Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 130

 

Ж.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр хурлын тогтоолтой, Ж.З-д холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1937 оны байдлаар 27 настай, Өвөрмонголын Улаанцавын чуулганы Дунд гүний хошууны харьяат, ам бүл 7, хөрөнгө бод мал 90, мал маллаж амьдардаг, цэрэгт яваагүй, 1934 онд улс төрийн хэрэгт тусгай комиссоос 10 жил хорих ялаар шийтгүүлсэн, Ж-ын З- нь “Хувьсгалын эсэргүү байгууллагын Ц.Өд элсэгдсэн, уг байгууллагын идэвхтэй гүйцэтгэгч бөгөөд Г.Д, Ц.Ө нарын даалгавраар улсын эдийн засагт хорлон сүйтгэх ба тагнуул үйлдэх зэрэг хэргүүдийг биелүүлж байсан. Үүнд, Засан сайжруулах газрын харьяа оёдлын үйлдвэр, граж, улаан булан, халуун ус, барааны складууд, хорих тасаг зэрэг барилгуудыг галдан шатааж, устгах явдалд гадаадын харьяат тагнуулын хэрэгтэй С, Б, Г нарыг элсүүлэн удирдаж, уг ажлын яриа, зөвлөгөөнүүдийг хийж байсан бөгөөд С, Б нар нь барааны склад, хорих тасгуудыг, Г нь оёдлын газрыг тус тус галдан шатаах хуваарь даалгавартайгаар ажиллаж байсан. Ийнхүү галдан шатаах ажлаа гүйцэтгэсний дараа С, Б нарыг дагуулан хорих газраас оргож, гадаадад гарах ба энэ ажлаа мэдээлж, харилцаа барихаар төлөвлөн завдсан. Засан сайжруулах газраас оёдлын үйлдвэрүүдийн газрын оёдлын машин засварлах нэрээр эвдэж, нийт 10 гаруй машиныг эвдлэн хохироосон ба мөнхүү газрын ажлын бүтээлийг саатуулан хорлосон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 45 дугаар зүйлүүдэд зааснаар Ж.З-г буудан алах ялаар шийтгэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Ж.З-г Ц.Ө, Г.Д нарт элсэгдэн тэдний даалгавраар улсын эдийн засагт хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, тагнуул үйлдсэн гэж бусдын гүтгэлгээр улс төрийн зохиомол хэрэгт санаатайгаар холбогдуулан хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд, Ж.З-гийн мэдүүлэг, Ж.З-г хоригдол Д, Б, А, Ж, Д нартай нүүрэлдүүлэн байцаасан боловч тэрээр дээрх хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлээгүй, худал гүтгэж байна гэж няцааж, үгүйсгэсэн байна. Төв засан сайжруулахад байхдаа Ж.З-г эсэргүү бүлгэмдээ элсүүлж байсан гэх Ц.Өд холбогдох цагаатгалын 3043, Г.Дд холбогдох цагаатгалын 1549, оёдлын машин хамт эвдсэн гэх Дид холбогдох цагаатгалын 2262 дугаартай хэргүүдэд хийсэн үзлэгээр Ц.Ө, Г.Д нарын элсүүлсэн хүмүүсийн нэрс дотор Ж.З-гийн нэр байхгүй, Ж.З-г эсэргүү бүлгэмдээ элсүүлж авсан, даалгавар өгч байсан, хамт гэмт хэрэг үйлдсэн талаар болон Ж.З-гийн талаар нэр дурдсан ямар нэгэн баримт, мэдүүлэг илрээгүй. Хэрэгт Ж.З-г элсүүлсэн гэх Г.Д, Ц.Ө нарын талаар ямар ч нотлох баримт байхгүй, гэмт хэргийн санаа зорилго, үйлдэл, оролцоо хор уршиг нотлогдоогүй, гэм бурууг нь тогтоосон ямар ч нотлох баримтгүйгээр, гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад Ц.Ө, Г.Д нарт элсэгдэн, тэдний даалгавраар улсын эдийн засагт хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, тагнуул үйлдсэн гэж бусдын гүтгэлгээр хилсээр гэм буруутайд тооцож, буудан алах ял шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Ж.З-г эсэргүү бүлгэмд элсүүлсэн гэх Г.Д-ыг 1937 онд улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар магадлалаар цагаатгасан байна. Мөн Ж.З-г эсэргүү бүлгэмд элсүүлсэн гэх Ц.Өг 1937 онд улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаар магадлалаар цагаатгасан байна. Иймд Дотоод явдлын яамны Онц бүрэн эрхт комиссын 1937 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр хурлын тогтоолыг хүчингүй болгож, Ж.З-д холбогдох 2330-5 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, түүнийг цагаатгуулахаар бичсэн дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ж.З- нь хувьсгалын эсэргүү байгууллагын идэвхтэй гүйцэтгэгч бөгөөд Г.Д, Ц.Ө нарын даалгавраар засан сайжруулах газрын харьяа оёдлын үйлдвэр, граж, улаан булан, халуун ус, барааны складууд, хорих тасаг зэрэг барилгуудыг галдан шатааж, устгах явдалд гадаадын харьяат тагнуулын хэрэгтэй С, Б, Г нарыг элсүүлэн удирдаж, уг ажлын яриа, зөвлөгөөнүүдийг хийж, С, Б нар нь барааны склад, хорих тасгуудыг, Г нь оёдлын газрыг тус тус галдан шатаах даалгавартайгаар ажиллаж байсан, ийнхүү галдан шатаах ажлаа гүйцэтгэсний дараа С, Б нарыг дагуулан хорих газраас оргож гадаадад гарах, энэ ажлаа мэдээлж, харилцаа барихаар төлөвлөн завдсан, засан сайжруулах газраас оёдлын үйлдвэрүүдийн газрын оёдлын машин засварлах нэрээр нийт 10 гаруй машиныг эвдэж, уг газрын ажлын бүтээлийг саатуулан хорлосон гэх гэмт үйлдэл болон үйл баримтыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Шүүх цаазны бичгийн 43, 44, 45 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн санаа зорилго, үйлдэл оролцоо нотлогдоогүй, гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, буудан алах ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Ж.З-г эсэргүү бүлгэмдээ элсүүлсэн гэх Ц.Ө, Г.Д, оёдлын машин хамт эвдсэн гэх Л.Д нарт холбогдох хэргүүдэд хийсэн үзлэгээр элсүүлсэн хүмүүсийн нэрс дотор түүний нэр байхгүй болох нь тогтоогдсон, түүнчлэн Ж.З-г эсэргүү бүлгэмдээ элсүүлж авсан, даалгавар өгч байсан талаар ямар нэгэн баримт байхгүйн дээр Ж.З-д холбогдох хавтаст хэрэгт түүний гэм бурууг нотолсон ямар ч нотлох баримт авагдаагүй байхад ял шийтгэсэн нь улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

 

Мөн Ж.З-г эсэргүү бүлгэмдээ элсүүлсэн гэх Ц.Ө, Г.Д нарыг улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэж Дээд шүүхийн Цэргийн коллегиос цагаатгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иймд прокурорын “Ж.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах тухай” дүгнэлтийг хүлээн авч, Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр хурлын тогтоолыг хүчингүй болгож, Ж.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр хурлын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Ж.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

 

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

 

Д.ГАНЗОРИГ

 

Ч.ХОСБАЯР

 

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН