Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 163

 

                       М.О-д оногдуулсан хорих ялыг

                    зорчих эрхийг хязгаарлах ялаар солих тухай

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, хяналтын прокурор С.Батсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 246 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын  12-ны өдрийн 48 дугаар магадлалтай, М.О-д холбогдох материалыг хоригдол М.О-ын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 7, эгч, хүргэн ах, дүү, хүүхдүүдийн хамт *** аймгийн ** дүгээр баг, * дүгээр хороолол, * байр, * тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 7 жил хорих ял шийтгэгдсэн, Т овогт М-ийн О /РД:/,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Хоригдол М.О нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байх хугацаандаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ. Шүүхээс түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 9 хоногийн хугацааг нэмж биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар тогтоосон бөгөөд одоо 407 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад ял эдэлж байна. Шүүхээс оногдуулсан 5 жил 8 сар 9 хоногийн хорих ялаас 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар цагдан хоригдсон 70 хоногтой, биеэр эдэлсэн 3 жил 8 сар 05 хоног, шагналын 11 сар, нийт 4 жил 7 сар 05 хоногийн хорих ял эдэлсэн, одоо 1 жил 1 сар 04 хоногийн хорих ял үлджээ.

Хоригдол М.О нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялыг нэмж нэгтгэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт 4 жил 7 сар 05 хоногийн хорих ял эдэлсэн нь түүнийг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялыг бүрэн эдэлж дууссан гэж үзэх үндэслэлтэй. Харин түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарагдаж байна. Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх ... ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамрагдах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчилжээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, Прокурорын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.7 дахь заалт, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 Дүгээр сарын 22-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 04 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү ...” гэсэн дүгнэлтийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 257 дугаар дүгнэлт үйлдэж, материалыг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хоригдол М.О-д шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай прокурорын саналыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн     246 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хоригдол М.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хоригдол М.О хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "... Хоригдол М овогтой О миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял шийтгүүлж 7 жил нээлттэй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял нэмэлтээр шийтгүүлэн 2 жил нээлттэй ангид хорих ял шийтгүүлэн өнөөдрийг хүртэл биеэр ял эдлэн хоригдож байна.

Т овгийн М овогтой хоригдол О миний бие 1984 оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, ам бүл 7, 39 настай, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, *** аймгийн ** дүгээр баг, * дүгээр хороолол, ** байр, *** тоотод оршин суух хаягтай.

Миний бие Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаар магадлалд гомдолтой байна. Учир нь:

2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, Прокурорын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 74 дугаартай надад холбогдуулан гаргасан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 4 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү гэсэн 257 дугаар дүгнэлт хүргүүлснийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Монгол Улсын шүүх засаглал нь шударга ёсны зарчимд тулгуурлан эрх тэгш байж, аливаа хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хууль ёсны дагуу хуульд заасан арга хэмжээг зөрчихгүй аливаа хэргийн зүйлчлэлд тохирох ял шийтгэлийг оногдуулж тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрлэнэ гэсэн байдаг. Гэтэл Үндсэн хуулиар олгогдсон хууль ёсны эрх миний зөрчигдөж эрх зүйн байдал миний нэн дордож байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн алхам шатны шүүхээс гаргасан шийдвэрт хөнгөн хуумгай хэт нэг талыг барьсан шийдвэр нь хуульд нийцээгүй шийдвэр гэж хэлэх үндэслэл бүрэн байна.

Учир нь 2017 онд гаргасан 346 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт нь бие даасан ял шийтгэлтэй тусдаа зүйлчлэл байхад энэ шийтгэх тогтоолыг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөр зүйл ангийн ялын санкцтай нэгтгэж эрх зүйн байдлыг минь нэн дордуулж байна.

2021 оны Өршөөлийн тухай хуулийн 12.4-т зааснаар “Шүүх ... ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамрагдах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамрах ял, бусад ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчилсныг илт зөрчиж байгаад гомдолтой байна.

Хоригдол М-ийн О миний бие ял эдлэн хүмүүжиж байгаа энэ хугацаандаа эргэн нийгэмших, төлөвшихдөө маш сайн анхааран шүүхийн шударга шийдвэр гарна гэдэгт итгэж энэхүү гомдлоо хүргүүлж байна. Хэрэв миний эрх зүйн байдлыг ахин дордуулахгүй шийдвэрлэн үлдэгдэл ялаа цахим гав зүүж гарах боломж олгож итгэл хүлээлгэвэл миний бие цахим гав зүүж хууль ёсыг чанд сахиж сард 1 сая төгрөгийн цалинтай ажил хийж хохирол төлбөрөө төлөх бөгөөд 78 настай хөгшин ээж, хоёр ихэр 10 настай охиддоо нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан асран халамжилж сайн иргэн, сайн охин, үрсийнхээ сайн үлгэр жишээч ухамсартай, хариуцлагатай ээж байх болно.

