Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ХШТ/32

 

М.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн шүүх таслах газрын 1943 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар тогтоолтой, М.Г-д холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

М.Г, 1880 онд төрсөн, 1943 оны байдлаар 63 настай, эрэгтэй, ***** аймгийн ***** сумын 4 дүгээр багийн харьяат, баригдахын өмнө ***** сумын “Хужирын гол” хэмээх газар малын ажилтай байсан, М.Г нь “1940 оноос эхлэн ардын хувьсгалт нам засгаас явуулж буй ажил явуулгыг эсэргүүцэн зарим нэгэн ажлыг сулруулан саатуулж эсэргүүцэх зорилгоор ард М, н.Г /Б/, Ц нарын зэрэг хүмүүст хувьсгалын эсэргүү цуурхлыг нэвтрүүлж байсан бөгөөд баримтаас дурдвал, “Улсын батлан хамгаалах 2 ба 3 дугаар зээллэгүүд бол сайхан нэртэй гуйлга буюу албадан авч байна. 20 жил болгоод мөнгийг эргүүлэн авна гэдэг бол худал хэрэг, энэ нам, засгаас яавал салах бол, бидний ноосыг авч дуусгаад гэр оронгүй болгов, хонь нэг бүрээс 1,5 кг ноос гарахгүй, улаан Орос улсад бүх ноосыг өгч байна, маршал Чойбалсан бүх эрхийг гартаа авсан, Монголын ард олныг хатуу гараар барьж байна, Монголын малыг хоршоонд хураан аваад Оросод өгч дуусгаж байна, хэзээ Монголын мал хадлангийн өвс идэж байлаа, хадаж авсан өвс малд хор болно, одоо идэр залуучуудыг цэрэгт татаад хэдэн хөгшин ба бүсгүйчүүд үлдэж зовох болно, Герман улс бол Орос улсаас илүү хүчтэй тул заавал ялах болно, энэ дайн эхэлсэн цагаас нойртой хонодог болов“ гэж хувьсгалын эсэргүү цуурхлуудыг тарааж байсан” гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Прокуророос М.Г-ийн үйлдсэн “энэ нам, засгийг эсэргүүцэн тэрсэлж, түүний ажил явуулгыг саатуулан хорлохын тулд 1940 оноос эхлэн ард олны дотор хувьсгалын эсэргүү хортой цуурхлыг санаатайгаар тарааж явсан” хэрэгт 1942 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар ялын төлөвлөгөө үйлдэж байжээ.

Баянхонгор аймгийн Шүүн таслах газрын 1943 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 2 дугаар тогтоолоор М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар 4 жил хорьж шийтгэх, урьдчилан хоригдсон 3 сар 6 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулж тооцохоор шийтгэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...М.Г-д холбогдох мөрдөн байцаалтын хэрэгт байгаа мэдүүлгүүд, ялын төлөвлөгөө, таслан шийтгэсэн тогтоол зэрэгт түүнийг “Улсын батлан хамгаалах 2 ба 3 дугаар зээллэгүүд бол сайхан нэртэй гуйлга буюу албадан авч байна. 20 жил болгоод мөнгийг эргүүлэн авна гэдэг бол худал хэрэг, энэ нам, засгаас яавал салах бол, бидний ноосыг авч дуусгаад гэр оронгүй болов, хонь нэг бүрээс 1,5 кг ноос гарахгүй, улаан Орос улсад бүх ноосыг өгч байна, маршал Чойбалсан бүх эрхийг гартаа авсан, Монголын ард олныг хатуу гараар барьж байна, Монголын малыг хоршоонд хураан аваад Оросод өгч дуусгаж байна, хэзээ Монголын мал хадлангийн өвс идэж байлаа, хадаж авсан өвс малд хор болно, одоо идэр залуучуудыг цэрэгт татаад хэдэн хөгшин ба бүсгүйчүүд үлдэж зовох болно, Герман улс бол Орос улсаас илүү хүчтэй тул заавал ялах болно, энэ дайн эхэлсэн цагаас нойртой хонодог болов“ гэх цуурхлыг тарааж байсан гэж хорих ялаар шийтгэсэн бөгөөд түүний тараасан гэх энэ цуурхал нь ард олны дунд тухайн цаг үедээ түгээмэл яригдаж байсан, тодорхой эзэнгүй бөгөөд үнэн бодит байдлыг ярьсан яриа байсан, энэ ярианы улмаас төр засаг, нийгэм, хувь хүнд ямар хохирол учирсан болох нь тодорхойгүй, түүнийг тухайн үед нь шалгаж тогтоосон баримт хэрэгт байхгүй, М.Г нь төр засгийн эсрэг хандах санаа зорилготой байсан эсэхийг бүрэн тодруулж шалгаагүй, тухайн үйл явдлыг мэдэх, гэрчлэх гэрчүүдтэй М.Г-г нүүрэлдүүлэн байцааж түүний гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байна.

