Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/02598

 

Р.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.ЭнхтөрА.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24ий өдрийн 101/ШШ2017/03343 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Амарсайханд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 35 550 000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа, хариуцагч М.Амарсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Р.Чулуунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2014 оны 08 сарын 21-ний өдөр М.Амарсайхантай 30 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж мөн өдрөө мөнгө өгч харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ шударгаар, зохих ёсоор, тогтоосон хугацаанд, биелүүлэгүй бөгөөд хүүд 500 000 төгрөг, 2015 онд 5 000 000 төгрөгт тооцож газар, мөн 5 000 000 төгрөгт тооцож төмөр хашаа өгсөн. Иймд хариуцагч М.Амарсайхан өнөөг хүртэл зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 23 700 000 төгрөг, алданги 11 850 000 төгрөг нийт 35 550 000 төгрөг гаргуулж өгнө үү. Төмөр хашааг 7 565 000 төгрөгт авсан гэж тооцуулах саналтай байх тул хариуцагч М.Амарсайханаас /35 550 000-2 565 000/ 32 985 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Чулуунцэцэгт олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Амарсайханы шүүхэд гаргасан тайлбарт: 2014 оны 08 сарын 21-нд Р.Чулуунцэцэгтэй 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүнээс уг мөнгийг хүлээн авсан талаар маргахгүй. Гэхдээ бид хамтран ажиллаж, ашиг олох зорилготойгоор энэ гэрээг байгуулсан. Тодруулбал, миний бие барилгын тусгай зөвшөөрөл бүхий Хуримт констракшн ХХК-тай бөгөөд иргэн Б.Оюунчимэг гэгч надад барилга нураах ажил олж өгөх түүний зуучилсан хөлсөнд би 30 000 000 төгрөгийн шагнал өгөх хэлэлцээ явагдсан юм. Надад бэлэн мөнгө байгаагүй учир бусдаар зуучлуулан Р.Чулуунцэцэгээс 30 000 000 төгрөг авч Б.Оюунчимэгт өгөх, улмаар барилга нураалтын ажил эхлэхэд Хуримт констракшн ХХК нь Р.Чулуунцэцэгийн оролцоотой Эд арвижих ХХК-аас техник тоног төхөөрөмж түрээслэх, барилга нураалтын ажлаас олсон ашгаас Р.Чулуунцэцэгт хуваарилах мөн олсон ашиг орлогоос 30 000 000 төгрөгийг буцаан төлөх хэлэлцээр болсон.

Р.Чулуунцэцэгээс авсан 30 000 000 төгрөгөөр Б.Оюунчимэгтэй 2014 оны 08 сарын 21-нд зээлийн гэрээ байгуулах замаар Б.Оюунчимэгт өгсөн боловч тэрээр надад барилгын ажил олж өгөөгүйгээр үл барам залилан мэхэлсэн. Улмаар Цагдаагийн газарт гомдол гаргаж Б.Оюунцэцэгийн 30 000 000 төгрөг авсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Анхнаасаа зээлийн гэрээ байгуулах санаа зорилго байгаагүй тул Р.Чулуунцэцэгээс авсан 30 000 000 төгрөгөөс газар, хашааг 12 565 000 төгрөгт тооцож өгсөн мөн 50 ,000 төгрөг бэлнээр төлсөн. Иймд 13 065 000 төгрөгийг төлөөд байгаа тул одоо үлдэх хэсгийг л төлөх ёстой. Бодитой зээлийн гэрээ биш учир хүү, алданги төлөх үүрэггүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч М.Амарсайханаас 26 418 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Чулуунцэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 9 131 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335 700 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч М.Амарсайханаас 290 043 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Чулуунцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Амарсайхан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчаас 26 418 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Чулуунцэцэгт олгож шийдвэрлэсний зарим хэсэг болох 9 483 750 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2014 оны 08 сарын 21-ний өдөр хуучин барилга буулгах ажил хийхээр тохиролцож, Р.Чулуунцэцэг нь 30 000 000 төгрөг гаргаж, би уг ажлыг гүйцэтгэх бөгөөд ашгаа тэнцүү хувааж авах мөн ажил хийхэд шаардлагатай машин техникийг Р.Чулуунцэцэг манайд түрээслүүлэх талаар хамтран ажиллах гэрээ, мөн бэлэн мөнгө авсан баталгаа болгож зээлийн гэрээ байгуулсан.

Бидний ажил бүтсэн бол Р.Чулуунцэцэг нь надаас 30 000 000 төгрөг авч ашгийн 50 хувьд нь зээлийн гэрээнд дурдагдсан хүү, алданги хэлбэртэйгээр авах байсан боловч барилга буулгалтын ажлын тендер авч өгнө гэж хэлсэн Б.Оюунчимэг гэх хүнд Р.Чулуунцэцэгээс авсан 30 000 000 төгрөгийг өгч залилуулсан. Ер нь Р.Чулуунцэцэг бид хоёр хамтран ажиллах гэрээний дагуу ашиг гарвал ашиг нь зээлийн гэрээнд заагдсан, хүү, алданги байхаар зохицуулалт хийсэн. Түүнээс биш мөнгө зээлээд хүү, алданги тооцож өгнө гэсэн тохиролцоо анхнаасаа байгаагүй. Иймээс хамтран ажиллах гэрээнд үндсэн 30 000 000 төгрөг авна гэж байгуулсан. Нэгэнт хэн аль нь ашиггүй ажилласан тул хүү, алдангийн асуудал буюу илүү ашиг байхгүй болно. Ер нь 30 000 000 төгрөг алдсан эрсдлийг Р.Чулуунцэцэг бид хоёр хувааж үүрэх ёстой гэж бодож байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 9 483 750 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохигчид 2014 оны 08 сарын 21-ний өдөр зээлийн болон хамтран ажиллах гэрээ байгуулсан. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хэлцэл нь хамтран ажиллах гэрээнд заагдсан ажил үүргийг хийхээр тохиролцсоныг харуулж байна. Өөрөөр хэлбэл талуудаас гаргаж байгаа 30 000 000 төгрөг нь хамтран ажиллах зорилгоор авсан, хэн алиных нь ашгийн төлөөх асуудал байсан байна. Шүүх адил хүчинтэй нэг өдөр байгуулагдсан 2 гэрээ байхад зөвхөн зээлийн гэрээг нотлох баримтаар үнэлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэт нэг талыг барьсан, хариуцагчаар хүү, алданги төлүүлэхээр заасан нь буруу гэж үзэж байна.

Хамтран ажиллах гэрээний 3-т зааснаар Р.Чулуунцэцэг нь М.Амарсайханд зээлүүлсэн 30 000 000 төгрөгийг гаргуулж авна, М.Амарсайхан нь зээлж авсан 30 000 000 төгрөгийг гаргаж өгнө гэж заасан байгаа. Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөгийг авсан боловч шууд тэр өдрөө Б.Оюунчимэг гэгч этгээдэд залилуулсан болох нь хариуцагчийн 2015 оны 05 сарын 21-ний өдөр цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Зээлийн гэрээ байгуулагдсан ч дээрх бодит нөхцөл байдал, талуудын ашгийн төлөөх ажил бүтгэлгүйтсэн зэрэг бодит байдлыг шүүх харгалзан үзэж хүү, алдангийг бүрэн чөлөөлж, багасгаж, хөнгөрүүлэх бүрэн боломж байгаа гэж харж байна. 30 000 000 төгрөгийн хүүгийн хэмжээ 7 хувь байгаа нь илт хохиролтой тогтоогдсон, 2 сарын хүү гэхэд л 4 200 000 төгрөг, алданги нь 5 283 750 төгрөг, нийт 9 483 750 төгрөг болж байна. Шүүх дээр дурдсан бүх нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор харгалзан үзэж 9 483 750 төгрөгийн хүү, алдангийг бүрэн чөлөөлж эсвэл багасгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Р.Чулуунцэцэг зээлийн гэрээний үүрэгт нийт 32 985 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч М.Амарсайхан эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч гэрээний зүйлийг тогтоосон хугацаанд хүүгийн хамт төлөөгүй нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон, зээлдүүлэгч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, зээлдэгч нь зээлийн төлбөрт 500 000 төгрөг бэлнээр, газар, хашааг 12 565 000 төгрөгт тооцож нийт 13 065 000 төгрөг төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх 3-4/

 

Хариуцагч тал 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, хамтран ажиллахаар хэлэлцэн тохиролцсоны дагуу авсан тул хүү, алданги төлөхгүй гэж маргасан бөгөөд хэргийн 28 дугаар талд авагдсан Хуримт констракшн ХХК, Эд арвижих ХХК-ийн буулгалтын ажлыг хамтран гүйцэтгэх тухай гэрээ нь зохигч иргэдийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн дагуу хүү, алданги төлөх үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

Хариуцагчаас төлөгдсөн 13 065 000 төгрөгийг түүний зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн 30 000 000 төгрөг, 2 сарын хүү 4 200 000 төгрөгийн хамт нийт дүн 34 200 000 төгрөгөөс хасч 21 135 000 төгрөгийн төлбөрийн үүргээ биелүүлээгүй байх тул алдангид 5 283 750 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгтэй нийцсэн байна. Зээлдэгч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг бууруулсанд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24ий өдрийн 101/ШШ2017/03343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 690 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