Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2026/ХШТ/60

 

 

...-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргал, нарийн бичгийн дарга Б.Энхжаргалыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1951 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 54 дүгээр магадлалтай, ...- /...-/-д холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

... /...-/, ... аймгийн ... сумын харьяат, ... настай, эрэгтэй захчин, ам бүл 3, хөрөнгө адуу 3, үхэр 15, хонь 22, ямаа 7, гэр 1, урьд 8 жил мяндаг тушаалгүй лам явсан, бичиг үсэг мэдэхгүй, 1948 онд албан журмын сүүнд ус хольсон хэрэгт 2 жил хорих ялаар шийтгүүлж, Улаанбаатар хотод хоригдож байсан.

 

Холбогдсон хэргийн агуулга: “...- нь хорих газраас оргож, эх орноосоо урваж, дайсны талд шилжихийг оролдсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1951 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 54 дүгээр магадлалаар “...-гийн хэргийн хувьд биечилсэн үйлдэл ба үр дүнгүй тул Улсын прокурорын эсэргүүцэл зүйтэй гэж үзэн Дотоод явдлын яамны Цэргийн шүүхийн 1950 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн таслан шийтгэх 25 дугаар тогтоолыг өөрчлөн ...-г 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлд зааснаар 10 жил, мөн хуулийн 103 дугаар зүйлд зааснаар 3 жил тус тус хорьж, мөн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийг журамлан 56 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 10 жилийн ялыг 1949 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Х.Насанжаргалын бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ирүүлсэн хүсэлтийн дагуу тусгай архивт хадгалагдаж байгаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарах хэрэгт ял шийтгүүлсэн ....- (…)-д холбогдох хэрэгт шинэ нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэн шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд, 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эх орноосоо урвах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н....- (...-)-ийн өгсөн 7 удаагийн мэдүүлэг, зурхайч лам н....-ийн тодорхойлолт авагдсан байдаг. Н....- (...-) нь Улаанбаатар хотод хорих ял эдэлж байгаад хоол нь чанаргүй юм байна, ажил нь хүнд байна гэх шалтгаанаар ... аймгийн ... сумд байх гэртээ очиж 3 хоноод, ... аймгийн ... сумд байх урьд таних зурхайч лам н....- гэгч дээр очиж “оргон зугтаж явна, хил нэвтрэх нь дээр үү, эсхүл энэ газраа уул хадаар хэсүүчлэн явах нь дээр үү, зам мөр гаргаж өгнө үү гээд 5 төгрөг барьсан” гэж хэлсэн зэргээс үзэхэд Н....- (...-) нь эх орноосоо урваж, гадаадын талд орох идэвхтэй үйлдэл хийгээгүй, ингэж бодсон боловч зурхайч лам н....-ийн гэрт очоод тэндээсээ сумын захиргаанд мэдэгдэж хүргэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Иймд 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн, Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1951 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 54 дүгээр магадлалын 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н....- (...-)-д 10 жилийн хорих ял оногдуулсан нь Улс төрийн хил хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.г-д заасан үндэслэлд, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3, 1.4-т заасан үндэслэлд тус тус хамаарч байна гэж дүгнэж, Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1951 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 54 дүгээр магадлалын 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н....- (...-)-д 10 жилийн хорих ялаар шийтгэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, тухайн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулсан болон нэгтгэсэн заалтуудыг хүчингүй болгож Н....- (...-)-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож цагаатгуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

...- /...-/-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг илт буруу хэрэглэсэн нөхцөл байдал шинээр илэрсэн талаарх прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

...-ын ...- /...-/ нь “... хорих газраас оргож, эх орноосоо урваж, дайсны талд шилжихийг оролдсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Дотоод явдлын яамны Цэргийн шүүхийн 1950 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн таслан шийтгэх 25 дугаар тогтоолоор “... /.../ овогтой ...- /...-/-д 1942 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 56 дугаар зүйлд зааснаар 25 жил, мөн хуулийн 103 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ялыг тус тус ноогдуулж, ерөнхий ангийн 47 дугаар зүйлийг журамлан хөнгөнийг хүндэд нь багтааж 25 жил хорих ялыг 1949 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй” хэмээн шийдвэрлэснийг Улсын прокурорын 1951 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр эсэргүүцлээр “...- нь уг хэргийн талаар биетэй, бодитой үйлдсэн үйлдэл бага тул уг хэрэгт 25 жил хорих ял оногдуулсан нь хэтэрхий хүнд болсон байх учир анхны тогтоолыг хүчингүй болгож хөнгөтгөн шийтгүүлэх”-ээр эсэргүүцэл бичсэн байна.

 

Дээрх эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1951 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 54 дүгээр магадлалаар “... ...- /...-/-гийн хэргийн хувьд биечилсэн үйлдэл ба үр дүнгүй тул Улсын прокурорын эсэргүүцэл зүйтэй гэж үзэн Дотоод явдлын яамны Цэргийн шүүхийн 1950 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 25 дугаар тогтоолд ...- /...-/-г 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлд зааснаар 10 жил, мөн хуулийн 103 дугаар зүйлд зааснаар 3 жил тус тус хорьж, мөн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийг журамлан 56 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 10 жилийн ялыг 1949 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэжээ.

 

...- /...-/ урьд 1948 оны зун сүү, тосны заводод өөрийн ногдох сүүг тушаахдаа хүний өөрийн бүх 800 гаруй литр сүүнд 303 шингэн ус хольсон хэрэгт ... аймгийн ... сумын 1 дүгээр ангийн шүүхээр 2 жил хорих ялаар таслагдаж, уг ялыг Улаанбаатар хотын Сэлбэ дэх туйпууны заводод ял эдэлж байхдаа “ажил хүнд, 3 дугаар зэргийн хоол идэж ядарч байна” гэх шалтгаанаар хорих ангиас оргож ... аймгийн ... суманд гэртээ очиж эхнэр, хүүхэдтэйгээ уулзаад цааш явж Булган сумын хүрээний зурхайч лам ...- /...-д/-ад “гадаад Шинжаанд оргож очих тухайгаа ярьж, аврал гуйн очсон” байхдаа баривчлагдсан болно.

 

Түүний үйлдсэн “эх орноосоо урваж, дайсны талд шилжихийг оролдсон” гэх үйлдэл нь хэрэгт цугларсан баримт, сэлтээр нотлогдоогүй байх бөгөөд ...-ид /...-/ болон өөрийнх нь 7 удаагийн мэдүүлгээр батлагдсан гэх боловч энэ хэргийн талаар хөндлөнгийн хэн нэгэн өөр этгээд гэрчлээгүй, гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл ...- /...-/-гийн үйлдсэн гэх гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй, гэм буруутайг нотолсон нотлох баримт байхгүй атал улс төрийн хэрэгт холбогдуулан хорих ял оногдуулж хилсээр шийтгэсэн тухай прокурорын дүгнэлтийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэдэгт 1942 оны Эрүүгийн хуулийн 55-69, 137 дугаар зүйл ангиар шийтгүүлсэн хүмүүс хамаарна” хэмээн тодорхойлсон ба ...- /...-/-гийн шийтгүүлсэн дайсны талд урван шилжиж орох, хилийн чандад оргон зугтаах, эх орноос урвасан гэмт хэрэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг”-т хамаарч байна.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” үндэслэлд хамаарах тул ...- /...-/-д 1942 оны Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар 10 жил хорих ял оногдуулсан Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1951 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 54 дүгээр магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг тухайн зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож цагаатгах нь зүйтэй.

 

Харин ...- /...-/-г “хорих газраас оргосон” гэмт хэрэг нь  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй тул 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ял шийтгэсэн хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1951 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 54 дүгээр магадлалын тогтоох хэсгийн “...- /...-/-д 1942 оны Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар 10 жил хорих ял оногдуулсан” хэсгийг хүчингүй болгож, ...- /...-/-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

         ШҮҮГЧ                                               Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                       Б.БАТЦЭРЭН

 

                                                                       Ч.ХОСБАЯР

 

                                                                       Б.ЦОГТ