Мөрдөн байцаалтын хэрэгт байгаа Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн харьяат, С.О-ын 1942 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт: ...өнгөрсөн намар биднийг хадлан авч байхад М.Г-ээс, “энэ өвс малд хоол болохгүй хор болно” гэх зэргээр үл бүтэх үг хэлж байсан гэж, мөн сумын Г-ийн 1942 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт: ... 1941 оны 8 сард М.Г-ээс, “сайхан нэртэй 20 жилийн зээллэг гэж ард олныг хуурч байна, энэ хадаж авсан өвс нь малд хоол болохгүй хор болно” гэж ярьсан гэх, мөн сумын 4 дүгээр багийн Гонгорын мөн өдрийн мэдүүлэгт: “...М.Г нь ер нь нам засгийн эсрэг яриа өгүүлэл гаргаж байдаг хүн бөгөөд энэ ардын засаг чинь ард биднийг их зовоож байна, энэ засгаас салах цаг байна уу” гэх зэргээр ярьж байсан гэж, мөн багийн М-ийн 1942 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлэгт: “...энэ хоршоо нь ард биднийг сайхан үгээр хуурч хамаг ноосыг авч байна, энэ засгаас салах цаг байна уу” гэх зэргээр эсэргүү яриа ярьж байдаг гэх, 5 дугаар багийн Ц-ын 1942 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлэгт: “...энэ Герман, Орос хоёрын дайн эхэлсэн цагаас хойш сэтгэл амарч нойртой хонох болов, завод нь зуны цагт сүү таргаас идэж чадахгүй болов” гэх зэргээр ярьж байсан хэмээн тус тус мэдүүлснээс үзэхэд М.Г нь засаг төрийг түлхэн унагах, ард олныг үймүүлэн сандруулах, засаг төрд итгэх явдлыг султгах, ард олныг уриалан дуудах зэргээр ард олонд ухуулга, ятгалга хийгээгүй, нийгэмд болж бүтэхгүй байгаа үйл явдалтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн ярьж байсан болох нь харагдаж байгаа бөгөөд төр засгийн эсрэг гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа зорилго харагдахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн баримтуудаас дүгнэхэд, М.Г нь “ардын хувьсгалт засаг төрийг түлхэн унагах, гутаах, султгах, ард олныг үймүүлэн сандруулах, суртал нэвтрүүлэх, засаг төрд итгэх явдлыг султгах, ард олныг уриалан дуудах ямар нэгэн үйлдэл гаргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй” байхад түүнийг улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн ...1-1-д заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

М.Г-д 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар 4 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г/-д зааснаар түүнийг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байна.

М.Г-д 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар 4 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн Баянхонгор аймгийн Шүүн таслах газрын 1943 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ***** аймгийн ****** сумын 4 дүгээр багийн харьяат, М.Г-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1 .Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “М.Г нь 1943 онд ардын хувьсгалт засгаас явуулж буй бодлогыг эсэргүүцэн саатуулах зорилгоор элдэв төрлийн цуурхал тараасан хэрэгт Баянхонгор аймгийн шүүн таслах газрын 1943 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн. Цуурхал тараасан гэх үндэслэл нь тухайн үед ард олны дунд түгээмэл яригдаж байсан, нийгмийн бодит байдлыг ярьсны улмаас төр засагт учирсан ямар нэгэн хохиролгүй. Хохирол учирсан эсэхийг шалгаж тогтоосон баримт байхгүй байхад ял оногдуулсан байна. Мөн М.Г-ийн үйлдсэн хэргийн талаар гэрч С.О, н.Г, н.Гонгор, н.М, н.Ц нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд М.Г нь засаг төрийг түлхэн унагах, ард олныг үймүүлэн сандруулах, засаг төрд итгэх явдлыг султгах, ард олныг уриалан дуудах зэргээр ард олонд ухуулга, ятгалга хийгээгүй, нийгэмд болж бүтэхгүй байгаа үйл явдалтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн ярьж байсан болох нь харагдаж байгаа бөгөөд төр засгийн эсрэг гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа зорилго харагдахгүй байна. Иймд Баянхонгор аймгийн шүүн таслах газрын 1943 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, М.Г-г цагаатгах санал гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлжээ. 

2. М.Г нь нам засгийг эсэргүүцэн тэрсэлж, түүний ажил явуулгыг саатуулан хорлохын тулд 1940 оноос эхлэн ард олны дотор хувьсгалт нам засгаас явуулж буй ажил явуулгыг эсэргүүцэн зарим нэгэн ажлыг сулруулан саатуулж эсэргүүцэх зорилгоор хувьсгалын эсэргүү хортой цуурхлыг санаатайгаар тарааж явсан гэм буруутай гэж Баянхонгор аймгийн Шүүн таслах газрын 1943 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 2 дугаар тогтоолоор М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар 4 жил хорьж шийтгэх, урьдчилан хоригдсон 3 сар 6 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэсэн байна. 

3. Таслан шийтгэсэн тогтоолд М.Г-г “Улсын батлан хамгаалах 2 ба 3 дугаар зээллэгүүд бол сайхан нэртэй гуйлга буюу албадан авч байна, 20 жил болгоод мөнгийг эргүүлэн авна гэдэг бол худал хэрэг, энэ нам засгаас яавал салах бол, бидний ноосыг авч дуусгаад гэр оронгүй болов, хонь нэг бүрээс 1,5 кг ноос гарахгүй, улаан Орос улсад бүх ноосыг өгч байна, маршал Чойбалсан бүх эрхийг гартаа авсан, Монголын ард олныг хатуу гараар барьж байна, Монголын малыг хоршоонд хураан аваад Орос улсад өгч дуусгаж байна, хэзээ Монголын мал хадлангийн өвс идэж байлаа, хадаж авсан өвс малд хор болно, одоо идэр залуучуудыг цэрэгт татаад хэдэн хөгшин ба бүсгүйчүүд үлдэж зовох болно, Герман улс бол Орос улсаас илүү хүчтэй тул заавал ялах болно, энэ дайн эхэлсэн цагаас нойртой хонодог болов“ гэж нам засгийг эсэргүүцэн тэрсэлж, түүний ажил явуулгыг саатуулан хорлохын тулд 1940 оноос эхлэн ард олны дотор хувьсгалын эсэргүү хортой цуурхлыг санаатайгаар тараасан хэмээн дурджээ.

Тухайн үеийн Эрүүгийн хууль тогтоомжоор төр засгийн эсрэг гэмт хэргийн субъектив шинжийг илтгэж байсан төр засгийн эсрэг хандах санаа зорилготой байсан эсэхийг бүрэн тодруулж шалгаагүй, түүнчлэн нийгэм, төр засаг, иргэд, хувь хүнд хор уршиг учирсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд таслан шийтгэсэн тогтоолд тусгагдсан М.Г-ийн ярьсан гэх зүйлүүдээр тэрээр ухуулга, ятгалга хийгээгүй, засаг төрийг түлхэн унагах, ард олныг үймүүлэн сандруулах, засаг төрд итгэх явдлыг султгах, ард олныг уриалан дуудах зорилготой бус нийгэмд болж бүтэхгүй байгаа үйл явдалтай санал нийлэхгүй байгаа итгэл үнэмшлийнх нь эсрэг хилс яллаж, шийтгэсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

М.Г-г ардын хувьсгалт засаг төрийг түлхэн унагах, гутаах, султгах, ард олныг үймүүлэн сандруулах, суртал нэвтрүүлэх, засаг төрд итгэх явдлыг султгах, ард олныг уриалан дуудах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн /1942 оны/ тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар ял шийтгэсэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “улс төрийн хилс хэрэг”, 3.1.2-т заасан “улс төрийн хэлмэгдүүлэлт” гэсэн нэр томьёоны ойлголтод хамаарч байхаас гадна мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтын г-д зааснаар /шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэр/ 1942 оны Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шүүхийн журмаар хилсээр ял шийтгүүлсэн гэж үзнэ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн...” нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэхээр заасан байх тул прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Баянхонгор аймгийн Шүүн таслах газрын 1943 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгож, М.Г-г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Шүүн таслах газрын 1943 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр М.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 2. М.Г-д холбогдох хэргийн талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН                                                                                                                

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Б.ЦОГТ