Иймд Монгол Улсын дээд шүүхийн эрхэм шүүгчид та бүхэн хэт нэг талыг барьж эрх зүйн байдлыг минь дордуулсан шийдвэрийг хууль ёсны дагуу үнэн зөвөөр эцэслэн гомдлыг минь бодитойгоор эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... Хоригдлын хувийн хэрэгтэй танилцахад анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж заасан. Хоригдол М.О-ын хувьд сүүлийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн    1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй байсан байна. Учир нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед хоригдлын эдлээгүй үлдсэн хорих ял      1 жил 2 хоног байсан буюу өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн   17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шийтгүүлсэн ялыг бүрэн эдэлж дууссан байна. Өнөөдрийн байдлаар 6 сар, 13 хоногийн ял эдлээгүй үлдсэн талаарх баримтыг хорих байгууллагаас гаргуулж авсан. Дээрх эдлээгүй үлдсэн ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй. Хоригдлын хувьд нийтдээ 29 хохирогчид 283.885.633 төгрөгийн хохирлыг төлөөгүй. Харин ял эдлэх хугацаандаа хийсэн хөдөлмөрийн хөлснөөс 2018 онд 65.571, 2019 онд 118.421, 2021 онд 235.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн гомдолд дурдсанаар хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих прокурорын дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.Хоригдол М.О нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 жил 8 сар 9 хоногоор тогтоож, уг ялыг одоо биеэр эдэлж байгааг прокурор дүгнэлтдээ тодорхой дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах тул тухайн зүйлд зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 4 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулахаар дүгнэлт гаргасан байна.

3.Анхан шатны шүүхээс “... сүүлд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх боловч түүний одоо эдэлж буй хорих ялын нийт хугацааны аль хугацааг өршөөлд хамааруулах ялын хугацаанд тооцох, аль хугацааг үл хамаарах ялын хугацаанд тооцох зохицуулалт тусгагдаагүй. ... түүний эзэмшил, өмчлөлд ямар эд хөрөнгө байдаг, мөн хохирлыг ямар эд хөрөнгө, орлогоор төлөх талаарх баримт хувийг хэрэгт тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа бөгөөд уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

4.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хэсгийг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалт нь коронавируст халдвар      /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгод үндэслэсэн хэдий боловч үйлчлэх цаг хугацааг тухайлан заагаагүй, хууль батлагдах үеийн нөхцөл байдал арилсан үед хэрэглэхгүй байх аливаа хориглолт, хязгаарлалтыг хуулиар тогтоогоогүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулж, оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор хуульчилсан зохицуулалтыг хуульд заагаагүй үндэслэл дурдан хэрэглэхээс татгалзаж, Эрүүгийн хуульд тодорхойлсон хүнд ялыг хөнгөн ялаар дүйцүүлэн солих хэлбэрээр заавал хэрэгжүүлэхээр тогтоосон хэм хэмжээг биелүүлэлгүй, прокурорын дүгнэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаанд тооцогдоно.

Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж тодорхойлсон нь агуулгын хувьд хоёрдмол утгагүй, ойлгомжтой зохицуулалт юм.

Хуульд заасан дээрх журмын дагуу өршөөл үзүүлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт бүрд оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялуудыг нэмж нэгтгэх, эсхүл өөр төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, өршөөлд үл хамрах ялыг зохих журмын дагуу эдлүүлсний дараа өршөөлийн үйлчлэлд хамаарах хэм хэмжээг хэрэгжүүлэхээр тогтоох нь уг хуулийн зорилгод нийцсэн, логикийн хувьд ойлгомжтой, хоригдлын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болно.

Хоригдол М.О нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байх хугацаандаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд шүүхээс түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 9 хоногийн хугацааг нэмж, биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоол гарах үед өмнөх шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас 3 жил 8 сар 9 хоног эдлээгүй үлдсэн байсан бол 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгосон ялын тооцооны тодорхойлолт /материалын 26 дахь тал/-оор нийт эдэлсэн хорих ялын хугацаа 4 жил 7 сар 5 хоног байх тул эхний шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг бүрэн эдэлж дууссан гэж үзнэ.

Харин М.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 12 хоногийн хорих ялыг /2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгосон ялын тодорхойлолтоор эдлээгүй үлдсэн хугацаа 6 сар 13 хоног/ зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор шийдвэрлэв. 

5.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заажээ.

М.О нь Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суудаг талаарх баримт хэрэгт авагдсан тул /материалын 16 дахь тал/ түүний зорчих эрхийг дээрх сумын нутаг дэвсгэрээр хязгаарлах нь зүйтэй.

Түүнчлэн хэрэгт М.О-ын хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр гаргасан баталгаа /материалын 15 дахь тал/, М.О-ыг ажилд авахад татгалзах зүйлгүй талаарх “Д” ХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/62 дугаартай албан бичиг /материалын 17 дахь тал/ зэрэг баримтуудаар түүнийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.

6.Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хуулийн хэрэглээг зөвтгөж, энэ талаар гаргасан хоригдлын гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 246 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын  12-ны өдрийн 48 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хоригдол М.О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хоригдол М.О-д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 12 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнийг хорих газраас даруй сулласугай.

3.М.О-д оногдуулсан 6 сар 12 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээр тогтоосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

    С.БАТДЭЛГЭР

    Ч.ХОСБАЯР

    Б.ЦОГТ