Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 106

 

Л.Сид холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1938 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 136 дугаар тогтоолтой, Л.С-д холбогдох 17311 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1938 оны байдлаар: 32 настай, эрэгтэй, ард, халх, ам бүл 8, хөрөнгө бод 140, гэр 1, гишүүн бус, ял шийтгэлгүй, Л овогтой С нь Шүүх цаазын бичгийн 49, 50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Шүүх таслах газрын 1938 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 136 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 49, 50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт 6 жил хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Л.Сийн улс төрийн гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруугийн санаа зорилго байгаа эсэхийг тогтоолгүйгээр, Монгол улсын тусгаар тогтнол ба хувьсгалт засгийн эсрэг, эсэргүү хэрэг үйлдсэн этгээдийг дарагдуулж, тусламж үзүүлэн оргуулан, албан газарт бага бус чирэгдэл учруулан дайсан этгээдийн идэвхтэй гүйцэтгэгч болж явсан гэх улс төрийн хэрэгт холбогдуулан Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйл /Хувьсгалд эсэргүүцэх гэмт хэргийг үйлдэхийг үнэхээр бэлтгэж буйг буюу үйлдсэнийг мэдсээр атал эс мэдээлсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэвэл зохино/, 50 дугаар зүйл /Энэхүү бүлэгт дурдсан гэмт хэргүүдийг үйлдэх явдалд тусалсан бол энэхүү бүлгийн зохих зүйлүүдэд заасан ялуудаар шийтгэвэл зохино/-д зааснаар 6 жил хорих ялаар улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 1. Л.Сийн үйлдэл нь зөвхөн өөрийн ах, гавж Дагданг хэрэгт баривчлуулахгүй, оргоход нь туслах гэсэн санаа зорилготой байснаас биш улс, төрийн эсрэг санаа зорилго агуулаагүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаас тодорхой байна. 2. Л.Сийн оргоход нь тусалсан гэх ах, гавж Дагдангийн үйлдсэн гэх хэргийг хянаад, Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 50 дугаартай магадлалаар Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар хурлын тогтоолоос “Өмнөговь аймгийн Луус сумын харьяат, 40 настай, гавж Ламжавын Дагдан нарын 26 хүнд холбогдох хэрэг” хилс болохыг тогтоож, хэрэгсэхгүй болгон цагаатган шийдвэрлэсэн байна. 3. Л.С нь өөрийн ах, гавж Дагдантай төр засгийн эсрэг санаа зорилготой яриа хийж байгаагүй болох нь түүний мэдүүлгээс тодорхой байна. 4. Л.Сийн үйлдсэн хэргийн санаа зорилго, хэргийн улмаас тухайн нийгэм, хувь хүнд ямар хор, хохирол учруулсныг шалгаж тогтоосон баримт хэрэгт байхгүй байхад түүнийг лам явсан учир тухайн үеийн засаг төрөөс шашин, лам нарын талаар явуулж байсан бодлогын золиос болгон улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна. Л.Сид Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1938 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 136 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 49, 50 дугаар зүйлээр 6 жил хорих ял оногдуулсныг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Луус сумын харьяат, Ламжав овогтой Сийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарнаI, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан бичсэн прокурорын дүгнэлтээ дэмжиж байна” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

2. Л.С нь Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1938 оны  11 дүгээр сарын 11-ний өдрийн 136 дугаар тогтоолоор “Энэ хэргийн лам Л.С нь манай эх орноос урван тэрсэлсэн туйлын хүнд хортой хэрэг өдүүлсэн харгис толгой гавж лам Дагдангийн биеийг нуун зайлах явдалд ам санаа нийлэн хуйвалдаж эд уналга, хувцас хүнс зэргийг залгуулан өгснөөс гадна 30 төгрөгийг гарын бэл болгон өгөх зэргээр тусламж үзүүлэн оргуулан, албан газарт бага бус чирэгдэл учруулсан зэрэг явдлууд нь манай хувьсгалт эх орон ба ард олноо эрх чөлөөт жаргалант байдлыг устгаж, гадаадын эзэрхэг түрэмгий улсын дарлалд оруулах гэсэн дайсан этгээдийн идэвхтэй гүйцэтгэгч болж явсан нь үнэнтэй үзэшгүй этгээд болох тул хууль ёсоор ял тогтооход, Өмнөговь аймгийн Луус сумын харьяат, Ламжав овогтой лам Сийг Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 49, 50 дугаар зүйлээр 6 жил хорих ял” оногдуулан шийдвэрлэжээ.

3. Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд лам Л.С-ийг “... эх орноос урван тэрсэлсэн туйлын хүнд хортой хэрэг өдүүлсэн харгис толгой гавж, лам Дагдангийн биеийг нуун зайлах явдалд ам санаа нийлэн хуйвалдсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа түүний санаа зорилгыг шалгаж тогтоогоогүй; Л.С нь өөрийн ах Дагдантай төр засгийн эсрэг санаа зорилготой яриа хийж байгаагүй болох нь түүний мэдүүлгээр нотлогдсон; мөн Л.Сийг оргоход нь тусалсан хэмээн буруутгасан гавж Дагдангийн хэргийг Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн  1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 50 дугаартай магадлалаар “гавж Ламжавын Дагдан нарын 26 хүнд холбогдох” хэрэг хилс болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн; Л.Сийн үйлдсэн хэргийн улмаас тухайн нийгэм, хувь хүнд ямар хор, хохирол учруулсныг шалгаж тогтоосон баримт хэрэгт байхгүй, түүнийг лам байсных нь төлөө тухайн үеийн засаг төрөөс шашин, лам нарын талаар явуулж байсан бодлогын золиос болгон улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр шийтгэсэн  болох нь тогтоогдож байна.

4. Энэхүү нөхцөл байдал нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг”, “улс төрийн хэлмэгдүүлэлт”, мөн дээрх хилс хэрэгт гэм буруутайд тооцсон Шүүх цаазын бичгийн 49, 50 дугаар зүйл нь Монгол Улсын  Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд тус тус хамаарч байгаа болно.

5. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн ...” гэх үндэслэлээр Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 49, 50 дугаар зүйлээр 6 жил хорих ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэж шийдвэрлэснийг хүчингүй болгож, Л.Сийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1938 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 136 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Л.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                     

                                                                                             Б.ЦОГТ

 

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН