| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 0000000 |
| Дугаар | 2020/ШЦТ/772 |
| Огноо | 2020-08-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | З.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/772
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч З.Энхжаргал,
Хохирогч Л.Б , түүний өмгөөлөгч Т.Б ,
Шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Г ийн С т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.С нь 2019 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... баарны гадна хохирогч Л.Б ыг зодож, эрүүл мэндэд нь “баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, уруулын шарх гэмтэл” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.С нь 2019 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... баарны гадна хохирогч Л.Б ыг зодож, биед нь “баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, уруулын шарх” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор З.Энхжаргалаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр өдөр /өдрийг нь сайн санахгүй байна/ ажлаа тараад би гэртээ хариад байж байхад Э ах залгаад ... караокед байна гэхээр нь би очсон. Очиход Э ажлын 2 эгч, Б дөрөв байсан. Намайг очиход нэг литрийн виски захиалаад тэрийгээ ууж дуусгаад караоке хаах болоод бид гарсан. Хоёр эгч нилээн согтсон учир машинд нь суулгаж өгөөд дуудлагын жолооч дуудчихаад зогсож байтал хамарнаас нь цус гараад хатсан байдалтай нэг согтуу ах ирээд цээж рүү түлхээд өдөөд байсан. Тэр үед Э ах тэр ахад хандаад та өөрийнхөө хүүхэд шиг хүнтэй яах гээд байгаа юм бэ гэсэн чинь тэр ах миний араас түлхчихээр нь би эргэж хараад нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгтэл Э ах тэр ахыг дагуулаад явахаар нь би араас нь дагаад явсан. Тэгээд бид хоёр тэр ахыг хашааны үүдэнд хүргэж өгөөд буцсан. ...Э ах тэр ахыг цохиогүй, зодоогүй. Тэр хүний биед учирсан гэмтлийг би ганцаараа учруулсан. Тухайн үед би дунд зэргийн согтолттой байсан. Намайг зодож цохисон хүн байхгүй. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 05 цагийн үед үүрээр намайг ажлаасаа буугаад гэртээ унтаж байхад ...манай ажлын Э ах надруу утсаар залгаад ... гэх караокед манайхан сууж байна гэж дуудсан. ...яваад очтол нэг өрөөнд манай ажлын Э ах, Б , С эгч, Соло эгч нар байсан. ...тэгээд цуг тэр архийг уучхаад бид 5 тэр ... гэх караокеноос 08 цаг өнгөрч байхад гарсан. Гараад бид нар хашаан дотор явж байхад хамарнаас дооших хэсэг нь хавдсан, цус гарсан тэр нь зарим газраараа хатчихсан согтуу үл таних хүн бид нар дээр ирсэн. Тэр хүн ирээд бид нарыг үгээр өдөөд, цусаа хувцсанд наачих гээд байсан. Тэгсэнээ тэр үл таних ах намайг 2 билүү 3 удаа миний нүүрлүү цохисон. Тэгэхээр нь би урдаас нь зөрүүлээд нүүр лүү нь нэг цохичхоод хойшоогоо тэр хашаа дотор зугтаачихсан. Тэгсэн чинь тэр үед Э ах, Б хоёр намайг чи яагаад аав шигээ хүн цохичхож байгаа юм бэ? гэхээр нь Э ахтай би тэр хашааны үүд хүртэл гаргаж өгсөн. ...тухайн үед Э ах хар өнгийн савхи хар өмдтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Хохирогч Л.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шөнийн 04 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... бааранд найз М тэй хамт орж үйлчлүүлсэн. Дараа нь ... баарнаас ганцаараа гараад баар хаангуут нь ... гэх нэртэй хоолны газар орж 2 шил пиво уусан. Тэгээд ...такси барих гээд зогсож байсан. Тухайн үед үл таних залуучуудтай тааралдаад такси юм уу гээд очиход нөгөө залуучууд такси биш явахгүй гээд бид нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд нэг ноосон саарал өнгийн юүдэнтэй цамцтай залуу газраас чулуу аваад чулуугаараа уруул руу маань хоёр удаа цохисон. Тэгээд надаас зугтаагаад байсан. Дараа нь ...такси барих гээд зогсож байсан чинь нөгөө малгайтай цамцтай залуу найзтайгаа очоод ардаас өшиглөөд цохих шиг болоод би газарт унасан ба би унах үедээ эргээд хартал нөгөө саарал малгайтай цамцтай залуу үл таних залуутай цаашаагаа зугтаад явсан. ...Ингээд би босох гэтэл хөлөө даахгүй байсан. үүнээс болж би эрүүл мэндээрээ хохирч ажилгүй 3 сар болсон. ...би эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Эмчилгээ хийлгэсэн зардал 665744 төгрөг болсон. Ажилгүй байсан хугацааны нэг сарын цалинг дунджаар бодож 16.395.229 төгрөг болсон. Нийт 17.060.973 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. ...сэтгэл санаа бие эрхтнээрээ хохирсон учраас гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Хохирогч Л.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...