Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2021/00762

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2021/00762

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....... тоотод оршин суух А.З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......... байрлах ........... Засаг даргын тамгын газар холбогдох,

Газрын төлбөр 611,920 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Гуравдагч этгээд А.Мөнгөнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюут нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.З.  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 68 дугаар захирамжаар 8 га газрыг 15 жилийн хугацаатай гэрээгээр эзэмшиж байсныг 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-172 дугаар захирамжаар өмнөх Засаг даргын захирамжийг олон ижил 200 гаруй аж ахуйн нэгж, иргэний эрхийг цуцалсаныг 2020 оны 5 дугаар сард мэдэж, хөөцөлдөж байна. Сумын удирдлага, газрын даамлууд жил бүр солигддог, өөрсдөө тодорхой мэдээлэлгүй зөвхөн татварын хураамжийн хэмжээ, дансны дугаарыг хэлж өгдөг байв. Би хураамжийг цаг тухайд нь төлдөг байсан. Надад албан ёсоор мэдэгдээгүйгээс 2015-2019 онуудад 611,920 төгрөг илүү төлөгдсөн байна. Иймд газрын төлбөр 611,920 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Миний бие эрүүл мэндийн шалтгаанаас уг хуралд биечлэн оролцож чадахгүйд хүрсэн тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хорлоо нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн нэгдсэн төсвийн дансанд газрын төлбөр нь орсон байгаа. Манай зүгээс нэхэмжлэгчийг Эрдэнэ сумтайгаа харилц яагаад газрыг чинь хүчингүй болгосон юм бэ, хэдэн онд хүчингүй болгож тогтоочихоод одоо ингэж явж байгаа юм. Тэр учраа Эрдэнэ сум болон газрын даамалтай нь учраа ол гэж ярьсан. Тэгтэл нэхэмжлэгч газар эзэмших эрхийг цуцалсан захирамж байгаа түүнийгээ

бариад надад ерөөсөө мэдэгдээгүй гэж байгаа. Аймгийн төсөвт мөнгө ороод 4-5 жилийн дараа нэхэмжлэхээр бид нар жил жилдээ төсвөө төсөвлөөд үлдэгдэл мөнгөөр нь зардалдаа санхүүжээд явдаг. Иргэн хохирсон учраас бид нар төлөх нь ойлгомжтой манай зүгээс татгалзал байхгүй. Төсвөө жил жилдээ төсөвлөөд явдаг учир эрх бүхий байгууллага буюу шүүхийн шийдвэр байж байж иргэний мөнгийг төсвөөс гаргаж өгнө. Эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгтэй учир эвлэрэн хэлэлцэх боломж байхгүй. Хамгийн гол нь манай зүгээс хариуцагчийг Эрдэнэ сумын Засаг даргатай учраа ол тэгэхгүй бол Засаг дарга солигдохоороо өмнөх шийдвэрийг нь хүчингүй болгож, түүнээс нь болоод иргэд болон төрийн байгууллагуудад чирэгдэл үүсэд төсөв жил жилээрээ хэмжээ хязгаартай байхад мөнгө буцаах асуудал яригдаад байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Аймгийн Засаг даргын тамгын газрын дансанд орсон байгаа учраас мөнгийг нь төсвөөс гаргаж өгнө гэжээ.

Гуравдагч этгээд А.Мөнгөнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн А.З нь 2010 онд тус сумын 1 дүгээр багийн нутагт газар эзэмшсэн. Энэ хүн хуулийн хугацаа буюу газрын эрхийг хүчингүй болгох нөхцөл буюу 2 жил түүнээс дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй бол газар эзэмших эрхийг цуцлана гэх үндэслэл байдаг. Мөн төлбөр төлөөгүй, дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулаагүй гээд нэгдсэн шалгалт болсон байдаг. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Үндэсний аудитын газрын харъяа Төв аймгийн аудитаас албан шаардлага өгсөн байдаг. Нийт 2010 оноос хойш газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн судалгаан дээр үндэслэж 2 жил буюу түүнээс дээш хугацаагаар газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй байна гэсэн үндэслэл гаргаж газар эзэмших эрхийг цуцлах үндсэн шаардлага хүргүүлсэн байдаг. Үүний дараа сумын Засаг дарга 2014 оноос авхуулаад тухайн шаардлагын дагуу олон нийтийн хэвлэл мэдээлэл болон сайтуудаар / zaluu.mn, dorgio.mn/ мэдээлэл тавьсан. Газрын тухай хуульд 20 буюу түүнээс дээш иргэн, аж ахуй нэгжүүдийн газрыг нийтээр цуцлах бол заавал биечлэн мэдэгдэх шаардлагагүй, олон нийтийн хэрэгсэл болон интернэт, сонин сэтгүүл, телевизээр нийтэлсэн зар, хэлэлцүүлэг явуулах арга хэмжээ авч сумын Засаг дарга 2015 оны 7 дугаар сард А/172 тоот захирамж гаргаж. Захирамжид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил буюу түүнээс дээш хугацаагаар газраа ашиглаагүй 300 гаруй иргэн, аж ахуй нэгжүүдийн газар эзэмших эрхийг цуцалсан, үүнд А.З-н газар эзэмших эрх мөн цуцлагдсан байна. Сумын засаг дарга хуулийг хэрэгжүүлж, зориулалтын дагуу буюу 2 жил түүнээс дээш газраа ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан. Иргэн А.З-н хариуцлагагүй байдал харагдаж байгаа. Төлбөрөө увуулж цувуулж өгөөд гэрээ байгуулаагүй байна. Төлбөрийн буцаан олголтын хувьд 2019 он хүртэл аймгийн нэгдсэн төсөвт газрын төлбөрийн мөнгө 100 хувь төвлөрдөг байсан. 2019-2021 онд 60 хувь 40 хувиар сум, аймгуудад хуваагдаж ордог болсон. 2022 оноос эхлээд сумандаа 100 хувь төвлөрдөг болно. Нэхэмжлэгч иргэн бол 2015 онд төлсөн газрын төлбөрийн мөнгө нэхэмжилж байгаа учраас аймгийн төсөвт төвлөрүүлсэн байгаа учраас сумаас төлбөр гарах боломж байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.З.  нь хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын

Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдуулан газрын төлбөр 611,920 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж, газрын төлбөр 611,920 төгрөгийг ............ Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шаардсанаар хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.З.  нь 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-172 дугаар захирамжаар ... газар эзэмших эрхийг цуцалсныг 2020 оны 5 дугаар сард мэдсэн, шийдвэрийг албан ёсоор мэдэгдээгүйгээс 2015-2019 онуудад 611,920 төгрөгийг илүү төлсөн гэж шаардаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хорлоо нь аймгийн нэгдсэн төсвийн дансанд газрын төлбөр нь орсон, мөнгөн дүнд маргахгүй, төсвөө жил жилдээ төсөвлөөд, зардлаа санхүүжүүлдэг учир эрх бүхий байгууллага буюу шүүхийн шийдвэргүйгээр мөнгийг төсвөөс гаргах боломжгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 68 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжаар А.Зундуйд 15 жилийн хугацаагаар тэжээлийн ургамал тариалах зориулалтаар ....... ..........сумын 2 дугаар багийн нутаг Чулуун хороо хаягт 8 га газрыг эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /№0278195/-г 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр олгожээ. /хх-52-55/

2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ........... Засаг даргын А/172 дугаартай Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамжаар А.Зундуйд 15 жилийн хугацаагаар тэжээлийн ургамал тариалах зориулалтаар олгосон газрын эзэмших эрхийг Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 буюу түүнээс дээш жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэр, үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй болно. /хх-68/

   Газрын төлбөртэй холбогдсон маргааныг Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх үүрэгтэй бөгөөд А.З.  нь тухайн урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болох нь Төв аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05/181 дугаартай албан тоот, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тоот, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-3-4, 51/

Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарсныг захиргааны байгууллагаас А.З-д хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байх тул шүүх хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн .......... Засаг даргын 68 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн 2 дахь хэсгийн 2-т газрын төлбөрийг жил бүр гэрээнд заасны дагуу төлөхийг А.Зундуйд даалгажээ.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна гэж, мөн зүйлийн 2-т Газрын төлбөрийн орлогын зохих хувийг иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрын хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зарцуулна... гэж зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гарсныг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүйгээс нэхэмжлэгч А.З.  нь газрын төлбөрт зориулан 2015-2018 онд жил бүр 92,640 төгрөг, 2019 онд 288,000 төгрөг, нийт 658,560 төгрөгийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн Төрийн сангийн дансанд төлж, түүнийг эрх бүхий этгээд хуульд заасан журмын дагуу захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. /хх-6-10/

Дээрх төлбөрөөс газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гарсан 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оныг дуустал хугацаанд буюу төлбөр төлөх үүрэг дуусгавар болсноос хойш 611,920 төгрөгийг нэхэмжлэгч газрын төлбөрт зориулан төлсөн болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна. /хх-122-124/

   Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т газрын төлбөртэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар А.З-н газрын төлбөрт үндэслэлгүйгээр төлсөн 611,920 төгрөгийг Төв аймгийн Засаг даргын тамгын газар /Санхүү, төрийн сангийн хэлтэс/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Засаг даргын тамгын газар /Санхүү, төрийн сангийн хэлтэс/-аас 20,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хорлоо нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч А.З.  нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байдлаа хүсэлтээр илэрхийлсэн тул зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг баримтлан газрын төлбөрт төлсөн 611,920 /зургаан зуун арван нэгэн мянга есөн зуун хорин/ төгрөгийг -------- Засаг даргын тамгын газар /Санхүү, төрийн сангийн хэлтэс/-аас гаргуулан, нэхэмжлэгч А.З-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.З-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,008 төгрөгийг /арван есөн мянга найман/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .........  Засаг даргын Тамгын газар /Санхүү, төрийн сангийн хэлтэс/-аас 20,000 /хорин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.З-д олгосугай.

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Д.МӨНХБҮРЭН