаар зүйлд зааснаар ял төлөвлөсөн. Дорнод аймгийн Шүүх таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Л.Ц, Л.Ө нарыг тухайн үеийн Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 49 дүгээр зүйлээр тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Энэ нь Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд Дорнод аймгийн Шүүх таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Л.Ц, Л.Ө нарыг цагаатгуулахаар дүгнэлт бичсэн, дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорнод аймгийн шүүн таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дүгээр таслан шийтгэх тогтоолоор Л.Ө, Л.Ц нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг илт буруу хэрэглэсэн нөхцөл байдал шинээр илэрсэн талаарх прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Л.Ө, Л.Ц нар нь “... хувьсгалын эсэргүү этгээд болох Банчинбогдтой улс төрийн талаар нэлээд дотночлон явж хуйвалдсан ба Монгол улсын нам, засгаас оргож, хил хязгаарыг нэвтрэн гарсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорнод аймгийн шүүн таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дүгээр таслан шийтгэх тогтоолоор Л.Ө, Л.Ц нарт тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 49 дүгээр зүйл /Улс төр ба ардын хувьсгалд зөрчиж тэмцэхийн тулд аливаа худал хуурмаг буюу учрыг урьдаар хянаж мэдээгүй агаад олонд тархааж, үймээн зохион гаргах ба засаг захиргааны газруудыг итгэмжгүй болгохыг хичээгсдийг 6 сараас доош бус хорино/-ийг журамлан ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 3-т зааснаар тус бүрт 2 жил хорих ял шийтгэсэн байна.

 

Гэтэл 1929 оны “Шүүх цаазны бичиг-ийн тусгай ангийн 49 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж Л.Ө Л.Ц нарыг буруутгасан үйлдэлд тогтоогдоогүй байтал тэдэнд 2 жил хорих ял оногдуулж хуулийг илтэд буруу хэрэглэснээс гадна Л.Ө Л.Ц нарыг тус бүр 2 удаа, нүүрэлдүүлж 1 удаа байцаасан гэх боловч энэ хэргийн талаар хөндлөнгийн ямар нэгэн этгээд гэрчлээгүй, гэмт хэрэг үйлдсэнийг нотлосон өөр ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Л.Ө, Л.Ц нарын гэмт санаа зорилго тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолсон нотлох баримт байхгүй байтал зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хорих ял оногдуулж хилсээр шийтгэсэн тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэдэгт 1926 оны “Шүүх цаазны бичиг” /1929 онд нэмэн найруулсан/-ийн 7 дугаар бүлгийн 42-49 дүгээр зүйл ангиар шийтгүүлсэн хүмүүс хамаарна” хэмээн тодорхойлсон ба Л.Ө, Л.Ц нарт хорих ял шийтгэсэн гэмт хэрэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг” хамаарч байна.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” үндэслэл мөн тул Л.Ө, Л.Ц нарт 2 жил хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тэднийг цагаатгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

  1. Дорнод аймгийн шүүн таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дүгээр таслан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д заасан “гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” гэсэн үндэслэлээр Л.Ө, Л.Ц нарт холбогдох 1929 оны Шүүхийн цаазын бичгийн 49 дүгээр зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Ө, Ц нарыг цагаатгасугай. 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

 

                        ШҮҮГЧ                                                 С.БАТДЭЛГЭР

 

                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                   Ч.ХОСБАЯР

 

                                                                           Б.ЦОГТ