Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 38

 

Ж.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 08 дугаар сарын       11-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 49 дүгээр тогтоолтой Ж.Д-д холбогдох 17280 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн, 2022 оны  01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1885 онд төрсөн, 1950 оны байдлаар 65 настай, эрэгтэй, ард, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 8 дугаар баг, ам бүл 6, бод 29, цэрэгт яваагүй, түвд ном мэдэх, ял шийтгүүлж яваагүй, урьд лам явсан, Ж.Д нь 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 08 дугаар сарын     11-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 49 дүгээр тогтоолоор 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасныг баримтлан 2 жил хорьж шийдвэрлэсэн байна.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 08 дугаар сарын 11-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 49 дүгээр тогтоолоор Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 2 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 1. Ж.Д-н үйлдсэн хэргийн санаа зорилго, ашгийг хичээж, бусдаас шахаж шаардаж өргөл барьц авсан эсэх, хэргийн улмаас нийгэм болон иргэдэд ямар хор, хохирол учруулсан эсэхийг шалгаж, баримтаар бүрэн тогтоогоогүй, нутгийн иргэдийн гуйлтын дагуу гүрэм, сан тавьж, ном уншиж, барьц болгож өгсөн зүйлийг авсныг нь ашгийг хичээсэн гэж үзэж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн байна. Б.Ч-г 1950 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр байцаахад: “миний бие 1948 оны эхээр мориноос унаж гэмтсэн учир өөрийн биеийг аргалуулахаар Ж.Д-д барьц болгон хар зүсний шүдлэн морио өгсөн” гэж, Х.Д-г 1950 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр байцаахад: “би өөрийн биеэр өргөл барьц өгч байсан удаа байхгүй. 1947, 1948 оны үед миний ах Дамдин гэгч хүнийг өвчтэй байх үед тус сумын Ж.Д гэгч хүнээр ном уншуулан морь 1-ийг өгч байсан” гэж тус тус мэдүүлжээ. Хэргийн баримт, гэрчүүдийн мэдүүлгүүдээс дүгнэхэд, Ж.Д нь өөрийн сайн дураар, ашиг хонжоо харж бусдад ном уншиж, гүрэм, сан тавиагүй, бусдын сүсэг бишрэлийг далимдуулан шашнаар нөлөөлж, мунхруулаагүй, харин хүмүүсийн өөрсдийнх нь гуйлтын дагуу гэрт нь очиж ном, гүрэм уншиж тусалсныхаа хариуд нь сайн дураараа өгсөн зүйлийг авч байсан байна. 1934 онд батлагдсан Төр шашныг тусгаарлан явуулах тухай хуулийн 20 дугаар зүйлд: “Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална" гэснээс үзвэл албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьцыг авахыг хориглоогүй байна. Ж.Д нь бусдын хүсэлт, гуйлтаар гэрт нь очиж шашны ном уншиж, сан тавьж өгч, тэдний сэтгэлээсээ өргөл болгож өгсөн зүйлийг авсныг нь ашгийг хичээсэн гэж буруутгаж, улс төрийн хэрэгт зориудаар буруутган хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна. Иймд Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 08 дугаар сарын 11-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 49 дүгээр тогтоолоор Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 2 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн тогтоолыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, Ж.Д-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан бичсэн дүгнэлтээ дэмжиж байна” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

2. Ж.Д нь Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 08 дугаар сарын 11-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 49 дүгээр тогтоолоор “Хэрэгтэн Д нь 1947, 1948 онуудад Уулбаян сумын 8 дугаар багийн иргэн Дамдин, Чойжил, Чүлтэм нарын хүмүүст ном уншиж барьцанд нь морь 2, төлөг 1-ийг авсан ба Дамдин, Лосмаа нарын зуу шахам хүнд Гурван гүрэм, Дар эх, Мангал зэрэг шашны ном, гүрэм уншиж тэднээс өргөл барьцанд аар саар зүйл авч байсан өөрийнх нь мэдүүлгээр батлагдсан тул Ж.Д-ийн биеийг тус улсын 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасныг баримтлан 2 жил хорьж шийтгэсүгэй” гэж шийдвэрлэжээ.

3. Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Ж.Д нь ард олны сүсэг бишрэлийг далимдуулан мухар сүсгийг төрүүлэн эд зүйлийг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүнээс тусламж авсан хүмүүсийн бие махбодь өвдсөн, нас барсан гэх баримт тогтоогдоогүй, бусдыг ятгаж мунхруулсан гэх гэмт хэргийн санаа зорилго зэргийг шалгаж тогтоогоогүй бөгөөд албадлага, дарамт үзүүлэн хэрэг хүлээлгэсэн мэдүүлэгт үндэслэн ял шийтгэсэн, мөн хохирогч нарын мэдүүлэгт дурдагдсан “... өөрсдийнх нь хүсэлт, гуйлтаар гүрэм, ном уншиж, сайн дураараа эд зүйл өгсөн” гэсэн мэдүүлгийг хэрхэн үнэлж, бусад баримттай харьцуулан няцаан үгүйсгэж байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хилсээр ял шийтгэсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн О.Д-г хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл дэх “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

4. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн ...” гэх үндэслэлээр 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 2 жил хорих ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэснийг хүчингүй болгон Ж.Д-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ж.Д-г 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасныг баримтлан 2 жил хорих ял оногдуулсныг хүчингүй болгож, холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.Д-г цагаатгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

 

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                    С.БАТДЭЛГЭР

 

                                                                      Б.БАТЦЭРЭН

 

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН