Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 00287

 

             Монгол улсын нэрийн өмнөөс:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, Депо-4 айлын 1 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй Боржигон овогт Баярхүүгийн М /РД:МЭ86112968, утас:99995619/-оос гаргасан

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум 1 дүгээр, 50 дугаар байр 30 тоотод оршин суух,1986 онд төрсөн, эрэгтэй, Өөлд овогт Төмөрбаатарын Э /РД:МЗ86111071, утас:96612277/-д гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, орон байр, сургалтын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, хариуцагч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар сургуульд нэг ангид хамт сурдаг байсан. Тэгээд 5 дугаар ангиасаа эхлэн 10 төгстлөө үерхсэн. 2004 онд сургуулиа төгсөөд хотод их сургуульд ороод 2006 онд би 2 дугаар курст байхдаа анхны охин Марал-Эрдэнийг төрүүлсэн. Анхны хүүхдээ гаргачихаад 6,7 сар хүртэл нь Т.Э ирдэггүй байсан. Тухайн үед бид хоёр тусдаа амьдардаг байсан. Тэр үед Т.Э Зүүнхараад, би ээж дээрээ байдаг байсан. Тэгээд анхны охиноо төрүүлчихээд тэр жилийнхээ 12 дугаар сард нь гэр бүлээ батлуулсан. Түүнээс хойш амьдарч байгаад 2008 оноос эхлэн Т.Э Замын-Үүдэд туслах машинистаар ажиллах болоод 2010 онд Замын-Үүд рүү явсан. Үүнээс өмнө 2009 онд дунд охин Э.Гэгээнийг төрүүлсэн. Энэ хугацаанд нэг гэрт орсон зүйл байхгүй. Аав ээж дээрээ л байдаг байсан. 2010 онд Замын-Үүд рүү амьдрахаар шийдээд би Зүүнхараагийн хаягаа Замын-Үүд рүү шилжүүлээд тэндээ 2,3 жил амьдарсан. 2009 онд дунд охиноо гаргахаас өмнө 2008 онд Т.Э уушгаар өвдчихсөн гэртээ ээж аав дээрээ амьдардаг байсан. Тэр үедээ найзынхаа эхнэртэй нэг гэрт орохоор болчихсон. Нөгөөх нь жирэмсэн болчихсон байсан. Нөхөр нь хүртэл надруу яриад чи нөхрөө ав, би эхнэрээ авъя гэж хүртэл ярьж байсан. Тухайн үед том маань 2 ой гарантай байхад салж болох байсан ч охиноо бодоод өнгөрсөн. Дунд охиныг төрсөний дараа удаагүй байхад нөгөө хүүхэн нь төрөөд төрөлтийн улмаас нас барсаныг дараа нь мэдсэн. 2010 онд Замын-Үүдэд очиж амьдраад эхний нэг жил хоёулаа ажил төрөл хийгээд нэлээд зүтгэсэн. Т.Э ч гайгүй боломжийн цалинтай, би ч буудалд ажилладаг байсан. Гэхдээ л Т.Э ер нь байсхийгээд л архи уугаад 7-10 хоногоор алга болчихдог байсан. Ирэхээр нь би толгойг нь илээд өнгөрөхгүй, муудалцдаг байсан. 2011 онд Т.Э цалингийн зээлээр машин аваад бүр гэртээ ирэхээ байсан. Ажил төрлөө ч хийхээ больсон. Удаа дараа ажлаас нь сануулга ирдэг болсон. Дарга нь хүртэл надруу ярина. Архи дарс уугаад, хүүхэн шуухан эргүүлдэг асуудал нь 2011 онд дахиад л гарч эхэлсэн. 2012 оны 7 дугаар сард нэг хүүхэн надруу яриад би 1992 онд төрсөн эмэгтэй чамаас залуухан юм байна гэж хүртэл ярьдаг байсан. Тэр үедээ бид муудалцаад зодоон нүдээн болсон. Тэгээд хотруу орж ирээд би гэрээрээ хальт орж ээжийнхээ мэндийг мэдчихээд эргээд буцаж Замын-Үүд рүү явж байхдаа Т.Э бетонон шон мөргөж осол гаргасан. Тэр ослоор том охиноо хотод үлдээгээд дунд охиноо авч явсан байсан.Ингээд ослоос үүдэн би аарцгандаа хүнд гэмтэл авсан. Т.Э ч жолоочийн хариуцлага алдсан гээд нэг жилийн тэнсэн авсан. Түүнээс хойш 6-7 сар би хэвтрийн дэглэмтэй байсан. Замын-Үүд дээ эргэж очоод дэлгүүр ажиллуулсан. Төд удалгүй дэлгүүрээ томсгох боломж олдоод дэлгүүрээ нэлээд томсгоод нэлээд ашиг орлоготой байсан. Дэлгүүрийн эзэдтэй Т.Э л танил байсан. 2012 оноос анх дэлгүүрээ ажиллуулсан. Дэлгүүр ажиллуулж байх хугацаандаа Т.Э ажлаасаа гарсан. Тэгээд бид 2 дэлгүүрээ ажиллуулаад 2013 онд дэлгүүрээ томсгоод эргэлтийн хөрөнгө ч сайжирсан. 2014 оноос дэлгүүртэй холбоотой өр ширний асуудал гарч эхэлсэн. Тухайн үед бид 2 орон байр, машин тэрэгтэй болъё гээд зүтгэсэн. Сүүлд нь юу юу ч үгүй болсон. 2014 оны 7 дугаар сард шүүх хуралд орчихоод ялагдаад давж заалдая гэсэн. Тэгээд өмгөөлөгчтэйгээ ороод ярилцъя гэхэд Т.Э хүний машинтай яваад буцаад ирье гээд тэр чигтээ алга болсон. Эргэж ирээгүй. Би 3 сартай жирэмсэн үлдсэн. Хааяа нэг дугаараа нууцлаад залгадаг байсан. Сүүлдээ бүр холбоо тасарсан. Хамгийн сүүлд намайг төрөхөөс 7 хоногийн өмнө одоо хамт амьдарч байгаа хүүхэн нь надруу залгаад би очиж уулзсан. Намайг төрсөний дараа ч нөгөө хүүхэн нь над руу залгасан. Мессеж нь хүртэл одоо байгаа. Одоо гэр бүлээ цуцлуулъя. Ер нь хамт амьдарч байхдаа 2 охиндоо анхаарал халамж тавьдаггүй л дээ. 3 жил бараг өнгөрсөн байна. Хүүхдээ машинд мөргүүлчихээд байхад хүртэл  холбоо бариагүй. Хүүхдээ нэгдүгээр ангид ороход ч холбоо бариагүй. Бага хүүхдээ төрөхөд ч холбоо бариагүй. Би энэ хүний юунд нь итгэж хүүхдүүдээ өгөх вэ. Өнөөдөр нийгэмд хойд аав, ээж нь хүүхдээ яаж байгаа билээ. Би хүүхдээ өгч чадахгүй. Би Т.Эгээс тэтгэмж авна. Бага охин маань гэрээр харах үйлчилгээнд хамрагдаад явж байна. Түүний мөнгийг авмаар байна. 2 охин маань өдөр өнжүүлэхэд явмаар байна. Энэ мөнгийг ч гаргуулмаар байна. Өнөөдөр миний ээж байхгүй бол би 3 охинтойгоо гудамжинд гарчихсан байгаа. Өнөөдөр Т.Э 6 ам бүлтэй гэж байна. Яах гэж ингэж худлаа ярьдаг юм бэ. Чи Замын-Үүдэд орон сууцанд амьдардаг. 3 охин чинь гудамжинд гарах гэж байхад чи энд инээгээд сууж байгаа чинь ямар учиртай юм бэ. Хүүхэдтэй болсоноо нуусан, эхнэртэй болсоноо нуусан. Өөрийнх нь ээж, төрсөн дүү нь удаа дараа хэлээд байхад үгүйсгээд байгаа нь сонин л санагдаж байна.

 

Ажил хийх нөхцөл байдлыг нь хангаад өгвөл хүүхдийн мөнгө өгнө гэнэ. Намайг төрчихөөд байж байтал Замын-Үүдийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байцаагч надтай ирж уулзаад тохиролцоод явсан. Байрны асуудал нэлээдгүй маргаантай байсан. Үүн дээр Т.Эг би түрүүлж гарын үсэг зурчихлаа гэж буруутгаж байгаа юм.  Тэр үед Т.Э ямар ч холбоогүй байж байгаад энэ ажлыг дуусгавар болгосон байсан. Хоёр ченжээс намайг мөнгө авчихлаа гэж байна. Бид хамтдаа ажлаа хийж, гэр бүлийнхээ төлөө зүтгэсэн. Т.Э өөрийн хариуцлагагүй байдлаасаа болоод бүхэл бүтэн жилийн хугацаанд зугтаж явсан. Миний байгаа байдал үнэн юм чинь. Тогоо шиг том гэдэстэй, 2 хүүхэдтэй юм чинь яах юм бэ,намайг өчнөөн дарамталсан. Хоёр сарын өмнө надтай холбогдсон. Та хоёрын нөхцөл байдлыг ойлголоо. Анх мөнгө 3.5 юаныг би өдрийн нэг хувиар зээлж авсан. Би Т.Эд хэлсэн. Надтай холбоо бариад 1.000.000 төгрөг төлсөн. Би энийг нь өөрөөр нь хүлээлгээд өгөх боломжгүй гэсэн. Би 3 хүүхдээ аваад явж байна. Т.Э ганцаараа байгаа гэсэн. Би ганцааранг нь төл гээгүй. Тэгж хэлээд утсаа салгаад алга болсон. Ингэж явж байтал болох байлгүй гээд л байгаа. Б.М өөрийгөө өмөөрөөд сайн хүн явж болж байгаа юм биш. Гар хөлийн үсэг зуралцсан зүйл байхгүй. Би танд бүтэн 8.000.000 өгч чадахгүй гэсэн. Чи надад 5.000.000 төгрөг өгвөл салъя гэсэн. Т.Эг нэг жилийн хугацаанд зугтааж алга болоход Хаан банкны тусгай хэлтсийн хүн надтай ирж уулзан гарын үсэг зуруулсан. Өнөөдөр энэ хүн 30 хүрчихээд ямар ч хариуцлагагүй. Асуудалд хандахдаа ч тэр. Байрыг нүүлгэхэд би жирэмсэн,одоо суучихсан байгаа хүүхнийд нь аваачиж байсан. Дараа нь тэр байрыг нүүлгэхэд Т.Э өөрөө нүүлгэсэн. Миний иргэний үнэмлэх, бас бус бичиг баримт байхгүй. Надаас диплом нэхэх биш. Өөрөө нүүлгэсэн хүмүүсээс асуух ёстой. Одоо ямар ч харъяалал байхгүй. Харъяалалгүй байдал чинь 3 хүүхдэд чинь яаж нөлөөлөх вэ. Бод доо. Намайг ёс бус зантай гэж байна. Зүв зүгээр байхад би муухай аашлана гэж байхгүй ш дээ. Хүний зан аашийг хүн л эвддэг. Т.Эг угаасаа л ямар ч хариуцлагагүй, буруугаа хүлээдэггүйг гэрийнхэн нь мэднэ. Миний үндсэн цалин  550.000 төгрөг, бичлэгийн шагнал 100.000-120.000 төгрөг. Гар дээрээ цалин 450.000 төгрөг л авдаг. Тэгээд л байрны мөнгө төгрөг төлөөд л дуусдаг. Саяханыг болтол ээж маань ажил хийгээд надад нэмэр болдог байсан боловч саяханаас бие нь өвдөөд ажлаасаа гарсан. Одоо Замын-Үүдийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээр 11.000.000 төгрөгийн өрнөөс эд хөрөнгөө хураалгаад 5.000.000 төгрөг  нийт өр 9.000.000 төгрөг дээрээс нь  би олон сая төгрөгний өр төлж байгаа. Бага хүүхэд маань 2 нас хүрээгүй учраас төлөхгүй байгаа. 2 нас хүрэхээр нь ажилдаа ороод төлье гэсэн. Ээж ааваасаа аваад амьдарсан л гэж байна. Гэр бүлээ бусниулсан л гэж байна. Энэ бол цэвэр Т.Эгийн л хариуцлага. Хүнд зодуулах шахсаныг ээжээс нь сонссон. Ямар ч гэрээгүй мөнгө зээлсэн. Хүн амьдрахын тулд ямар нэгэн гарц хайна. Би зээлдэгч нартай бүгдтэй нь нүүр тулсан. Бага охиноо би өөрөө авъя гэсэн. Хоёр хүүхдээ авах боломж байна уу гэхэд Т.Э тэгье гэсэн, гэтэл ээж нь яриад харж чадахгүй гэсэн, би их удаан биш, 2-3 жилийн хугацаанд хараад өгөөч гэсэн. Ер нь ээж нь харах ёстой юмуу, дүү нь харах ёстой юмуу. Т.Э харах ёстой юмуу. Энэ амьдралаас хохироод үлдэж байгаа нь би. Хүүхэд гаргахгүй хүнтэй хэн суух вэ. Чи өөр дээрээ бод. Хоёр том болсон охиныг нь өгөх саналтай байсан боломж нь таарвал орон байртай болоод ирье гэсэн.Ийм хүмүүс дээр хүүхдээ өгөөд яах юм бэ. Байнга л Замын-Үүдийн хаягийг би мэдэхгүй. Мэдээж би л өгнө ш дээ. Би өөрийнхөө эрх ашгийг бодсон ч тэр. Би ажил хийхгүй бол энэ 3 хүүхдийг хэн тэжээх вэ. Надад бол ганцхан ээж л байна. Хаанаас нь хэн ч харсан Т.Э л боломжтой. Хүнд тохиролцоод өрөө дуусгая гэж байхад ямар ч боломжгүй гэдэг нь тэнэг байхгүй юу. Би санал тавьсан. Дүүтэй нь долоо хоногт 2-3 удаа утсаар ярьж байсан. Суусан хүүхэн нь ч гэсэн өрийг нь төлнө гэж байсан. Одоо манай хүүхэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуульд сурч байгаа. Бага нь хувийн цэцэрлэгт явж байгаа. Хүүхдийн сургууль, цэцэрлэгийн төлбөр, сурч байгаа нь үнэн гэсэн нотлох баримтаа би авчирсангүй л дээ.Одоо бол үзүүлэх юм алга. Одоо шүүх хурлыг би хойшлуулахгүй өнөөдрөөр дуусгамаар байна.

Би сая шүүх хуралдаан түр завсарлах хугацаанд нотлох баримтаа авъя гэсэн цагт амжсангүй.Нэхэмжлэлийн шаардлагын дагуу л тохиролцлоо. Гэрлэлтээ цуцлуулъя. Гурван охиноо би авна. Хүүхдүүддээ нэг бүрт нь тэтгэлэг гаргая гэсэн.Эд хөрөнгийн асуудлаа тусад нь шийднэ гэж тохиролцлоо гэв.

Хариуцагч Т.Э шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид анх арван жилээсээ найзласан. Би 2004 онд төмөр замын дээд сургуульд ороод 2006 онд эхний хүүхэд төрсөн. Тэгэхэд би оюутан байсан. Би уулзчихаад Замын-Үүд рүү явсан. Зундаа би барилга дээр ажилладаг байсан. 2008 онд эмнэлгээс гараад нэг жилийн чөлөө аваад гэртээ байсан. Тэр хугацаандаа хүн амьтантай уулзаад намайг ирж хүүхдээ ав гэсэн. Би үүрээр хотод очиход очих айл байхгүй арай гэж гэрт нь очсон. Тэгээд очтол Б.М шөнөжин ажлынхантайгаа яваад ирсэн бололтой байсан. Би утсыг нь үзэхэд баахан мессеж байсан. Би тэр хүнийг ч мэднэ л дээ. Сүүлд нь өөрөө үнэнээ хүлээсэн л дээ. Би тэр үед Б.Мынд хэд хоносон. Тэгэхэд ээж нь Б.Мыг хогийн ядуу хүнтэй суулаа гэдэг байсан. Тэгээд би салъя гээд Зүүнхараад ирээд өөр хүнтэй болсон. Энэ тухайгаа би утсаар хэлсэн. Салъя, мөнгөтэй хүнтэйгээ сайхан амьдраарай гэж хэлсэн. Би ээж дээ хүртэл хэлсэн. Дахиж амьдрахгүй гэдгээ. Б.М тэр үед ажлаасаа гараад Зүүнхараад ирсэн. Тэгээд би жирэмсэн болсон гэсэн. Тэгээд 4 сараас нь буцаад нийлсэн. Тэгэхэд би бас л оюутан байсан. 2010 онд төгсөөд би Замын-Үүдэд ажиллахаар явсан. 2011 оны 1 дүгээр сард би машин аваад олон хоног гадуур явсан зүйл огт байхгүй. Учир нь 2 дугаар сард би осол гаргасан. Нэг удаа ажлынхантайгаа уучихаад өглөө нь очихоор нь манай ажлын хүн танай эхнэр ажил дээр ирээд баахан юм боллоо гэсэн. Би тэгээд муудсан. Би муудхаараа огт дуугараагүй. Энэ өөрөө л хамаг юмаа авч шидэлцээд байсан. Замдаа сүүлдээ гуйгаад хотод очихгүй. Би тэгж амьдрахгүй гэсэн. Сүүлдээ би өрөвдөөд яг эвлэрээгүй ч гэсэн буцаж явсан. Айраг дээр жаахан унтаж байгаад буцаад явахдаа осол гаргасан. Тэр үед цагдаа ирчихсэн байсан. Тэгээд бараг жил гаран цагдаа дээр дуудагдсан. Жилийн тэнсэн аваад салсан. Замын-Үүдэд Б.М хэвтэрт шохойтой байдаг байсан. Дараа жил нь 6 дугаар сараас би ээлжийн амралтаа аваад Зүүнхараа руу Б.Мтай цуг л явсан. Дандаа л хамт явдаг байсан. Гэтэл одоо ганцаараа явдаг гээд л байна. Дэлгүүрээ томсгоод , хашаа байшин авна гээд 4.000.000 төгрөг өгсөн байсан. Бас машин авсан байснаа Банк бус санхүүгийн байгууллагат хураалгасан. Тэр хооронд нь ээж аавын тэтгэвэрийг аваад, байраа бас барьцаалсан. Хамаг юмаа хураагдаад л дууссан даа. Эндээс эхлүүлээд асуудал үүссэн. Сүүлдээ Замын-Үүд дээр алхах ч газаргүй болсон . 7 дугаар сард шүүх хурлаар орчихоод бодсон л доо. Би хэсэг чимээгүй болчихъё гэсэн. Нөгөө хүмүүс нь над руу л дайрдаг байсан. Би тэнд ажилтай юм чинь. Сүүлдээ бүр ажилдаа ч явах аргагүй болсон. Нөгөө хүмүүс нь ажил дээр хүртэл ирдэг байсан. Сүүлдээ арга ядаад ажлаасаа гарсан. Хотод ирээд найзынхаа ажилд нь туслаад байж байсан. Намайг байхгүй болохоор эрэн сурвалжилсан байсан. Би хотод байхад одоо Б.Мын яриад байгаа тэр хүүхэн рүү яриад тусламж гуйж байсан. Б.М бол Замын-Үүдээс гарсанаас хойш нэг ч төгрөг төлөөгүй. Сайн хүний дүр эсгээд л намайг хаяад явчихсан л гэж ярина. Тэгээд би аав ээж дээрээ байтал нэг хүн ирээд барьж авч зодчих гээд байхаар нь хэд хоногийн дараа мөнгийг нь өгье гэсэн. Тэр байрыг өгөхгүй байх ямар ч боломж байхгүй. Байраа давсан өрөнд унасан байсан. Одоо болохоор миний зөвшөөрөлгүй байр хураалгасан гэдэг. Сүүлийн 4,5 дугаар сар мөнгө төгрөг өгөөгүй. Б.Мын өөрийнх нь мөнгө авсан 2 ченж намайг хайгаад л ална тална гээд байгаа. Би тэндээ нэг хүнтэй болоод одоо 5 сартай нэг хүүхэдтэй болсон. Гэхдээ очиж амьдарч ч чадахгүй байгаа. Б.М бол яг амьдрахад хэцүү л дээ. Зан нь их дээрэнгүй. Би муудалцхаараа чимээгүй болчихдог. Маргааш өглөө ажилтай гээд байхад тоохгүй, өшиглөөд л хашгираад л байдаг. Түүнээс надад хүнийг дээрэлхээд байх зан байхгүй. Би чинь Замын-Үүдэд 30.000.000-40.000.000 төгрөгийн өртэй байгаа. Бүгд ээжийг таньдаг. Ээжийг дээрэлхээд л барилга дээр нь ирээд материал нэхэж авдаг л юм билээ.Б.М миний дипломыг авч явчихаад би ажилд орж чадахгүй байна.Сургалтын төлбөр, орон байраар хангуулах зэрэг эдгээр мөнгийг өнөөдрийн хувьд өгөх боломж байхгүй л дээ.Шүүх хуралдаан дээр нотлох баримтаа авчраагүй нь хамаагүй. Одоогоор би ажилгүй учраас ямар ч орлого байхгүй.Ээж дүүгээсээ л мөнгө авдаг.Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн тухайд төрсөн эх Б.Мд үлдээх болон, хүүхдийн тэтгэмж өгөхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн хувьд тохиролцоод болсон гэв.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Т.Эгээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, орон байр, сургалтын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Т.Э нар нь дунд сургуулиасаа эхлэн үерхэж хамтран амьдарч байгаад 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж гэрлэлтээ батлуулсан байна. Гэрлэгсэдийн дундаас 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Өөлд овогт Эгийн Марал-Эрдэнэ, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Өөлд овогт Эгийн Гэгээн, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Өөлд овогт Эгийн Номун-Эрдэнэ нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 Гэрлэгсэд нь амьдрах хугацаанд 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч өөр эмэгтэйтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон ба шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж цаашид хамтдаа амьдрах боломжгүй болсон,  гэрлэлтийг үргэлжлүүлэх боломжгүй нь тэдний шүүх хуралдаан дээрх  тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг эхийн халамж, ахуй нөхцөл бололцоо, ёс зүйн байдал, хүүхдийн санал буюу зохигчдын тохиролцсон  байдал зэргийг харгалзан 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Өөлд овогт Эгийн Марал-Эрдэнэ, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Өөлд овогт Эгийн Гэгээн, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Өөлд овогт Эгийн Номун-Эрдэнэ нарыг төрсөн эх Б.Мын  асрамжинд үлдээж, хариуцагч Т.Энээс хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчийн орон байраар хангуулах, хичээлээс гадуурх сонгон дугуйлангийн төлбөр, бага охин Номун-Эрдэнийн цэцэрлэгийн зардлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь түүнийг нотолсон  нотлох баримт хэрэгт болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул нэхэмжлэлд дурдсан эдгээр шаардлагыг хангах боломжгүй, үндэслэлгүй байна гэж үзлээ.Иймд нотлох баримтаа бүрдүүлэн хариуцагчаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид эд хөрөнгийн талаар  маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эгээс улсын тэмдэгтийн хураамжинд  70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мад  олгох нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн гэрлэгсэд гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй байна

 

     Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  115  дугаар  зүйлийн      115.2.2,  116,  118,  132 дугаар  зүйлийн  132.6-д     заасныг    удирдлага  болгон

                                                     

Тогтоох нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Өөлд овогт Төмөрбаатарын Э, Боржигон овогт Баярхүүгийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс орон байраар хангуулах, хичээлээс гадуурх сонгон дугуйлангийн төлбөр, бага охин Э.Номун-Эрдэнийн цэцэрлэгийн зардлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Өөлд овогт Эгийн Марал-Эрдэнэ, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Өөлд овогт Эгийн Гэгээн, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Өөлд овогт Эгийн Номун-Эрдэнэ нарыг төрсөн эх Б.Мын асрамжинд үлдээсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Өөлд овогт Эгийн Марал-Эрдэнэ, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Өөлд овогт Эгийн Гэгээн, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Өөлд овогт Эгийн Номун-Эрдэнэ  нарыг 11 нас хүртэл  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн эцэг Өөлд овогт Төмөрбаатарын Эгээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.            

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Б.Мад  олгосугай.   

       

6.Зохигчид эд хөрөнгийн хувьд маргаангүй гэснийг дурьдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн нэг хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгуулагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нямсүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

             9.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заадлах шатны шүүхэд гомдол  гаргах эрхтэй.

 

 

 

 

                        

ДАРГАЛАГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