тухайн үед би ганцаараа 08 цагийн үед ... баарны хажуугийн ресторанаас гарч ирээд такси барих гээд тэнд зогсож байсан цэнхэр машинтай 2-3 залуу дээр очсон. Очоод таксинд явах уу гээд ойр зуурын юм ярьж байгаад маргалдсан. Маргалдаж байхад саарал байсан уу бор байсан уу сайн санахгүй байна, юүдэнтэй цамцтай /С гэсэн, нэрийг нь сүүлд мэдсэн/ залуу газраас чулуу аваад уруул руу 2 удаа цохичхоод зугтаагаад явсан. Тэгээд би салж яваад явган хүний зам дээр такси барих гээд зогсож байхад гэнэт араас өшиглөсөн, би ойчсон, ойчихдоо харахад нөгөө С гэх залуу бас нэг залуугийн хамт булан тойроод гүйж байсан. Тэгээд би босох гэсэн чинь баруун хөл өвдөөд босож чадахгүй байсан. С гэх залуу энэ бүх гэмтлийг учруулсан. ...хөлөндөө хадаас хадуулсан. Оргил рашаан сувилалд эмчилгээ хийлгэсэн. Уг гэмтлийн улмаас 3 сар гаран ажилдаа явж чадаагүй. Сарын дундаж цалин 6.000.000 төгрөг. Эдгээрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өглөө 05 цагийн үед найз С , Со гээд хоёр эгч мөн Э , С нарын /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хамт явж байгаад тэгээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... баарны хажуу талд байдаг ... нэртэй караокед орсон юм. Ингээд тэр газраас 08 цагийн үед гарцгаасан юм. ..ярилцаад байж байх үед цаад талаас нь цагаан саарал өнгийн фудболктой, алаг богино шорттой нэг настайдуу ах байсан тэр хүн ирээд нөгөө эгчийг өмөөрөөд бид нар руу зөндөө юм яриад байсан яг юу гэж хэлсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд маргаан болсон юм. Тэр ахын нүүр ам нь цус болсон, хацар амаар нь түрхэгдсэн, алхаад ирсэн. Тэгээд би тухайн ахад ойлгуулан хэлээд цааш явуулсан юм. ...эргээд харах үед нөгөө фудболктой ах С той заамдалцан аваад цохилцож байсан, бие биенээ цохиж байсан тэгээд очоод салгасан. Тэгээд би салгаад С г цааш нь явуулаад тэгээд нөгөө ахыг та болохгүй гээд тэгээд хэлэх үед нөгөө ах газраас чулуу аваад байсан тэр үед хамт явсан манай найз Э ирээд тэгээд нөгөө ахад бас хэлсэн. Тэгээд С , Э нөгөө ах гурав урагшаа зам гараад ТҮЦ байсан тэрийг тойрон явсан тэр үед нь би машинаа хажуу талд үлдсэн. Юу болсон талаар мэдэхгүй. Удалгүй С , Э хоёр хүрээд ирсэн бөгөөд нөгөө ах чинь газар тэрийгээд хэвтчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 05 цагийн үед ...караокед сууж байхад ажлын С гэх залуу хаана байна гэж асууж байгаад ирсэн. Тэгээд дахин 1 цаг сунгаж үйлчлүүлээд гарсан. Гараад гадаа зогсоол дээр байсан машиндаа М , С эгч бид гурав суусан. Б , С хоёр гадаа зогсож байсан. Тэр үед ... баарны цаад тал Мийтинг баарны чигээс нүүр нь цус болсон согтуу бархираад хүрээд ирсэн. Ирээд С тай муудалцаад тэр хоёр бие биенээ хэд хэд цохисон /С тэр ахын хаана цохисон гэдгийг мэдэхгүй/ Б салгасан. Тэр үед би машинаасаа бууж очоод согтуу ахад та хүүхэд шигээ хүнтэй муудалцаж яах гээд байгаа юм, ингээд харьчих гээд С бид хоёр зам руу дөхүүлж өгөөд буцаад машин дээр ирж нөгөө хэдэд харьлаа гэж хэлээд С бид хоёр яваад өгсөн. ...С юүдэнтэй цамцтай байсан байхаа, өнгийг нь санахгүй байна. Би хар өнгийн өмд, хар өнгийн богино савхин хүрэмтэй, хар өнгийн саравчтай малгайтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №1189 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Л.Б ын биед баруун шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, уруулын шарх бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь хүндэвтэр, уруулын шарх гэмтэл нь хөнгөл зэргийн гэмтэл хамаарах бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Хохирогч Л.Б аас мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...өвчний түүх /хх-ийн 23-32 дугаар хуудас/, гэм хорын хохирлын тооцоо /хх-ийн 53 дугаар хуудас/, эмчилгээний зардлын баримт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн “Л.Б ын Худалдаа хөгжлийн банкны ... дугаартай дансны хуулга /4 хуудас/, ... ХХКомпани 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт”
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Г.С ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.С ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.С нь 2019 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... баарны гадна хохирогч Л.Б ыг зодож биед нь “баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, уруулын шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №1189 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.С ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хэн аль нь архи ууж согтуурсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь хоёр хүнд зодуулсан гэж мэдүүлж байх хэдий ч хэрэгт авагдсан баримт, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгчийг бусадтай бүлэглэж үйлдсэн нь тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Г.С ыг уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэж шүүхээс үзсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Г.С ын дээрх гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд эмчилгээ, сувилалын зардалд 665.744 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, орлого 16.395.229 төгрөг нийт 17.060.973 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна.
