Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ХШТ/93

 

                                     Ч.Т-д холбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Н.Батзориг, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн шүүхийн 22 /1932/ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолтой, Ч.Төмөр-Өлзийд холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Чойсүрэнгийн Төмөр-Өлзий, Өвөрхангай аймгийн Ховд сумын 19 дүгээр дөчин, ард, эрэгтэй, 55 настай, ам бүл 9, эцэг, 2 хүү, 2 охин, эхнэр, төрлийн лам гавж Дорж нартай амьдарч байсан, эзэрхэгийн үед Ноён хутагтын шавийн тамгын зайсан тушаалыг 3 жил хиртэй хаасан, улаан ба цагааны цэрэгт яваагүй, баригдахын өмнө Арц уулын өврөөр мал адуулж байсан.

Ч.Т нь эзэрхэг засгийн үед хуучин ноён хутагтын шавийн зайсан ба тус шавийн тамгын түшмэлийн албыг тус бүр 3 жил хааж, ардыг банздаж шаахайдах зэргээр дарлан занчиж явсан, ...сүүлийн үед ард олны дунд Баязүрхийн эсэргүү бүлгэмд оролцсон ноён хутагт Содномцэрэн лам бол тийм хортой хэрэг гаргаагүй, баячууд хөрөнгөтний юмыг коммун, эвлэлд хурааж авах юм гэнэ, өлсгөлөн оросууд ирж алив юмыг барж иднэ, энэ жил албан татвар тун их ногдсон учраас хонь малаа хоршоонд өгөөд дууссан гэх зэргээр цуурхал тараасан гэх хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн шүүхийн 22 /1932/ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолоор феодал зайсан Ч.Т-г Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд зааснаар 5 жил хорьж, цээрлүүлье гэхийн гадна гэр бүлийн хүмүүст амьдарлага 20 хувийг үлдээж, бусдыг бүрэн хууль ёсоор албанаа хурааж шийтгэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Өвөрхангай аймгийн Шүүхийн 22 /1932/ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Ч.Т-г Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд зааснаар 5 жил хорьж, хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ч.Т бол эзэрхэг засгийн үед хуучин ноён хутагтын шавийн зайсан ба тус шавийн тамгын түшмэлийн албыг тус бүр 3 жил хааж, ардыг банздаж шаахайдах зэргээр дарлан занчиж явсан гэж ял шийтгэсэн боловч хавтаст хэрэгт энэ хэргийг үйлдсэнийг нотлох баримт байхгүй. Ч.Т нь Баязүрхийн эсэргүү бүлгэмд оролцсон ноён хутагт Содномцэрэн лам бол тийм хортой хэрэг гаргаагүй, баячууд хөрөнгөтний юмыг коммун эвлэлд хурааж авах юм гэнэ, өлсгөлөн оросууд ирж алив юмыг барж иднэ, энэ жил албан татвар тун их ногдсон учраас хонь малаа хоршоонд өгөөд дууссан гэх цуурхлыг хэзээ, хаана, хэн, хэнд хэрхэн ярьж тараасан, бичиг цаасаар ард олонд хэрхэн тараасан, уриалсныг шалгаж тогтоосон баримт хэрэгт байхгүй, энэ цуурхлаас болж тухайн нийгэм, төрд ямар хор, хохирол учирсныг шалгаж тогтоогоогүй.

Тус улсын Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд зааснаар Ч.Т-д хорих ял шийтгэсэн Өвөрхангай аймгийн Шүүхийн 22 /1932/ оны 2 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хэрэг таслан шийтгэсэн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгож, түүнийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1 /Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

2. Ч.Т нь эзэрхэг засгийн үед хуучин ноён хутагтын шавийн зайсан ба тус шавийн тамгын түшмэлийн албыг тус бүр 3 жил хааж, ардыг банздаж шаахайдах зэргээр дарлан занчиж явсан, ...сүүлийн үед ард олны дунд Баязүрхийн эсэргүү бүлгэмд оролцсон ноён хутагт Содномцэрэн лам бол тийм хортой хэрэг гаргаагүй, баячууд хөрөнгөтний юмыг коммун, эвлэлд хурааж авах юм гэнэ, өлсгөлөн оросууд ирж алив юмыг барж иднэ, энэ жил албан татвар тун их ногдсон учраас хонь малаа хоршоонд өгөөд дууссан гэх зэргээр цуурхал тараасан гэх хэрэгт холбогдож байжээ.

3. Өвөрхангай аймгийн шүүхийн 22 /1932/ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолоор феодал зайсан Ч.Т-г Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд зааснаар 5 жил хорьж, цээрлүүлье гэхийн гадна гэр бүлийн хүмүүст амьдарлага 20 хувийг үлдээж, бусдыг бүрэн хууль ёсоор албанаа хурааж шийтгэсэн байна.

Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолын С.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр бүхий холбогдогч нарыг цагаатган, хэргийг ЭБШ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалын холбогдогч нарын нэрсийн 46 дугаарт Өвөрхангай Ховд, 65 настай, Ч-ийн Тү гэж бичигджээ.

Улмаар Өвөрхангай аймгийн сум дундын 1-р шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/84 дүгээр шийдвэрээр хэлмэгдэгч Ч.Түмэн-Өлзийгийн нөхөх олговрыг ач дүү болох Л-ийн Д-д олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №03-05/2284 тоот 1929 оны хүн амын тооллогын лавлагаанд “Ч-ийн Тө өрхийн тэргүүн, 52 настай, эрэгтэй, Ч эцэг, 70 настай, Дэ авга ах, 62 настай, лам, Д ач дүү, 51 настай, Б үрчилсэн хүү, 17 настай, Н хүргэн, 32 настай, Б эхнэр, 51 настай, Ц охин, 24 настай”, мөн архивын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №03-05/2282 тоот 1933 оны хүн амын тооллогын лавлагаанд “Ч-ийн Тө өрхийн тэргүүн, 56 настай, Ж-ын Ч эцэг, 74 настай, Д-ийн Н хүргэн, 36 настай, Т-ийн Ц охин, 28 настай, С-ийн Н зээ, 7 настай” гэж тус тус тусгагдсан болно.

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч Н.Эрдэнэтөгсийн  2024 оны 04 дүгээр сарын 17, 18-ны өдрийн Баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэлүүдэд “...Онц бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор 704 хүний хэргийг авч хэлэлцсэний дэс дугаарын 9292-т Ч-ийн Тү-ийн овог, захиргаа, нас, хөрөнгө, эрхэлж байсан ажил болон хэргийн үндэс зэргээс 17515, Ц-7015 дугаартай мөрдөн байцаалтын хэргүүдэд байгаа Ч-ийн Тө мөн” болохыг тогтоосон байна.

5. Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж, Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалаар цагаатгагдсан Ч.Т нь Өвөрхангай аймгийн шүүхийн 22 /1932/ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолоор шийтгэгдсэн Ч.Т мөн болохыг прокуророос сайтар нягтлан шалгаагүй, өмнөх цагаатгасан шүүхийн шийдвэрийг зөвтгөхөд нөлөөлөхүйц нөхцөл байдалд хамаарах эсэхийг тодруулалгүй дүгнэлт бичсэн нь учир дутагдалтай болжээ.

Тодруулбал тухайн үед өөр нэр, тус тусдаа бие даасан байгууллагуудын шийдвэрээр ял шийтгүүлснээс үл хамаарч Ч.Тү, Ч.Тө нэг хүн мөн тохиолдолд Монгол Улсын дээд шүүхээс нэг хүнд холбогдох хэргүүдийг хоёр нэрээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах боломжгүй юм.   

6. Дээрх нөхцөл байдлуудыг прокурор хуульд заасан үндэслэл журмын дагуу нэг бүрчлэн шалгах шаардлагатай тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэлээр Ч.Тө / Ч.Тү /-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн шүүхийн 22 /1932/ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолтой, Ч.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах талаар прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                     Б.ЦОГТ

                   ШҮҮГЧИД                                           Б.БАТЦЭРЭН  

                                                                               Н.БАТЗОРИГ

                                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