Хэрэгт авагдсан баримт болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орлогын баримт №8347 дугаартай 76.194 төгрөгийн /хх-ийн 57 хуудас/, №8349 дугаартай 6025 төгрөгийн, № 8348 дугаартай 9300 төгрөгийн /хх58 дугаар хуудас/, Оргил Рашаан сувилал ХХК-ийн 3367 дугаартай 10 хоногийн сувилуулсан төлбөр 520.000 төгрөгийн /хх-ийн 57 дугаар хуудас/ баримт зэргээр хохирогч Л.Б нь нийт 665.744 төгрөгийн эмчилгээ, сувилал хийлгэсэн болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.С аас 665.744 /зургаан зуун жаран таван мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохиогч Л.Б нь ажилгүй байсан хугацааны цалин болох 16.395.229 төгрөгийг нэхэмжилж байх хэдий ч хэрэгт түүнийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн харилцаа үүссэнийг тодорхойлох гэрээ, уг гэмт хэргийн улмаас ямар хугацаанд ажлаа гүйцэтгээгүй болон хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд ажил олгогч болон нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэмжийн хэмжээ зэргийн талаарх тодорхойлолт, баримт хэрэгт авагдаагүй байна.
... ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Лхаасүрэнгийн Баярбатыг ...одоогоор 1387 /нэг мянга гурван зуун наян долоо/ ам.долларын цалинтай гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байх хэдий ч гэмт хэрэг гарсан 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хэдэн төгрөгийн цалин авч байсан талаар дээрх тодорхойлолтод тусгаагүй, тухайн үеийн Монгол банкны ханшаар 1 ам.доллар хэдэн төгрөгтэй тэнцэж байсан лавлагаа хэрэгт байхгүй байна.
Мөн хохирогч Л.Б ын нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх бичилт хийгдээгүй байгаа зэрэг нь хохирогч Л.Б ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг шүүхээс тодорхойлох боломжгүй байх тул хохирогч нь уг хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.С аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.С ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 8 хоног цагдан хоригдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар ялд оруулж тооцох нь зүйтэй байна...” гэх саналыг,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Б эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Шүүгдэгч Г.С нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж торгуулсан. Улсын яллагч шүүгдэгч Г.С ыг 600 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож байгаа нь шүүгдэгчийн толгойг илж байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь оргон зайлсан, хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирлоо төлөөгүй. Иймд энэхүү байдлуудыг харгалзаж үзээд 600.000 төгрөгөөр торгож байгаа нь бага байна гэж үзэж байна ...” гэх саналыг
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналтай маргах зүйлгүй. Харин Г.С ын цагдан хоригдсон 8 хоногийг 15 нэгжээр тооцож, 120.000 төгрөгийг торгох ялын 600.000 төгрөгөөс хасуулан тооцож, 480.000 төгрөгөөр торгох санал оруулж байна....” гэх санал хүсэлтийг тус тус шүүхэд гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримталсан болно.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.С ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.С нь 19 настай, оюутан, ажил төрөл эрхлэхгүй, орлогогүй, хохирлыг барагдуулаагүй байгаа зэрэг нөхцөлийг харгалзан шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгон оногдуулсан ба эрүүгийн хариуцлагын талаар прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “торгох ял” оногдуулах санал нь ялыг түүний гэр бүл, эцэг, эхэд халдаах үндэслэл болох бөгөөд энэ нь эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүхээс үзсэн болно.
Шүүгдэгч Г.С нь тус шүүхийн шүүгчийн захирамжаар 8 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Г ийн С /РД:..../-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С ын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож түүнд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч 336 /гурван зуун гучин зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.С т мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С аас 665.744 /зургаан зуун жаран таван мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч ...тоотод оршин суух Л.Б-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин түүнтэй адилтгах орлогын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүэй.